Аймгийн ИТХ, Дэлхийн зөн ОУБ-аас хамтран хэрэгжүүлсэн “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалын хүрээнд БОЭТ-ийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий “Нүүр тулсан ярилцлага”-ыг зохион байгууллаа.
Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал, ЭМГ-ын дарга Д.Шиваанүрдэв, БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун болон ажлын хэсэг, ард иргэд, өсвөр насны хүүхдүүдийн төлөөлөл оролцсон юм.
Уулзалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Иргэдийн сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн байлгахын тулд аймгийн удирдлагууд, төрийн байгууллагууд, БОЭТ-өөс ямар асуудлыг яаж шийдвэрлэвэл зохих вэ гэдгийг энэ уулзалтаар тодорхойлно” гэлээ.
“Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг удирдан чиглүүлсэн ажлын хэсгээс таван сарын туршид 1771 иргэнтэй уулзан БОЭТ-ийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хэлэлцсэн. Иргэдээс хамгийн их санал, шүүмжлэл авсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.