Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойд зориулсан Баярын хурал Залуучууд театрын Их танхимд боллоо. Анх 1961 оны 10 дугаар сарын 17-нд тухайн үеийн “Давхрын өртөө”-нд Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тавьж Бурхантын хөндийн зэлүүд талд шинэ хот гэрэл гэгээ цацрааж гал голомтоо бадраасан түүхтэй. Хүндэтгэлийн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч С.Насанбат тэргүүтэй аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ОХУ, БНСУ-ын болон аймгийн үе үеийн дарга нар, иргэдийн төлөөлөл оролцсон юм.