Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нутгийн өөрөө удирдах ёс гэж юу вэ?

2014-09-02

Хүн төрөлхтний хувьд нутгийн өөрөө удирдах ёс нь он удаан жилийн түүхтэй юм. Нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндсүүд нь XIX зуунд анх Европын улс орнууд болон Америкт тавигджээ. Нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндсийг тавихад Д.Морган, А.Токвиль, Л.Штейн, Р.Гнейст нарын эрдэмтэд чухал үүргийг гүйцэтгэж байв. Эрдэмтэн А.Токвиль өөрийн бүтээлдээ “Засаглалын анхдагч үндэс нь төр улс, тэр ч байтугай ард түмэн биш, харин өөрсдийн хувийн хэргийг өөрсдөө зохицуулж, сайн дурын үндсэн дээр нэгдсэн бие хүмүүс мөн” хэмээн тэмдэглэсэн байна. XIX зууны эхинй хагаст эрх чөлөөт хүй элгэний /нутаг усныхны/ тухай онол илүү нөлөөтэй байлаа. Уг үзлийг баримтлагчид нь “ нутаг усныхны өөрийн ажил хэрэг, ахуй амьдралаа эрхлэх нь хүний эрх чөлөөний нэгэн адил зүй ёсны ангижруулшгүй шинжийг агуулж байдаг ба хүй элгэний удирдлага нь

  • төрийг удирдахаас ялгаатай
  • төрөөс бус дотроосоо бий болох
  • хуулийн хүрээнд ажиллах ба гагцхүү хуулиар төрөөс тусгаарлагдана”  хэмээн үзэж байв.

Суурин соёл иргэншилтэй орнуудын хувьд өөрөө удирдах ёсны эрх олж авах үзэгдэл анх хот суурин газруудад эхэлж бий болсон байдаг. Манай орны хувьд нутгийн өөрөө удирдах ёсны зарчим анх албан ёсоор хуульчлагдсан хэлбэрээр бус ч гэсэн зан заншлын хэлбэрээр эрт үеэс хөдөө орон нутагт үйлчилж байсан гэж үзэх үндэстэй. Энэ нь эхэн үедээ цусан болон ураг төрлийн харилцаанд цаашдаа шашин, зан заншил, орон нутгийн аж ахуй эрхлэх буюу хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо барих, худаг ус гаргах зэргээр соёл, уламжлал, аж ахуйн нилээд өргөн нийтлэгт тулгуурласан нэгэн нутаг усны хүмүүс хамтын зохион байгуулалтад орж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, өөрсдийн хүчээр үйл хэргээ явуулах зайлшгүй шаардлагаар нөхцөлдөж байсан. Энэ мэтээр хүмүүс нийгмийн хөгжлийн эхэн үед байгалиас заяасан жам ёсны амьдралаараа овог аймгаараа амьдарч тэдний хоорондын харилцаа нь овгийн хүрээнд тогтсон жаяг, журам, зан заншлын хэм хэмжээгээр зохицуулагдаж байснаа яваандаа нийгмийн амьдрал нарийсч “ хэлэлцээрийн төр” үүсч тэр нь иргэдийг төрийн харьяалалд оруулж, албадан сахивал зохих хууль эрх зүйн хэм хэмжээг бий болгосон. Ингэж хүмүүс байгалийн жам ёсны байдлаас иргэний нийгэмд шилжиж эхэлсэн байна.

Нутгийн өөрийн удирдлага гэдэг нь өөрийн удирдлага, нутаг дэвсгэр бүхий коммунаас/хүй элгэн/ өөрийн хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирдлагыг хэрэгжүүлэх бодит эрх, чадвар юм.

Нутгийн өөрийн удирдлага нь тодорхой засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүн амын эрх, ашиг сонирхол, ажил хэргийг хамаарах ба энэ нь үндэсний засаглалын түвшин дэх улсын иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг хангах үйл ажиллагаатай тэр бүр нийцэх албагүй байдаг. Орон нутаг бүр өөр өөрийн нийгэм, эдийн засгийн онцлог орчин нөхцөл, давуу сул талуудтай байхаас гадна тэнд амьдарч буй хүмүүсийн үнэлэмж, төрийн үйлчилгээ хүртэх хэрэгцээ, шаардлага, үйлчилгээг тэдэнд хүргэх арга замууд нь ялгаатай буюу улсын нөгөө хэсэгт амьдарч буй хүмүүсийнхтэй яв цав тохирдоггүй. Энэхүү ялгаатай нөхцөлд ард иргэдэд үйлчилгээг ойр дөхөм байлгах, оновчтой хүргэх, ардчилсан зарчмаар засаглах, иргэдийн ашиг сонирхлын дагуу улс төрийн шийдвэрийг гаргаж байх зэрэгт нутгийн өөрийн удирдлага нь онцгой үүргийг гүйцэтгэдэг.

Эх үүсвэр: “Монгол улсад нутгийн өөрийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь” МУ-ын Засгийн Газар/МНУХ 2003

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%