Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

2018-07-09

Эрхэм хүндэт  Дарханчууд аа,

Эрхэмсэг зочид төлөөлөгчид өө,

          Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг аймгийн ИТХурал түүний Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

          Монгол наадам нь манай ард түмний их түүх, ёс заншил, өвөрмөц уламжлал соёлын тод илэрхийлэл бөгөөд төр улсынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дээдэлсэн ард түмний маань баяр бахархал, өргөн их цэнгэл юм.

           Монголчууд бид үндэсний баяр наадмаараа билэгтэй сайхныг хэлэлцэж олон зуун, мянганаар тоологдох улс үндэстнийхээ үүсэл хөгжил, төрт ёсныхоо түүх, соёл, өв уламжлалаараа бахархаж, гэр бүл, ахан дүүс, хотол олноороо цуглаж магнай тэнийн баяраа хуваалцдаг.       

          Мөн өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээрээ, ололт амжилтаараа, бахархсан бүтээлч баяр болдог. Бас ирээдүйд хийж амжуулах ажил, бодлого, чиглэлээ ч ярилцдаг билээ.

          Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас 2018 оныг аймгийн хэмжээнд  “Ахмадын жил” болгон зарлаж, үүний хүрээнд аймгийн ахмадын хороотой хамтран 39 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж ажиллах Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн бодлогын томоохон баримт бичиг болох болох 18 дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлан хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.

2018 онд Улсын төсвөөс 18.3 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангаас 2.6 тэрбум, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар 315.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсээр байна.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” -ийн хүрээнд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 он гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ингэснээр бохир ус цэвэрлэгээний чанарын төвшин дээшилж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө арилах олон давуу талтайгаас гадна манай аймагт арьс ширний үйлдвэр цогцолбор байгуулагдах боломж нэмэгдэх юм.

Мөн Монголын хамгийн том буюу 20.000 м2 талбай бүхий 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн “Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил эд өрнөж байна. Уг барилга нь нийт 21,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээс 2018 онд улсын төсвөөс 4,7 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгаснаар барилгын ажлын явц эрчимжиж, одоо 55 хувьтай явагдаж байна.

Залуусын хэмээх тодотголтой Дархан хотын ирээдүйн иргэдээ хүлээж авах шинэ төрөх эмнэлгийг байгуулахаар 5,6 тэрбум төгрөгийн төсөвлөснөөс 2018 онд улсын төсвөөс 3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, удахгүй олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан Төрөх эмнэлэг үүд хаалгаа нээх юм.

Мөн Дархан хотын хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах бодлого барьж, 2018 онд  Дархан сумын 8 дугаар багийн 23 дугаар цэцэрлэгийг өргөтгөж, 150 хүүхэд хүлээж авах багтаамжтай барилгыг ажлыг Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ онд ашиглалтад оруулна.

Дархан сумын 9 дүгээр багт 100 хүүхдийн цэцэрлэгийг шинээр, 10 дугаар багт байрлах Нийгмийн даатгалын хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалттай засварлан шинэчилж,  200 хүүхэд хүлээж авах чадалтай цэцэрлэгийг энэ онд тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Мөн 2018 онд Дархан сум 2 дугаар багийн нутагт байрлах Хараа голын төмөр бетон гүүрийн засвар шинэчлэлтийн ажлыг Улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлан шинэчлэх  ажлыг эхлүүлж, бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Дархан сумын 8 дугаар багийг 1 дүгээр багтай холбох төмөр зам доогуурх нүхэн гарцыг Улсын төсвийн  2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр зураг төсвийг боловсруулах ажил хийгдэж байна.

Мөн Дархан сумын 15 дугаар багт Багийн хөгжлийн төв барих, 8 дугаар багт инженерийн шугам сүлжээ байгуулах, орон сууцны байруудын дээвэр, инженерийн шугам сүлжээг засварлах хийгдэж байна.

Дархан сумын 16 дугаар баг Үйлчилгээний төвөөс Дархан Номин худалдааны төвийн дэргэдэх 4 замын уулзвар хүртэлх 2 салаа зам дагуу “Гэрэлт гудамж” төслийг 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж, 2018 оны 8 дугаар сард бүрэн ашиглалтад оруулна. 

Хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж   Дархан сумын 8,9,10,11,12 дугаар багийн төв авто зам дагуух байрнуудын фасадны гэрэлтүүлгийн ажлыг 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.

Мөн Дархан сумын 1 дүгээр багийн төв авто замыг хатуу хучилттай болгох 3 үе шатны хүрээнд 0,320 км авто замыг 139,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн төв авто замыг хатуу хучилттай болгох 2 үе шатны ажил болох 0,741 км авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 593,4 сая төгрөгөөр гүйцэтгэж, 2018 оны 8 дугаар сарын 21нд дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Дархан сумын 15 дугаар баг, хороолол доторх 0,420 метр авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 150 сая төгрөгөөр хийхээр ажлаа эхлээд байна.

Мөн гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлж, зам гэрэлтүүлгийг нөхцлийг сайжруулах ажлууд ч хийгдэж байна.

Дархан хот маань өдрөөс өдөрт хөгжин дэвшиж байна. Хөгжлийн түүчээнд хувийн хэвшлийн ААНБ-уудын маань оролцоо өндөр байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал Хүүхэд залуучуудын парк нь 41 га талбайтайгаас 8 га талбайд нь дахин төлөвлөлтийн хүрээнд тохижилтын ажлыг хийхээр зураг төслийг боловсруулсан. 2018 онд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 тоглоом шинээр суурилуулах ба энэ ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн “Сээкл” ХХК-иас хэрэгжүүлж буй Энканто төслийн хүрээнд Морин хуур цогцолборын дэргэд “Оргил цогцолбор” байгуулагдаж байгаа бөгөөд худалдааны төв, орон сууц, бүхий уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор 300 гаруй байнгын ажлын байр бий болох юм.

Сод Монгол групп ХХК-ийн Өргөө кино театрын 6 дахь салбарын 360, 200, 100 хүний суудалтай 3 заал бүхий кино театр, зочид буудал, ресторан баригдаж байна.

Мөн Дархан минж проперти ХХК-ийн санхүүжилтээр 200 айлын орон сууц ашиглалтад орлоо.

Дархан-Уул аймаг нь  гадаадын 17 аймаг, хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэн, хамтын ажиллагааны хүрээнд нийт 12 тэрбум  715 сая гаруй төгрөгийн  хөрөнгө оруулалтыг  нийт 8  салбарт оруулснаар  өсвөр үе хүүхэд багачуудын сурч хөгжих  орчин нөхцөл сайжирч, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий сургалтын болон эмнэл зүйн 7 лабораторийн хүчин чадлыг  нэмэгдүүлж, 6017 боловсон хүчнийг чадавхжуулж, суурь судалгаа, шинжилгээний 5 ажил хийгдэж,  нийтийн аж ахуйн салбарын бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, Дархан дулааны цахилгаан станцын трубинд шинэчлэл хийж, дулаан цахилгааны хүчин чадал 35 МВт-аар нэмэгдэх боломж бүрдээд байна.

Дархан-Уул аймаг Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын  үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж 2017 онд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж “ШИЛДЭГ АЙМАГ”-аар, Орхон сум Монгол Улсын “ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар тус тус шалгарсан сайхан амжилтаар Дарханчууд бид ардын төрийн наадамтайгаа золгож байна.

Наадмын дараа намар хэмээн энэ өдрүүдээс хойш өвлийн бэлтгэлээ базаахаар хаана хаанаа хичээдэг билээ. Дарханчууд бид ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, бүх шатанд өвөлжилтийн комисс бэлтгэл ажилдаа орж, хадлан тэжээлээ бэлтгэнэ.

Монгол түмний их цагаан сүлд, хийморийн даллагатай, Монгол үндэсний баяр наадмыг тохиолдуулан Дарханчууддаа болон төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан хүмүүстээ баяр хүргэж, хотол олноороо өргөн дэлгэр, сайхан наадахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

            Монгол хүн бүрийн аз хийморь өөдрөг, буян заяа нь тэгш, ажил үйлс нь улам дэлгэрч явах болтугай.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%