Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-13

        Дархан сумын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5  хувиар өссөн дүнтэй байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34-31 болж, 8.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
       Сургалтын үеэр баг хариуцсан цагдаагийн хэсгийн байцаагч нарын тухайн багийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн талаар хийсэн мэдээлэлд гэр хорооллын  айл өрхүүдийн хувьд өдрийн цагаар хулгайн гэмт хэрэг их гардаг, орон сууцны айл өрхүүдийн хувьд шөнийн цагаар үйлдэгдсэн гэмт хэрэг зонхилж байгаа талаар дурдагдлаа. Энэ нь айл өрхүүдийн хөршийн харилцаа холбоо муу, хашаа, гэр байшингийн хаалга, цонхны цоож найдваргүй, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөггүй, өгөхөөс төвөгшөөдөг,  иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаа болон архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх явдал буурахгүй байгаатай холбоотой юм.
       Тэрчлэн иргэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн талаар мэдээлэл дутмаг байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг гэж хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд энэ хуульд заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ, хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, холбон зуучлах үйлчилгээг хамтран үзүүлэх сум, багийн Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын хэлбэрийг хэлнэ гэж заасан байдаг. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 29 дүгээр тогтоолоор Дархан сумын 18 багт тухайн багийн Засаг даргаар ахлуулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийг байгуулсан. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд багийн Засаг даргаас гадна багийн нийгмийн ажилтан, цагдаагийн хэсгийн байцаагч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн ажилладаг.   Хамтарсан багуудын үйл ажиллагааг дэмжин идэвхжүүлснээр гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.  
       Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс санаачлан иргэдийнхээ хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран 2018 оны 10 дугаар сарын 24-өөс 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Дархан сумын хэмжээнд баг бүр дээр Хууль сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Дархан сумын нийт 18 багийн 429  иргэнийг хамруулсан байна.
        Сургалтын хүрээнд Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын талаар Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Б.Наранмөнх, Хяналтын прокурор О.Доржмаа,  Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Дулам, ГБХЗХГ- ын мэргэжилтэн А.Мягмаржаргал, ГБХЗХГ-ын нийгмийн ажилтан Ж.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, сургалтанд иргэд талархалтай хандаж оролцлоо.
        Монгол улс 1997 онд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийн эхний хувилбарыг боловсруулсан. 2004 оны 05 дугаар сард “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг УИХ-аар баталж, 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж ирсэн. Үүнээс хойш тус хуулийг  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг  УИХ-аар шинэчлэн баталж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
        Төрийн бүх шатны байгууллага, иргэд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход ямар үүрэгтэй оролцохыг уг хуулиар зохицуулж өгсөн нь шинэлэг зүйл болсон хэмээн хууль санаачлагчид тодорхойлсон байдаг.
        1992 онд  Захиргааны хариуцлагын тухай хуулинд 50 орчим зөрчлийг хуульчилж, торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, хууль бусаар олсон орлого эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах, баривчлах гэсэн шийтгэлтэй байсан бол 2017 оны Зөрчлийн тухай хуулиар 194 зөрчлийг хуульчилж, торгох, баривчлах, эрх хасах гэсэн шийтгэлийн төрөлтэй болсон.
        Эрүүгийн хууль нь 30 бүлгээс бүрдэх бөгөөд 10-30 дугаар бүлэгт 206 төрлийн гэмт хэргийг хуульчилсан. Анх  2015.12.03-ны өдөр батлагдсан энэхүү хууль нь 6 удаа нэмэлт өөрчлөлтүүд орж, 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 2002 онд батлагдсан өмнөх эрүүгийн хуультай харьцуулахад ялын төрөл өөрчлөгдсөн. Цаазаар авах, баривчлах, эд хураах ялыг халж, зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмсэн байна. Мөн хуулийн этгээдэд ял оноодог болсон.
        Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд хүүхэд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй бол эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг үүргүүдийг хүлээдэг байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%