Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД ЗАЛУУЧУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ

2018-10-02

ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД ЗАЛУУЧУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ

    Монголын тал нутгаар улс төрийн өөрчлөлт өрнөж байна.
    Коммунист засаглалын дараах нийгмийн шилжилт дуусч, шинэ үе эхэлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон Говь-Алтай аймгийн 27 настай Төмөр-Очирын Ичинхорол орон нутгийнхаа залуучуудын хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж,  Монгол Улсад залуучуудын дуу хоолойг бодлого боловсруулагчдад хэрхэн хүргэх талаар үзэл бодлоо хуваалцсан юм.
    Баруун хязгаарт орших Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нэгэн багийн иргэдийн Нийтийн Хурлын (Монгол Улсын засаг захиргааны хамгийн бага нэгж) үеэр нэгэн залуу эмэгтэй “Энэ хурлаар зөвхөн ахмад үеийнхний асуудлаар ярилцаж байна. Ийм учраас л залуу хүмүүс энэ хуралд оролцдоггүй!” хэмээн тод дуугаар хэлэв. Энэ бол Ичинхорлоогийн оролцож буй анхны ИНХ юм. Хуралдааны үеэр залуучуудын тулгамдсан асуудалд анхаарал бага хандуулж байсан тул тэрээр оролцогчдыг энэ зүгт татахаар зориглосон аж.
    Монгол Улсын Их Сургуулийг Солонгос судлалаар шинэхэн төгссөн  Ичинхорол нийслэл хотод найман жил амьдарч байгаад төрсөн нутагтаа саяхан буцаж иржээ. Монгол, Солонгос залуучуудын талаар харьцуулсан судалгаа хийж байсан нь түүнийг орон нутагтаа ирээд улс төрд оролцоход нь нөлөөлсөн гэнэ. Тэрхүү судалгаагаар монгол залуучуудын 70 гаруй хувь нь ахуй амьдрал, хувийн карьертаа илүү анхаардаг бол 30 орчим хувь нь л нийгмийн асуудалд санаа зовнидог байна. Түүний хэлснээр Солонгост энэ нь эсрэгээрээ байдаг аж.
    Залуучууд өөрчлөлт хийх чадвартай гэдэгтээ итгэл үнэмшилгүйн зэрэгцээ улс төрийн оролцоо сул байдаг нь үүнтэй холбоотой гэж Ичинхорол үздэг. Монгол залуусын 89 хувь нь 1990 оноос хойш сонгуульд ядаж нэг удаа санал өгч байсан бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамгийн сүүлд гаргасан Хүний хөгжлийн тайланд дурдсанаар тэдний талаас илүү хувь нь эрх баригчдад итгэх итгэлгүй болсон гэжээ.
    Монгол Улсын хүн амын ихэнх хувь буюу гуравны нэгийг залуучууд (15-34 насны) эзэлдэг. Залуучуудын боловсрол эзэмших хувь өсөж байгаа бөгөөд 2014-2015 онд нийт хүүхдийн 99 хувь нь бага ангид, 96 хувь нь дунд ангид элсэн суралцжээ (2000-2010 онд их сургуульд элсэн суралцагчдын тоо 3 дахин нэмэгдсэн). Хэдий тийм боловч, залуучуудын  17 хувь нь ажилгүй (нийт хүн амын 10 хувь нь ажилгүй), эдийн засгийн хувьд эмзэг бүлэг хэвээр байна. Түүнчлэн, өсвөр насны жирэмслэлт, архи, тамхины нөлөөлөл зэрэг эрүүл мэндийн хувьд ихээхэн эрсдэлт байдалтай тулгарч буй.
    Эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд улс төр дэх залуусын төлөөллийг нэмэгдүүлэх нь чухал юм. Залуучууд орон нутгийн иргэдийн анхаарлыг тулгамдсан асуудалд хандуулж, үлгэр жишээ болж чадна гэж Ичинхорол нэмж хэлэв. Ажилгүйдлийг бууруулахад туслах,  олон нийтийг уриалах зэргээр аливаа хэлбэрээр хамтран ажиллаж болох юм.
    Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн тэтгэлэгт хөтөлбөрт Есөнбулаг сумын ИТХ хамрагдаж, 2017 оны 8 дугаар сард “Бодлогын шийдвэр-бидний амьдралд” нэртэй нэг өдрийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд түүнд Ичинхорол оролцжээ. Дээрх тэтгэлэгт хөтөлбөрт 100 гаруй ИТХ санал боловсруулан ирүүлснээс Есөнбулаг зэрэг хэд хэдэн сум шалгаран тэтгэлэг хүртэж, залуучууд/эмзэг бүлгийн оролцоог дэмжих, хурлын хяналтын чиг үүргээ идэвхжүүлэх чиглэлээрх саналаа хэрэгжүүлж байгаа юм.
    Хагас жил үргэлжилсэн тус тэтгэлэгт хөтөлбөр нь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2017-2020 онд орон нутагт баримтлах залуучуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулах зорилт тавьсан. Тэтгэлэг хэрэгжүүлэх ажлын хэсгээс олон ажил зохион байгуулсны дотор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн талаар сургалт зохион байгуулж, залуучуудад зориулсан “Уулзалтын цаг”-ийг бий болгожээ. Түүнчлэн 581 залууг хамруулан санал асуулга явуулж, залуучуудын тулгамдсан асуудлыг тодорхойлох эссе бичлэгийн уралдаан зарласанд Ичинхорол 2 дугаар байрт орсон аж.
    Уулзалт хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцож, Хөгжлийн төлөвлөлтийн тодорхой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Залуучууд цугларч, тулгамдсан асуудал, түүний шийдлийг хэрхэн олох талаар санал бодлоо уралдуулсан нь хамгийн том үр дүн байлаа гэж Ичинхорол хэлсэн юм. “Залуучууд дуу хоолойгоо нэгтгэж, нэмэгдүүлбэл ИТХ-ын төлөөлөгчид сонсох юм байна гэдгийг ойлгосон”. Нэмж хэлэхэд, тэд хамтдаа цуглан санал бодлоо хуваалцах боломж олгосонд талархаж байв. Үдээс хойш нь спортын уралдаан тэмцээн зохион байгуулж, уртын харайлтын талбайг засаж тохижуулсан нь оролцогчдыг идэвхжүүлэн сэргээж байсан аж. Үүний дараа уулзалт үргэлжлэхэд зарим нь шинэ хүмүүсийг оролцуулахаар авчирч байв.
    “Хэдийгээр залуучууд урьдчилаад нэгдсэн байвал хэлэлцүүлэг илүү үр дүнтэй бөгөөд түүнээс гарч байгаа саналууд илүү бодитой байж болох ч, ийм уулзалт хэлэлцүүлэг газар сайгүй зохион байгуулагдаж байх хэрэгтэй” гэж Ичинхорол хэлж байна.
    Хөдөө, орон нутагт руу илүү анхаарч ажиллах хэрэгтэй. “Ямар нэг нам, эсвэлтэй холбоотой юмуу эсвэл гэр бүлийн уулзалт л биш бол иймэрхүү нээлттэй арга хэмжээ орон нутагт маш бага зохион байгуулагддаг” гэж тэр хэлсэн. “Залуучуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үр нөлөөтэй арга замыг бий болгоход улс төрчидтэй уулзаж, санал бодлоо шууд илэрхийлэх нь бас маш чухал” гэж нэмж хэлэв.
    Цаашилбал, улс төрийн талаарх мэдээлэл илүү хүртээмжтэй, ойлгоход хялбар байх ёстой. Залуучууд мэдээлэл авах, үйл ажиллагаа өрнүүлэх, дуу хоолойгоо хүргэхэд нь илүү боломжтой, дөхөм байдаг нийгмийн сүлжээ зэрэг сүүлийн үеийн техник технологийг үүнд ашиглаж болох юм. (2014 оны байдлаар Монголчуудын 62 хувь нь цахим сүлжээг ашигладаг ба 80 хувь нь Фейсбүүкээр зочилдог гэсэн мэдээ байна).
    “Хэлэлцүүлэг хүн бүрт нээлттэй, намын харъяаллаас ангид үйл ажиллагаа байсан болохоор илүү амжилттай боллоо гэж хүмүүс дүгнэсэн. Улс төрийн намуудаас зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээнээс залуучууд ихэнхдээ зайлсхийдэг” гэж Ичинхорлоо онцлон хэлсэн юм.
    Төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулдаг арга хэмжээнүүдтэй харьцуулахад тус уулзалтад оролцож буй залуучууд илүү эерэг хандлагатай, бүтээлч байлаа гэж тэтгэлэг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн нэгэн гишүүн давтан хэлж байсан. Бас нэгэн онцлох зүйл нь хэлэлцүүлэгт  ИТХ-ын залуу Төлөөлөгчид оролцсон явдал байв. Есөнбулаг сумын төлөөлөгчдийн бараг тал хувь нь залуучууд байдаг нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Энэ бүхнийг нэгтгэн хэлэхэд, ИТХ нь залуучуудын дуу хоолойг монголын улс төрд хүргэж чадах байгууллага юм байна гэдгийг харууллаа.
    Дээрх арга хэмжээ нь монголын залуучууд засаглалд илүү оролцоотой байх урам зориг өгч, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагчид сонсдог гэдгийг харуулсан үйл ажиллагаа болов. Түүнчлэн,  залуучууд болон шийдвэр гаргагчдын хамтын ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулсан бөгөөд шийдвэр гаргах түвшинд ирээдүйд Монголын олон олон залуучууд ажиллах болно гэдэг итгэж байна.

Т.Ичинхорол сумынхаа залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсруулахад зохих хувь нэмрээ оруулсан.

Тус өгүүлэл Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швейцарын хөгжлийн агентлагийн цахим хуудаст анх нийтлэгдсэн. /Доорх линкээс харна уу/

http://www.mn.undp.org/content/mongolia/en/home/presscenter/articles/2018/03/25/strengthening-youth-in-mongolia-s-decision-making.html
https://www.eda.admin.ch/countries/mongolia/mn/home/search/search-result.html/content/countries/mongolia/mn/meta/news/2018/strengthening-youth


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%