Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Прокурор Ц.Мөнхбат: Гэр бүлээ хүйс тэмтрүүлсэн хүн “Наад хүнээ шоронд амраа” гэдэггүй л байхгүй юу

2018-10-12

Дархан-Уул аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Мөнхбаттай ярилцлаа. Тэрээр Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Төв аймгийн ерөнхий прокурор, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Бидний яриа олны анхаарлыг татаж буй цаазын ялыг сэргээх эсэх асуудлыг тойрч өрнөв.

-Засгийн газраас Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг бусад хуулийн хамт УИХ-д өргөн барих гэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хугацаанд цаазын ялыг сэргээе гэсэн санал гаргаад байгаа. Та ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр төрд олон жил ажилласан прокурор хүн. Энэ үүднээс цаазын ялыг 2015 онд Эрүүгийн хуулиас хасах цаг болсон байсан уу гэдэг дээр хуульчийн хувьд дүгнэлт сонсох гэсэн юм?

-Хуульч хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлье. Монгол Улсын Үндсэн хуульд цаазаар авах ялын тухай байгаа. Гагцхүү 2015 оны Эрүүгийн хуулиас хасагдсан. Ялын чиглэлээр олон жил төрд ажиллахдаа одоо ч цаазын ялыг халах цаг хараахан болоогүй байна гэж хэлнэ. Олон улсын гэрээгээр Монгол Улс үүрэг хүлээсэн байж болно. Гол нь, иргэдийн эрх зүйн ухамсар төлөвшөөгүй байна. Хүн дүрстэй боловч араатан шиг авирладаг, хүн итгэмээргүй айдас хүрмээр гэмт хэргүүд гарч байгаа. Ийм үед цаазаар авах ялыг хална гэдэг бол байж болохгүй асуудал юм. Олон улсын тавцанд нэр хүнд олох гэж реклам байдлаар асуудлыг шийдсэн болов уу гэж харддаг. Өндөр хөгжсөн, бидний даган дуурайдаг, хүний эрхийг дээдэлдэг гэх АНУ-д одоо ч цаазын ял бий. Тийм учраас би цаазын ялыг сэргээх одоогийн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Цаазын ял байх ёсгүй гэж ярьж байгаа этгээдүүд үүнийгээ ярьж хоолоо олж иддэг улсууд. Тэдний ар гэрээс хэн нэгэн хэрцгийгээр хөнөөгдсөн, үр хүүхэд нь хүчирхийлэлд өртсөн бол хэн нь ч цаазын ял байх ёсгүй гэж ярихгүй байсан гэж бодож байна.

-Цаазын ялыг 2015 онд халснаар эрүүгийн нөхцөл байдал сайжирсан уу?

-Үгүй. Улам л хүнд, хэцүү болж байгаа. Статистик бодит тоог нийгмийн уур амьсгалыг зөөллөх зорилгоор өөрчилдөг гэж би үздэг. Яг бодитой тоог олон нийтэд мэдээлэхгүй байгаа. Өчнөөн харгис балмад хэрэг үйлдсэн этгээдүүд шүүх хурал дээр “Та нар намайг яах юм. Чаддаг юм бол цаазлаарай” гээд инээгээд зогсч байгаа хүн цаана чинь байна. Тэгээд улсын төсөв хөрөнгөөр санхүүждэг шоронд жаргалаа эдлээд суудаг байхгүй юу. Улс нийгмийн амьдрал хүнд байхад онц аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд насан туршдаа төрөөр тэжээлгэж, өвдөхөөрөө эмнэлэгт хэвтэж байна. Энэ бол шударга ёс биш гэж би үздэг.

-Ажлын шугамаар онц хүнд гэмт хэргийн хохирогчтой цөөнгүй уулздаг байх. Тэд “Хүүгийнхээ амины араас өөр хүний хүүхдийг хөнөөлгөөд яах вэ, гомдолгүй. Цаазаллаа гээд хүү минь босоод ирэх вэ, өршөөчих” гэж ярих уу

-Би хуулийн байгууллагад ажиллах хугацаандаа онц хүнд гэмт хэргийн хохирогч нартай өчнөөн уулзаж байсан. Тэд “Энэ нөхөр хэзээ нэгэн цагт суллагдана. Тэр үед нь цусан өшөө авна” гэж ярьдаг л байхгүй юу. Ингэж ярьдаггүй хүн цөөн. Гэр бүлээ хүйс тэмтрүүлсэн хүн “Ямар нүүрээрээ тэр амьд явдаг юм” гэж ярьдаг л байхгүй юу. Тэр муу жаахан охиныг нь гол руу шидээд алчихсан байна. Хүчиндээд цус нөжтэй нь хольчихсон байна. “Хөөрхий минь шорондоо ороод амраг”  гэж хэн ч хэлдэггүйг баттай хэлнэ.

-Онц аюултай гэмт хэрэг давтан үйлдсэн хүмүүс шоронд суугаад гарч ирэхдээ хүмүүжсэн, ухаарсан байдаг уу. Тэд дахиж гэмт хэрэг үйлдэж шоронд ордоггүй юу?

-Хорих ялаас суллагдсан хүмүүсийн 49 хувь нь дахин гэмт хэрэг үйлддэг гэсэн судалгаа бий. Хорих байгууллагад ялтныг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх ёстой. Гэтэл нийгэмшүүлэх ажил сайн хийгдэхгүй байна.

 -Яагаад?

-Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх албан хаагчдын орон тоо дутуу. Баталж өг гэхээр мөнгө яриад байгаа юм. 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “нийгэмшүүлэх” тухай харин ч нэг орсон. Гэтэл хөрөнгө мөнгө, орон тоог нь хангалттай баталж өгөөгүй учраас яг хуучнаараа явж байгаа. Тийм учраас хэдэн зуун хоригдолтой хэдхэн нийгмийн ажилтан нэг бүрчлэн тулж ажиллаж чадахгүй байна. 20-30 хоригдол өрөөнд суулгаад бүлгээр ажиллаж байна. Тэр дотор зургаан удаа ял шийтгүүлсэн, анх ирээд удаагүй хүн байна, боловсрол, мэргэжил, нас, өссөн орчин янз бүрийн хүн байна. Тэр болгонтой тулахгүйгээр яаж нийт дунд нь яриад нийгэмшүүлэх юм бэ.

Ингээд нийгэмшээгүй хүмүүс суллагдахаар нөгөө харгис хэрцгий, балмад зан авир нь хөдөлдөг юм байгаа биз дээ. Хулгай зэлгий хиймээр санагдана биз дээ. Үүнд манай ажил олгогчдын дутагдал нөлөөлдөг. Хорооны Засаг даргын унхиагүй байдал нөлөөлдөг. Уг нь тэд суллагдсан хүмүүст анхаарах ёстой, тэднийг ажлын байртай болгох ёстой гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Даанч сэтгэл алга. Компаниуд ял эдэлсэн хүн авдаггүй, засаг захиргааны байгууллагууд нь ажилд оруулж өгөхөөс цааргалдаг. Ингээд шоронгоос гарч ирсэн хүнд ажил олддоггүй учраас өлсч үхэхгүйн тулд өөрийн эрхгүй хүний юмнаас тууж байна. Дараа нь баригдаад шоронд дахиж сууна. Үнэхээр Монголын төр шоронгоос суллагдсан хүмүүсээ хүний тооноос хасчихсан. Тийм учраас би хэлээд байна, 50 орчим хувь нь шорондоо буцаж ордог гэж.

-Гаднын донор байгууллагууд, Европын орнууд, НҮБ-аас манай улсад олгодог зээл, тусламжууд цаазын ялыг сэргээвэл зогсоно, багасна гэж эдийн засагчид болоод Сангийн сайд мэдэгдээд байгаа. Энэ нь эргээд хохирол болох вий гэж.

-Монголчууд дотроо эв нэгдэлгүйн дээр гаднын орнуудын дэргэд жижигрээд байх юм. Тэгж болдог юм уу. Бид өөрсдөө тусгаар тогтносон улс юм байгаа биз дээ. Өөрсдийн хууль тогтоомж, эдийн засгийн бодлоготой биз дээ. Хэдэн төгрөгийн төлөө ял шийтгэлийн бодлогоо сулруулж болохгүй. Олон их наяд төгрөг аваад улс орон хөгжсөн нь хаана байгаа юм. Томчуул чинь өөрсдөө “Эдийн засаг сүйрсэн” гэж яриад байгаа биз дээ. Хэдэн төгрөг авахын тулд эрүүгийн бодлогоороо гаднын хараат болж болохгүй. Хэдэн төгрөг нь хэрэгтэй байна гээд хуулиудаа өөрчлөөд байна. Сайжирсан нь алга. Гаднаас хуулбарлаж авчирч батлаад хэрэгжихээ больсон хуулийн заалтууд өнөөдөр маш их.

-Та Нийслэлийн прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Улсын ерөнхий прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, одоо Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор. Түүнээс өмнө прокурорын байгууллагадаа энэ чиглэлээрээ олон жил ажилласан практик хуульч. Таны үгийг би хүндээр тусгаж аваад байна л даа.

-Цаазын халах цаг нь болоогүй. Цаг нь болохоор халж болно. Одоо л биш. Цаазыг ялыг сэргээвэл бүх хүнийг цаазлаад эхэлнэ гэж үлгэр шиг юм ярих хэрэггүй. Тодорхой төрлийн онц хүнд гэмт хэрэгт л цаазын ял оногдуулах нь зүйтэй юм.

-Таны бодлын шүүлтүүрээр ямар үед цаазын ялыг халах цаг нь боллоо гэж үзэх вэ?

-Иргэдийн эрх зүйн ухамсар дээшилсэн цагт. Төр нь төр шиг болсон цагт. Хууль цааз бүрэн утгаараа хэрэгжсэн цагт. Нийгэм даяараа будилж байгааг чи ч, би ч харж байна. Дээгүүрээ суудлаа, доогуураа хөлөө олохгүй байна шүү дээ. Хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна.

-Шүдийг шүдээр гэдэг шиг төр нь иргэдийнхээ өс хонзонг буруутнаас авахын тулд цаазын ялыг байлгадаг юм уу, цаазын ялаар хэрэгтнүүдийг айлгаж урьдчилан сэргийлэхийн тулд байлгадаг юм уу?

-Энэ хүнийг хөнөөвөл өөрөө энэ хорвоогоос явна гэдгийг урьдчилж тэр хүнд бодуулахын тулд цаазын ял байдаг юм. Онц аюултай гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн судалгааг хууль, хүчний байгууллага хийж ирсэн. Тийм хүмүүс нийгэмд цөөхөн. Тэр хүмүүстэй хэлбэр талаас нь ажиллаж байгаа болохоос яг тулж ажиллаж чадахгүй байна. Үүнд бүтэц орон тоо, мөнгө төгрөг биш ажил хариуцаж байгаа хүний сахилга хариуцлага холбоотой байдаг. Өөриймсөг, зүтгэлтэй, сэтгэлтэй, сахилгатай албан хаагчийн тоо цөөрч байна даа. Хууль батлаад л байдаг, хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй манай төрийн албан хаагчид хүн шиг ажиллаж өгөхгүй байна. Өөрсдөө хуулиа зөрчиж байна. Найзан дундаа орчихсон, хууль завхруулж байгаа хүмүүсийн ажил яаж явах юм. Цаазын ял байхгүй болсноор хүний амь хохироосон хэрэг хонь хулгайлж төхөөрснөөс ялгаагүй боллоо. Нэг хэсэг хойд эцэг нь охиноо хүчинджээ гэж дуулддаг байсан. Сүүлийн үед төрсөн эцэг нь жаахан охиноо хүчинддэг болж. Хүний арьс нөмөрсөн ийм адгуусыг яагаад нийгэмд байлгах гээд байгаа юм. Яагаад үүнийг шударга ёсны манаач байх учиртай зарим хуульч өмгөөлөөд байгаа юм.

-Хуулиудыг нийгэм цаг үетэйгээ холбож хөгжүүлж байх ёстой. Та өөрөө шинэчлэлийг хэр тусгаж авдаг хүн бэ. Өөрийг чинь шинэчлэлийг эсэргүүцэж байна гэж ярьж эхэлбэл хариу тайлбар чинь ямар байх вэ?

-Шинэчлэл хэрэгтэй. Шинэчлэлийг судалгаан дээр суурилж хийдэг. Гаднын хуулиас авахдаа хүрвэл Монголын хөрсөн дээр хэрэгжих боломжтой заалтыг нь авчирдаг болохоос биш огт хэрэгжихгүй заалт оруулж ирээд суулгачиж болохгүй. Хууль хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан энэ. Хууль бичиж байгаа хүмүүс эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсохгүй байна. Эрдэмтдийн судалгаа архивт л хадгалагдаж байна. Өнөөдөр төрийн өндөр албан тушаалд байгаа улсууд өмнө нь бидэнтэй адил дуу хоолойгоо өргөж байсан хүмүүс. Дээш дэвшихээрээ тэс хөндлөн юм яриад гаднын хууль тогтоомж шүтээд явчихаж байна. Ингэж болдог юм уу.

 

-Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулахад прокурорын байгууллага санал өгсөн байж таарна. Тэгэхэд та Улсын ерөнхий прокурорын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан болж таарч байна. Тэгэхдээ хуулийн төсөлд яг цаазтай холбоотой ямар санал өгч байв?

-Засгийн газар анхнаасаа цаазын ялыг хассан төсөл оруулж ирсэн. 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн пактын нэмэлт II протоколд нэгдсэн гэдэг утгаар ажлын хэсэг гарцаа байхгүй Монгол Улс цаазын ялаас татгалзах ёстой гэсэн хандлагатай байсан. Миний хувьд Монгол Улс цаазын ялыг халах болоогүй гэдэг байр сууриа саналаараа илэрхийлж байсан.

-Үүнээс өмнөх Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүдэд цаазын ялыг халах тухай санал орж ирсэн, халсан тохиолдлууд байдаг уу?

-Цаазаар авах ялаар доктор хамгаалсан эрдэмтэн судлаачид илүү ярина. 1921 оноос хойш ярих юм бол 1953 онд цаазаар явах ялыг халж байсан удаатай. Тэр үед энэ ял хэрэггүй, хүний эрхийг хамгаалъя гэж одоогийнх шиг ярьж л байсан. Тэгээд жилийн дараа буцаагаад сэргээсэн шалтгаан нь тодорхой. Цаазаар авах ял байх ёстой талаар эрүүгийн чиглэлээр мэргэшсэн олон судлаач хэлдэг. Тэдний хийсэн судалгаа, шинжилгээг үндэслэх ёстой болохоос сэтгэлийн хөөрлөөр Эрүүгийн хуулиас аваад хаячихаж болдоггүй юм аа. Монгол Улс өөрийн эрх зүйн хөрс, онцлогтой. Хүний амь насыг болгоомжгүй ч биш санаатайгаар бусниулсан хүн амьд сэрүүн явна гэдэг бол шударга ёс биш. Би тэгж үздэг.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%