Аймгийн ИТХ, Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимууд, Эрүүл мэндийн газар хамтран “Халдварт бус өвчинтэй тэмцэх” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг иргэдэд танилцуулж, тэднээр хэлэлцүүлэн саналыг нь авах зорилгоор өнөөдөр /2018.06.12/ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн эхэнд НЭМТ-ийн халдварт бус өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн зохицуулагч их эмч Ч.Мөнхцэцэг “Халдварт бус өвчинтэй тэмцэх” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг танилцуулсан бөгөөд “Халдварт бус өвчин гэж амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.
Хэлэлцүүлгийн эхэнд НЭМТ-ийн халдварт бус өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн зохицуулагч их эмч Ч.Мөнхцэцэг “Халдварт бус өвчинтэй тэмцэх” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг танилцуулсан бөгөөд “Халдварт бус өвчин гэж амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.
Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байна.
Дархан-Уул аймгийн иргэдийн эрүүл мэндийн зан үйлийн төлөвшлийг аймгийн хэмжээнд судлахад хүн амын дунд тамхины хэрэглээ 45.5 хувь, архи, согтууруулах ундааны хэрэглээ 36 хувь, хөдөлгөөний хомстол 54 хувь, илүүдэл жинтэй, таргалалттай 60,7 хувь байгаа ба хүн амын дунд эрүүл мэндийн зөв хэвшил, дадлыг төлөвшүүлэх шаардлага байгааг харуулж байна.
Тиймээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн бодлого, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын засгийн газрын 2017 оны 9 сарын 289 тоот тогтоолоор батлагдсан Халдварт Бус Өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр болон “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөртэй уялдуулан халдварт бус өвчинтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр болсон бөгөөд уг хөтөлбөрийн төсөлд нэн тэргүүнд иргэдийн санал авч тусгаж буйгаа аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл тайлагналаа.
“Халдварт бус өвчинтэй тэмцэх” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл аж төрөх мэдлэг, хандлагыг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжид эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх замаар халдварт бус өвчнийг үүсэхэд нөлөөлж байгаа анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил болон эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын оролцоонд түшиглэн бэхжүүлж, халдварт бус өвчинтэй иргэнийг эмчийн хяналтад эрт авч, өвчлөл, нас баралтын тоог бууруулах нөхцөл бүрдүүлэх, эрсдэлт хүчин зүйл, өвчлөлийг бууруулахад салбарын хоорондын хамтын оролцоог сайжруулах, судалгаа шинжилгээнд тулгуурлан хяналт тандалтыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ААНБ-ууд болон иргэдийн оролцоо нэн чухал гэдгийг онцоллоо.