Бат-Өлзий сумын “Улаан-Ам” буюу 1 дүгээр багийн нутаг “Өндөр хясаа”-нд 8 дугаар сарын 21, 22-ны өдөр “Хоёр түмэн сарлагийн баяр” болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Нарангарав болон сумын удирдлагууд, нутгийн уугуул ард иргэд, гадаад, дотоодын жуулчид өргөн дэлгэр оролцов.
Энэ үеэр тус багаас төрөн гарсан улс, аймгийн аварга цолтой үхэрчдийг алдаршуулах, хос сарлагтан шалгаруулах, сарлаг уралдуулах, бугуйлдах, булгиулах уралдаан, тэмцээн, сарлагийн сүү цагаан идээ, ашиг шим, түүхий эдийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Мөн хүчит 64 бөх барилдаж, урлагийн тоглолт болон малчин ардын хийморийг сэргээсэн сайхан үйл явдал болсон юм.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Улаан-Ам”-ны баг нь 500 гаруй өрх, 2000 гаруй хүн амтай ба аймгийн хэмжээний 106 багаас хүн амын тоогоороо тэргүүлдэг, 20 мянгган сарлаг үхэртэй бөгөөд аймагтаа сарлагийн тоогоор хоёрт ордог томоохон баг юм. Тус багаас улсын 7 аварга малчин, саальчин төрсөн байна.
Б.Чимэглэн