Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бат-өлзий суманд ОНХС-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг санаачилгын төсөл хэрэгжүүлж байна

2018-10-11

Төсвийн тухай хуулинд аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр ОНХС-тай байна гэж заасан байдаг. ОНХС-ийн хөрөнгө нь орон нутгийн хөгжлийг дэмжиж, нутгийн иргэдийн ая тухтай орчинд эрхээ эдлэн, үүргээ биелүүлэн аж төрөх, олон нийтийн эрх ашгийг хангахад зориулагдах учиртай. Тэгвэл ОНХС-ийн талаарх мэдлэг хомс, иргэдийн оролцоо идэвх сул байгаагаас ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, чанар, ач холбогдлын асуудал хаа сайгүй яригдах болсон. Бат-өлзий сумын ИТХурал хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангах чиглэлээр санаачилга гарган, төсөл боловсруулж “Тогтвортой амьжиргаа-3” төсөлд хандсанаар төсөл нь дэмжигдэж ОНХС-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.

Төслийн хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгчид болон иргэдийг оролцуулсан хяналт-шинжилгээ үнэлгээ хийх 7-9 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг байгуулж, ХШҮ хийх чиглэлээр чадавхижуулсан бөгөөд 2016-2018 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж дууссан болон, одоо хэрэгжүүлж байгаа 4 төсөл хөтөлбөрийг сонгож аван хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аж.

10-р сарын 09-ний өдөр тус төслийн хүрээнд сумын ИТХ-аас баг тус бүрээс 30 иргэнийг урьж  “ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 5 багийн 150 иргэн, Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх 4 багийн гишүүд, сумын ЗДТГ-ын албан хаагчид оролцсон. Хэлэлцүүлгийн зочноор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн аймгийн чадавх бэхжүүлэх багийн гишүүн Т.Гончигдорж, мөн багийн гишүүн, аймгийн ЗДТГазрын ХШҮДА-ын хэлтсийн дарга Т.Үржинпүрэв нар оролцсон. Энэхүү хэлэлцүүлэг нь хэрэгжүүлж буй төслийн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд хэлэлцүүлгийн аргыг ашиглан ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын чанар, хүртээмж, үр дүнг эцсийн хэрэглэгчид болох иргэдээр өөрсдөөр нь үнэлүүлэх зорилт тавьж, түүндээ хүрлээ. Хэлэлцүүлгийн  дүнг нэгтгэн, төслийн хүрээнд хийгдэж буй хяналт-шинжилгээ, үнэлгээний эцсийн тайланд тусгаж иргэдэд болон, сумын төр захиргааны байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажиллах юм байна.

Хэлэлцүүлгийг “Тогтвортой амьжиргаа-3” төслийн орон нутгийн зохицуулагч Т.Нарангарав чиглүүлж ажилласан бөгөөд тэрээр ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудтай холбоотой гаргасан санал шүүмжлэлийг дүгнэн хэлэхдээ: Та бүхэн хийгдээд дууссан ажлыг шүүмжлээд өнөөдөр үр дүн гаргахад хэцүү. Харин ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад эхнээсээ саналаа өгч оролцон, төрийн байгууллагуудтайгаа хамтран хяналтаа тавьж, явцад нь засаж залруулж явж байж төсөл хөтөлбөрүүд үр өгөөжтөй болох юм. Цаашдаа багийн хуралдаа сууж, өөрийнхөө саналыг хэлж, хийгдэж байгаа ажлуудад хяналтаа тавьж, алдаа гарвал сумын удирдлагууддаа хандан засаж залруулж, чанартай, үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлснээр сум орон нутагт хөгжил ирэх юм гэлээ.

Тус суманд хэрэгжиж буй “ОНХС-ийн ХШҮ-нд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг санаачилгын төсөл”-д “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс 7.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд төслийг 9-р сарын 19-нөөс эхлүүлж, 10-р сарын 30-нд хэрэгжүүлж дуусган, тайлагнах юм байна. Бат-өлзийчүүд энэ төслийн хүрээнд ХШҮ-нд иргэдийн оролцоог хангасан сайн туршлага бүхий загвар сум болох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Төслийн хүрээнд төсөл хөтөлбөрүүд дээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээс гадна сумын нийт өрхийн 70 хувьд буюу 1500 гаруй өрхөд иргэдийн оролцооны талаарх гарын авлага материал тарааж , мэдээлэл түгээж ажиллах юм байна.

Б.Чимэглэн