“Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Монфемнет үндэсний сүлжээ төрийн бус байгууллага, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж байгаа “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн сургалт өнөөдөр /2018.06.06-ны өдөр/ Даланзадгад суманд эхэлж байна.
“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтын гол зорилго нь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж байгаа эмэгтэй төлөөлөгчдөд хамтын манлайллын болон шийдвэр гаргахад нөлөөллийн ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Тус зорилгын хүрээнд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн хамтын манлайлал, нийгмийн бүтцийн зураглал, шийдвэр гаргагчид нөлөөлөх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба төлөөлөл, иргэдийн оролцооны шинэ хууль тогтоомжийг хэрэглэн манлайллаа бэхжүүлэх боломж сэдвүүдээр хичээл, сургалт орно.
Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал дээшилснээр нутгийн өөрөө удирдах ёс бодит утгаараа хэрэгжих, орон нутгийн хөгжлийн бодлого тэнцвэртэй, жендэрийн мэдрэмжтэй болох, иргэдийн тэгш оролцоог хангах ач холбогдолтой юм.
Энэхүү сургалт нь 2018 оны 6 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд үргэлжлэх ба Өмнөговь аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 104 эмэгтэй Төлөөлөгчид, 14 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар хамрагдаж байна.