Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДРИЙГ ДАРХАН ХОТОД ТЭМДЭГЛЭЛЭЭ

2018-09-27

Анх 2000 онд НҮБ-ын ХХААБ-ын санаачилгаар тэмдэглэж эхэлсэн Дэлхийн сурагчийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг уламжлал хэдий нь тогтсон билээ.
Монгол улс энэ жилээс эхлэн анх удаагаа НҮБ-ын ХХААБ-ын санаачилгаар Монгол улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, SECIM нэмүү өртгийн сүлжээ төсөл болон сурагч багачуудтайгаа хамтран 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Бид өдөр бүр сүү уумаар байна” уриан дор "Дархан-50" цогцолборт зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ХХААГ-ын дарга О.Чимэдцэрэн, SECIM Нэмүү өртгийн сүлжээ төслийн үндэсний зохицуулагч Г.Ганхөлөг нар оролцож хөтөлбөрийн дагуу "Од" цогцолбор сургуулийн үдийн цайндаа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж буй ангиар зочилж, үдийн цайнд бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, нийлүүлэлтийн талаар санал солилцож, “Бид өдөр бүр сүү уумаар байна” сэдэвт гар зургийн уралдааны бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхов. "Дархан-50" цогцолборт “Дэлхийн сурагчийн сүүний өдөр”-ийн нээлт болж Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар нээж үг хэллээ. Арга хэмжээний үеэр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 4 иргэн, аж ахуй нэгж оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сурталчилж, Хүнс, хөдөө аж ахуйн газар сүү, сүүн бүтээгдэхүүнд хийгдэх чанар, эрүүл ахуйн шинжилгээнд ашиглаж буй багаж, тоног төхөөрөмжүүдээ танилцуулж, Нийгмийн эрүүл мэндийн төвөөс сүүний эрүүл мэндийн ач холбогдлын талаар оролцогч хүүхэд, багачууд, эцэг, эхчүүдэд танилцуулж, гарын авлага олгов. Од цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн 8 бүлгийн 250 гаруй сурагч, 9 дүгээр сургуулийн 4 дүгээр ангийн 3 бүлгийн 100 гаруй сурагчид болон захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын төлөөлөл, эцэг эхчүүд тус арга хэмжээнд оролцлоо. Мөн энэ үеэр Залуучууд театрын уран бүтээлчид, Авьяаслаг Монголчууд шоу тэмцээний ялагч “Эгшиглэнт чимээ” болон сурагчдын хамтлаг оролцож уран бүтээлээ толилуулж, “Бид өдөр бүр сүү уумаар байна” сэдэвт гар зургийн уралдааны бүтээлүүдийн үзэсгэлэнг танилцууллаа.
Гар зургийн уралдаанд 600 гаруй бүтээл ирснээс:
1 дүгээр байранд Од цогцолбор сургуулийн 15 ангийн сурагч Ц.Анударь
2 дугаар байранд 16 дугаар сургуулийн 5Д ангийн сурагч О.Алтанзул
3 дугаар байранд 4 дүгээр сургуулийн 3Г ангийн сурагч Ш.Өлзийсүрэн, 15 дугаар сургуулийн 2А ангийн сурагч У.Номуун-Эрдэнэ, Од цогцолбор сургуулийн 410 ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ нарийн бүтээлүүд тус тус шалгарсан байна.

Монгол улс 2005 онд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 13 дахь жилдээ хэрэгжүүлж байна. “Үдийн цай” хөтөлбөрийн орцонд сүү, сүүн бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүнийг оруулж байх тухай Боловсрол Соёл Шинжлэх Ухааны болон Эрүүл Мэндийн сайдын хамтарсан тушаал 2006 онд батлагдан гарч, түүний дагуу ерөнхий боловсролын сургуулиудын 1-ээс 5 дугаар ангийн 150 гаран мянган сурагчдад нийлүүлэгдэж байна.
Дэлхийн сурагчийн сүүний өдрийн арга хэмжээ нь дэлхий даяар өсвөр үеийнхний хоол тэжээлд сүү, сүүн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлах, сүүний үйлдвэрлэл, хэрэглээнд илүү их анхаарал хандуулахад чиглэгдэж байдаг.
Улс орны дэд бүтэц, хүн амын худалдан авах чадвар, үйлдвэрлэлийн төвшний боломжоос шалтгаалж өсвөр үеийнхний хоол тэжээлд сүү, сүүн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ төдийлөн өндөр биш байгаа энэ үед, энэхүү арга хэмжээгээр дамжуулан сурагчдад тэдний нас, бие бялдрын онцлог, хэрэгцээнд тохирсон чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн цайгаар үйлчлэх, хүүхдүүдийн дунд сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлах, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн өөрсдийн хийж чадах ажлыг өнөөдрөөс эхлэн идэвхжүүлэх нь бидний болон Монголчуудын нэн тулгамдсан асуудлуудын нэг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%