Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Онгоцтойн амны гүүрийг ирэх онд бүрэн шинэчлэнэ

2018-10-29

Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны гүүрийг ирэх онд бүрэн шинэчлэхээр улсын төсөвт хөрөнгийг шийдвэрлээд байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Чинзориг, Д.Тогтохсүрэн болон аймаг, орон нутгийн удирдлагуудын удаа дараагийн хөөцөлдөлгөөний үр дүнд 10 орчим тэрбум төгрөгөөр 210 метр урттай төмөр бетон гүүрийг 2019 оны эхэн үеэр барьж эхэлнэ. 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас шинэ гүүрний геодезийн зураг төслийг хийж, хуучин гүүрнээс 30 метрийн зайтай барихаар болжээ. Онгоцтойн амны 105 метр урттай хуучин модон гүүр нь 1971 онд ашиглалтад орсон бөгөөд 1993, 1997, 2004, 2009, 2014 онуудад засвар хийсэн ч жилд 35-50 мянган гадаад, дотоодын жуулчид, Бат-Өлзий сумын гурван багийн 600 өрхийн 3000 гаруй иргэд дамжин өнгөрдөг учраас эвдрэл ихтэй байсаар байгаа юм. Гүүрний шал эвдэрч, гол тулгуур хазайж, даац авах боломжгүй болсон учраас Мэргэжлийн хяналтын газар, ажлын хэсгүүдийн дүгнэлт гарч, тээврийн хэрэгслээр зорчихыг хориглон сум орон нутгаас анхааруулга, сэрэмжлүүлгийг өгсөөр иргэд тус гүүрээр нэвтэрч, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлтэй байдалд оруулж байна.

Б.Чимэг