Өвөрхангай
аймагт 7, 8 сарын турш хур бороо элбэг, үер ус ихтэй байхын сацуу малын гоц
халдварт шүлхий өвчин хаяа тэлж байгаа нь холбогдох албаныханг амрах чөлөөгүй
ажиллахад хүргэж байна. Цаг үеийн нөхцөл байдлын талаар аймгийн Онцгой байдлын
газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбатаас тодрууллаа.
- - 7 дугаар сарын турш тасралтгүй орсон бороо хур 8 сар гарсаар үргэлжилсэн хэвээр байна. Үүнээс улбаатай дуудлага хэр ирж байна вэ, иргэдэд хэр хүнд тусч байгаа бол?
- Сүүлийн саруудад усархаг, аадар бороо
үе үе орж байгаагаас шалтгаалж, иргэд эд хөрөнгөөрөө хохирох асуудал багагүй гарч байна. Анх 7
дугаар сарын 02-ны өдөр Уянга сумын Жаргалант багт үер бууж, малчдын 400 гаруй
бог мал үерт урссан, 7 дугаар сарын 06-ны өдөр Тарагт сумын нутагт ширүүн
бороо, мөндөр орсны улмаас гурван малчин өрхийн гэр нурж,100 гаруй бог мал, 10
гаруй бод мал урссан гэх мэдээллийн дагуу алба хаагчид ажилласан. Мөн тус өдөр
Уянга сумын 3 дугаар багт 10 гаруй өрхийн бог мал хорогдож, зарим айлуудын гэрийн
бүрээс урагдан автомашины салхины шил хагарсан гэх мэдээллийг ирүүлсэн байна.
7
дугаар сарын 20, 22, 23-ны өдрүүдэд Хархорин, Хужирт суманд уруйн үер бууж,
мөндөр орсноор айл өрхүүд гэргүй болох, дэлгүүр хоршоо үерт автах зэрэг асуудал
гарсан.
8
дугаар сарын 06-ны өдрийн дуу цахилгаантай ширүүн борооны улмаас Тарагт сумын
“Ар бүүрэг” гэх газарт 700 орчим бог мал үерт урссан байсныг
сум, Гал түймэр унтраах,
аврах 12 дугаар ангийн алба хаагчид очиж уснас гарган устгаж ариутгах арга
хэмжээг зохион байгуулсан.
Энэ
сарын 08-ны өдөр Зүүнбаян-Улаан, Тарагт, Уянга, Арвайхээр сумыг хамарсан хүчтэй
бороо, мөндөр орж, автомашин
усанд суух, автозам эвдрэх, гэр нурах, байшингийн
дээвэр цоорох, автомашинуудын шил хагарах зэргээр иргэд багагүй хохирол амссан.
Бороо
хур ихтэй эдгээр өдрүүдэд аймгийн Онцгой байдлын алба бэлтгэл, бэлэн байдалд
ажиллаж, иргэдийн дуудлагын дагуу амь нас, эрүүл мэнд, эд хогшлыг нь авран
хамгаалахад хүчин зүтгэж байна.
Усархаг,
ширүүн бороо орно гэдгийг ард иргэдэд анхааруулсаар байхад амралтын сар гэдгийг
далимдуулаад хаана хамаагүй очиж амардаг, зугаалдаг, малчин айл өрхүүд гол
дагаад буучихдаг зэргээс шалтгаалан
хохирч байгаа болохыг
онцгойлж хэлмээр байна. Онцгой байдлын албанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр
хүргэж буй сэрэмжлүүлэг мэдээг цаг алдалгүй авч, аюулгүй байдлаа хангах нь
туйлын чухал юм шүү гэдгийг ард иргэддээ анхааруулъя.
- - Төв
замд эвдрэл, гэмтэл гарсан. Үүнийг засварлаж дууссан болов уу?
- - Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд аадар бороо
орж, улсын чанартай А0301 авто зам буюу аймгийн төвөөс зүүн тийш 13.5 км зайд
75 метр урт, 3.5 метр өндөр авто замын зорчих хэсгийн нэг чиглэлийн урсгал
эвдэрч, ус дамжуулах хоолойнуудын суурь эвдэрсэн. Мөн баруун тийш 10 гаруй км
зайд улсын чанартай А0302 авто замын хөвөө, хоолойн гарах хэсгүүд эвдэрсэн зэрэг аюултай байдалд хүрснийг аймгийн Онцгой
байдлын газар,
Замын цагдаагийн тасаг, ӨВ-АЗЗА ТӨХК-иас засварлахаар ажиллаж байна.
- - Мөндөр
хэр том хэмжээтэй орж байна вэ?
- -1.2-1.6
мм хэмжээтэй мөндөр орж байна. Түр зуурын дуу цахилгаантай
бороо ус ихтэй орж байгаагаас үер бууж байна.
- - Иргэдийн
дунд эрүүл мэндээрээ хохирох явдал гарав уу?
- - Эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага
хараахан ирээгүй. Харин хохирч болзошгүй байна гэх дуудлагын дагуу манай алба
хаагчид шуурхай ажиллаж, хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж байгаа.
- - Ойрын
өдрүүдэд цаг агаар ямар байх бол?
- - 8 дугаар сарын 15-ыг хүртэл усархаг
бороотой гэсэн мэдээллийг цаг уурын албанаас өгсөн. Хойд хэсгээр буюу
Бат-Өлзий, Уянга, Хужирт, Хархорин суманд түр зуурын усархаг бороо орох
мэдээлэл байна. Иргэддээ дахин хэлэхэд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг
цаг алдалгүй авч, тухайн нөхцөл байдалдаа тохируулан ажил, амралтаа төлөвлөх,
зугаалж яваа үедээ газрын хонхор, төвгөр хэсгийг анхаарч буудаллах, малаа
хариулж байхдаа газрынхаа байршлыг анхаарах шаардлагатайг хэлье. Малчид маань
хонио уулын аманд хариулдгаас болж, гэнэтийн үерийн улмаас айл гэр, мал, автомашин усанд
урсах, автах тохиолдол олон байна.
- - Шүлхий
тархаж байна гэсэн айдас иргэд, малчдын дунд үүсээд байна. Одоогоор хэдэн
суманд энэ өвчин гараад байна вэ?
- - Өвөрхангай
аймаг говь, хангай хослосон нутагтай. 4, 5, 6 сард хаваржилт, зуншлага хэцүү байсны улмаас
говийн сумдын малчид хангай руу оторлож эхэлсэн. Харин 7 сарын эхээр бороо орж,
газрын гарц харьцангүй сайжирснаар нутаг буцах нүүдэл үргэлжилсэн. Үүнээс болж
мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа.
Одоогийн байдлаар Зүүнбаян-Улаан, Тарагт, Баянгол, Баян-Өндөр, Сант,
Хайрхандулаан сумдад энэ вирус илэрч, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар,
Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, сум орон нутгаас алба хаагчид хорио цээрийн
дэглэм тогтоон ажиллаж байна. Хархорин суманд 50 гаруй мянган малыг
вакцинжуулж, голомтот болон сэжигтэй бүсийн
210 мянган м2 талбайг ариутган халдваргүйжүүлээд шүлхий өвчнөөр мал нэмж
өвчлөөгүй тул хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын дэглэмийг цуцлагдсан. Зүүнбаян-Улаан,
Тарагт суманд шүлхий өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй, ариутгал
халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн байдалтай байна.
- - Шүлхий өвчин зун
гардаггүй, бог малд халддаггүй гэдэг ч энэ ойлголт буруу байв уу, эсвэл өвчин
хэт дэлгэрснээс болж байна уу?
- - Шүлхийн вирус нуугдмал, далд хэлбэртэй байдаг. Газрын
хөрс 20 градусаас дээш температуртай тохиолдолд вирус хөрсөнд 3 цаг амьдрах
чадвартай. Сэрүүн байх тусам идэвхжээд л байна.
Сүүлийн 7, 8 сард сэрүүхэн, бороо хур ихтэй байлаа. Хөрсөндөө 20 градус
хүртэл халсан өдөр хэд билээ. Тэгэхээр шүлхий зуны улиралд гардаггүй гэсэн
ойлголт буруу ташаа юм.
Аймгийн хэмжээнд энэ өвчин үхрэнд түлхүү илэрч байсан.
Одоо бог малд гарч байна. Бод мал харьцангүй тоо нь цөөхөн тусдаг ч асар их
вирус тараагч болдог бол бог мал тоо нь олон, халдвар тараах нь их байна.
- - Сүүлийн сарын байдлаар зургаан сумын 17 голомтонд шүлхий
өвчин бүртгэгдсэн байна. Хөрөнгө зардал хэдэд хүрээд байна вэ?
- - Одоогоор
800 гаруй сая төгрөгийн зардал гараад байна. Үүнээс 300 сая төгрөгийг малчдын
нөхөн төлбөрт олгохоор Улсын онцгой коммист хүргүүлсэн. Шүлхийн голомтонд
ажиллаж байгаа алба хаагчдын хоол хүнс, бензин шатахуун, халдваргүйжүүлэлт
ариутгал, вакцин гээд одоо ч нэмэлт зардал гарсаар байна.
- - Вирусыг эрүүл бүсэд халдаахгүй байх тухайд манай иргэд,
малчдын мэдлэг, мэдээлэл хэр байгаа бол?
- - Аймгийн
Онцгой комиссийн хуралдааны шийдвэрээр ОБГ, ЦГ, МХГ, ХХААГ, МЭА-ны ажлын хэсэг
малчидтай уулзаж, мал, амьтны шүлхий өвчний голомт бүхий нутгаас отор нүүдэл
хийхгүй байх, бусад айлын мал сүрэгтэй малаа нийлүүлэхгүй байх талаар заавар
зөвлөгөөг өгч, шүлхий өвчний талаар мэдээлэл сэрэмжлүүлгийг хүргэж ажилласан.
Ард иргэддээ зөвлөж хэлэхэд шүлхийн голомтонд болон
сэжигтэй бүсэд байгаа мал дэглэм тогтоосон бүсээс гарч бусад айлын малтай
нийлснээр эрүүл бүсэд шүлхий өвчнийг халдаадаг. Тиймээс малаа байнга
хариулгатай байлгах, вакцин, угаалга ариутгалыг үе шаттай хийлгэх шаардлагатай
болохыг сануулъя. Яг үнэндээ манай малчдын дунд малаа зөнд нь орхих, нэг удаа
вакцинжуулаад дахиж хийлгэхгүй байх, хэл сураггүй нүүгээд явчих зэргээр
хариуцлагаггүй хандах асуудал их гарч байна. Сэжигтэй бүсээс өөр газар нүүгээд
тэнд шүлхий гаргасан тохиолдол тухайн айл тэнд гарсан бүх зардлыг хуулийн дагуу
гаргана гэдгийг ард иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед шүлхий нь
автомашин техник, хүний хувцас хунараар ч дамжиж байна. Бид шүлхийн вирусыг
тархаахгүйн тулд эхлээд эрүүл бүсэд байгаа малаа вакцинд хамруулаад дараа нь
сэжигтэй бүс, голомттой бүсийн малыг вакцинжуулдаг. Шүлхий өвчин илэрсэн цагаас
хойш холбогдох албаны алба хагчид өдөр шөнөгүй л ажиллаж байна.