Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 40 дүгээр тогтоолоор батласан "Соёлын үйлдвэрлэл" аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Есөнзүйл сумын Соёлын төв Уран зургийн галерейг байгууллаа.
Монголын урчуудын эвлэлийн “Best” арт галарейн дэмжлэгтэйгээр ийнхүү улсын хэмжээнд “Уран зургийн галарей”-тай анхны сум болж байгаа юм. Тус галерейд Өвөрхангайн уугуул, Ардын зураач А.Сэнгэцохиогоос эхлэн МУУГЗ, МУЭ-ийн шагналт зураач Ц.Наранцацрал, МУЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун, МУЭ-ийн гишүүн усан будгийн мастер зураач С.Мөнхбаатар гэхчлэн дотоод, гадаадын 60 гаруй мэргэжлийн бүтээлчдийн уран бүтээл тавигдсан байна. Мөн нутгийн ард түмний эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэл, түүх дурсгалын зүйлс зэрэг нандин үзмэрүүдийг дэлгэжээ.
Нутгийн уугуул зураач "Бест” арт галлерейн захирал С.Чулуунбаатар, Есөнзүйл сумын удирдлагууд, тус сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Мягмарсүрэн нарын санаачилгаар байгуулсан Уран зургийн галерейн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 3-ны өдөр буюу Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсэн өдрөөр тохиолоо.
Б.Чимэг