Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Д.ЦЭРЭНДАВАА: ДАРХАНЫ СОЁЛЫН ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДЭХ ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН

2018-06-08

Х.СОЁЛ-ЭРДЭНЭ 
Дархан-Уул аймгийн Төв номын сангийн захирал Д.Цэрэндаваатай ярилцлаа.

- Манай аймгийн номын сан “Ганжуур, Данжуур” их хөлгөн судрыг аймагтаа бүрмөсөн залж ирсэн сайхан үйл явдал боллоо.

- Харин тийм ээ, энэ бол номын сангийн түүхэнд төдийгүй Дархан-Уул аймгийн Соёл Боловсролын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал болсон шүү.

- Ямар шугамаар үүнийг та Дархандаа авчирсан бэ?

- Энэ их санамсаргүй зүйл болсон. Ноднингийн 4 дүгээр сарын эхний “Өдрийн сонин” дээр “Ганжуур, Данжуур” их хөлгөн судрыг БНХАУ-аас Монголд суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хаймингийн санаачилгаар Өвөрмонголд Монгол хэл дээр бүрэн эхээр нь хэвлэн Монгол Улсын Их Сургуулийн номын санд бэлэглэлээ гэсэн мэдээ гарсан юм. Энэхүү ховор ном судрыг Монгол улсын 2 дахь нийслэл болсон Дархан-Уул аймгийнхаа Төв номын санд хандивлуулах талаар БНХАУ-ын элчин сайдын яаманд хүсэлт явуулъя гэж хамт олонтойгоо ярилцаад Аймаг орон нутгийнхаа онцлог, ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудын оюутан сурагчид, эрдэмтэн багш нарын тоо, хүн ам зүйн байршил, номын сангийнхаа түүх, хүчин чадал зэргийг дурдсан хүсэлтээ албан тоотоор илгээсэн юм. Ингээд бараг жил болсны дараа энэ оны 4 дүгээр сарын эхээр БНХАУ-ын элчин сайдын яаман дээр намайг дуудаж уулзав. Энэ уулзалтаар тус яамны улс төрийн ажилтан Гаов Сан Ин надтай удаан ярилцсаны эцэст манай номын санд энэхүү түүхэн судар бичгийг хандивлахаар болж, Аймгийн Засаг даргынхаа албан хүсэлтийг давхар ирүүлэхийг хүсэв. Ирэнгүүт тус яаманд Засаг даргынхаа албан тоотоор дахин хүсэлт хүргүүлж, тэр дороо л шийдэгдсэн дээ.

- “Ганжуур, Данжуур” судрынхаа агуулгын талаар товч яриач

- “Ганжуур, Данжуур” судар нь Төвдийн уламжлалт Буддын шашны сургаал номлол, дэг жаяг, тайлбарыг нэгтгэсэн агуу их сургаалын цуврал судар бөгөөд философи, түүх, соёл, анагаах ухаан зэрэг өргөн салбарыг хамарсан бидний өвөг дээдсийн нэвтэрхий толь гэж ойлгож болно. Ганжуур, Данжуур судар бол Буддын шашны эрдэнэсийн сан бөгөөд хүний ёс зүй, хүнлэг чанар, дотроосоо хөгжиж, зөв зохистой боловсорч чадвал өөртөө болоод бусдад буян түгээж байгаа хэрэг хэмээн энэхүү сударт өгүүлжээ. Цаашилбал өнөө үеийн био, нанотехнологийн тухай ойлголтууд ч байна. Газрын баялгийг байгальд ээлтэйгээр хэрхэн олборлох, газар дороос гарч буй металлуудын тунг нь тааруулж хэрхэн ялгаж авах талаар бичсэн байдаг юм байна. Гэтэл бид одоо байгаль дэлхийтэйгээ, газар устайгаа яаж харьцаж байгаа билээ...

- Ганжуур, Данжуур судар нь хэддүгээр зууны бүтээл вэ? Түүхээс нь та бага зэрэг тодруулаач.

- Ганжуур, Данжуур судар бол бүр 13-р зууны эхэн үеэс гаралтай юм. Би Ганжуур, Данжуурынхаа сургийг дуулаад нэр сэр мэдээлэл авлаа. Төвдийн эрдэмтэн Нартан Ригралын шавь Чим Жамьян Монголын Буянт хаанд/1312-1320/ залагдаж байхдаа, Нартан хийдэд Ганжуурыг анх удаа бичиж бүтээхэд зориулж, өөрийн багш Жомдан Ригралын нэр дээр бичгийн хэрэгсэл бэх тэргүүтнийг өргөснөөр Нартан хийдэд Ганжуурыг бүтээсэн байна. Тэрхүү Нартан хийдийн Ганжуурыг эх болгож, Төвдийн олон хийдэд бичиж бүтээсэн байна. XIV зууны үе буюу Хайсан хүлэг хааны /1304-1311/ үед Уйгурын Чойжи-Одсэр тэргүүтэн хоёр хэлийг өгүүлэгчид “Банзрагч” зэрэг зарлиг шастирыг Ганжуур, Данжуурын дотроос орчуулжээ. Түүний дараа Түмэдийн Алтан гэгээн хааны үед III Далай лам Содномжамцын /1543-1588/ шавь Хөх хотын бандид Ширээт гүүш цорж “Юм жайврин дүйсүмийг” монгол хэлнээ орчуулжээ.

Цахарын Лигдэн хутагт хааны үед /1603-1634/ Гунгаа-Одсэр эрхлэн олон хэлмэрчид Ганжуурыг бүрэн төгсөөр монгол хэлэнд орчуулсан байна. Тэрхүү монгол үсгийн Ганжуурыг Энх-Амгалан хааны үед /1662- 1722/ ахин шүүж ариутгаад, 1717-1720 оны хооронд бард гаргажээ. Энэхүү монгол шунхан Ганжуурыг өмнөх Энх-Амгалангийн шунхан барын Ганжуур дээр суурилж бүтээжээ. Энэ тухай түүхийн зарим сурвалжуудад тэмдэглэхдээ: “Манжийн Энх-Амгалан хаан Бээжин, Мүгдэн, Долнуур тэргүүтэнд хуврагийн аймаг хязгаарлашгүй шүтээнийг бүтээж, төвд, монгол Ганжуурын барыг шинээр бүтээгээд, Хятад, Төвд, Монгол гуравт түгээсэн...” гэжээ. Мөн Өндөр гэгээн Занабазарын /1635-1723/ үеэс эхэлж Ганжуур, Данжуур нь дармал бичмэлээр Монголд өргөн дэлгэрэх болсон байна.

- Дээр үед “Ганжуур, Данжуур” судрыг хэдэн ч билээ олон тэмээ ачаа болгон тээвэрлэж байсан домог бий. Таны авчирсан энэхүү соёлын их түүхэн судар хичнээн боть юм бэ? Эх хэл дээр гэл үү?

- Тийм ээ, Төвдөөс уйгаржин монгол бичгээр орчуулсан орчуулгыг нь фото аргаар олшруулан хэвлэсэн юм байна лээ. Манай үндэсний хэл дээр байгаа учир эх хэлээ мэддэг хүн болгон уншиж судлах бүрэн боломжтой болсон гэсэн үг. Манай номын санд бүрмөсөн залж ирсэн “Ганжуур, Данжуур” их хөлгөн судар нь 410 боть ном юм. Бид гэхэд л өөрийнхөө УАЗ пургон, БСУГ-ынхаа даргын машин, 2 машин дүүрэн ачиж ирлээ шүү дээ. Үүнийг ч гэсэн тэмээнд тэгнэвэл бас л хэдэн тэмээ ачаа болох байх аа. (инээв)

- Хандиваар өгсөн гэсэн, үнэлвэл хэдэн сая төгрөгийн судар ном ирсэн бэ?

- Судрын хувьд зузаан нимгэн янз янз, элбэг 2 хуруу зузаан ч байна. Үүнийг хамааруулалгүйгээр судар бүрийг 120,0 мянган төгрөгөөр үнэлсэн байна лээ. Ингээд бодохоор 410 боть судар одоогийн ханшаар 49,2 сая төгрөгийн өртөгтэй болж байгаа юм аа. Одоогийн төсвөөр манай номын сангийн ном худалдан авах 25 жилийн төсөв гэсэн үг. Ганжуур судар нь 108-113 боть, Данжуур нь 226 боть байх ба ямар хэл дээр бичигдсэнээсээ шалтгаалаад ботийнх нь тоо ялгаатай болдог. Манайд ирж буй энэхү судрууд нь уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн 410 боть судар юм. Харин нэмж тайлбарлахад Ганжуур бол бурхан багшийн айлдсан сургаал, Данжуур нь тэр сургаалын тайлбар бичиг юм.

- Одоо крилл монгол хэлнээ орчуулагдвал бидэнд судлах өргөн боломжтой болно доо.

- Харин тийм ээ, манай эрдэмтэн судлаачид, томоохон лам нар энэхүү судрыг кирилл монгол хэлнээ хөрвүүлж байгаа гэсэн. Энэ талаар миний багш Хууль зүйн ухааны доктор Н.Чадраабал надад ярьж байсан. Одоогоор Ганжуур судрын 90 орчим боть, Данжуур судрын 100 гаруй боть крилл монгол хэлнээ хөрвүүлэгдээд байгаа гэж дуулсан. Тайлбарын боть нь олон байдаг учраас ийнхүү зэрэгцүүлэн хөрвүүлж үндэс болон тайлбарыг хооронд нь барилдуулан тулгаж байгаа юм байна. Цувралаар гарч байгаа учир дэлгүүрүүдээр зарах боломжгүй байгаа гэнэ. Хүмүүс эдгээр ботийг гэртээ залахыг хүсвэл орчуулгын төслийн багийнхантай гэрээ хийж болох ба гарч байгаа бүх цуврал ботиудыг худалдан авна гэсэн үүрэг хүлээх ажээ.

- Танай номын сан “Ганжуур, Данжуур” судраа номынхаа санд хэрхэн байрлуулав.

- Ганжуур, Данжуур судраа БНХАУ-ын элчин сайдын яамнаас залж ирэхээр БСУГ-ын дарга Р.Батжаргал бид хоёр, өөр өөрсдийн мэдээллийн ажилтнууд холбогдох хүмүүстэйгээ явж авчирсан ба залан ирэхэд Дархан хаалган дээр Аймгийн ЗД-ын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн хэвлэл мэдээллийн албаныхан орон нутаг дахь зохиолчид, иргэдийг төлөөлж багийн ИНХ-ын дарга нар угтан авч хүндэтгэл үзүүлсэн. Тэгээд 5 сарын 4-нд Үндэсний бичиг үсгийн баярыг аймгийнхаа хэмжээнд тэмдэглэн Ганжуур, Данжуур судраа Аймгийн Залуучууд театрын тайз болон нэг давхрын поёонд хүндэтгэлтэйгээр байршуулан дарханчууддаа үзүүлж адислууллаа. Дараа нь Хараагийн дарь эхийн хамба ламаар ахлуулсан багийнхаар ном уншуулан аривнаалдуулж тусгай өрөө гарган хүндэтгэлтэйгээр байрлууллаа. Одоо үзэж харъя, адислая, уншиж судлая гэсэн хэнд ч гэсэн энэхүү түүхэн их хөлгөн судар нээлттэй байна аа.

- Ярилцлага өгсөн танд баярлалаа.

- Танд ч гэсэн маш их баярлалаа. Танай сонины редакцын хамт олонд ажлын амжилт хүсье.

ДАРХАНЫ МЭДЭЭ СОНИН 2018 ОНЫ 6 ДУГААР САР, №29, III НҮҮРТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%