Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдийн оролцоог хангахын тулд иргэдийг байнга идэвхжүүлэх нь чухал

2014-09-18

Дорноговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Эрдэнэцэцэгтэй хийсэн ярилцлага.
question Дорноговь аймгийн ИТХ-ын ажлын алба иргэний оролцооны хэлтэстэй юм байна. Хэлтэс байгуулах болсон шалтгаан нь юу вэ?
answerДорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын/ Цаашид ИТХ гэх/  хувьд бол иргэдийнхээ оролцоог хангах тал дээр нилээдгүй зүйлүүдийг санаачилж хийж эхлүүлээд байна. Хамгийн  анх 2010 онд  тухайн үеийн ерөнхийлөгчийн зөвлөх, одоо УИХ-ын гишүүн Р. Бурмаагийн санаачлагаар Канад сангийн дэмжлэгтэйгээр  Дорноговь аймгийн томоохон сумд болох Сайншанд, Айраг, Замын-Үүдэд иргэний танхим байгуулсан. Түүнээс хойш бүх сумд иргэний танхимтай болсон байна. Иргэдийн оролцоогоо хангах, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, илүү чадавхижуулах  үүднээс аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн хурлын төлөөлөгч Э.Энхжаргал /одоо иргэний оролцооны хэлтсийн даргаар ажиллаж байгаа/ хоёр маань нийслэлийн иргэний оролцооны хэлтсийн ажил байдалтай танилцаж, туршлага судлаад, Дорноговь аймгийн ажлын алба бүтцээ өөрчилж, иргэний оролцооны хэлтсийг тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулаад ажиллаж байна.. Ноднин жил 10 сарын 1 нд байгуулагдаад, одоо нэг жил болох гэж байна. Энэ хэлтэс маань дарга, иргэний танхим хариуцсан ажилтан, олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй. Манай ажлын алба энэ гуравтай нийлээд 11 хүнтэй. Ажлын төлөвлөгөөний хувьд бол тэргүүлэгчдээс санал гарсан. Бид иргэдийн оролцоог хангах, иргэдийн санал санаачлагыг бодлого шийдвэрт тусгахаар энэ хэлтсийг байгуулсан. Тийм учраас энэ хэлтсийн ажлыг тусгайлан авч үзье гэсний дагуу энэ жил иргэний оролцооны хэлтсийн ажлын төлөвлөгөөг тусад нь батлуулсан. Манай  иргэний оролцооны хэлтэс нь тодорхой сэдвээр, сар сараар ажлаа төлөвлөөд явдаг. Энэ сар боловсрол хөгжлийн сарын хүрээнд аймгийн төрийн байгууллагуудын дарга нар, хурлын төлөөлөгчид, бүх сумын засаг дарга, хурлын дарга, багийн засаг дарга нарт зориулан “Үйлчлэн манлайлахуй”сургалтыг бүтэн өдрийн турш, “ Иргэдийн оролцоо- Нутгийн хөгжил”лекцыг  иргэдэд үнэ төлбөргүй явуулж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа албан хаагчид зөв боловсон харьцаатай, иргэддээ үйлчлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй, түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчилдэг байх нь чухал. Ер нь иргэдийн оролцоог хангах аливаа асуудалд иргэдээ идэвхитэй байлгая гэвэл  нэн тэргүүнд удирдлагын харьцаа хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж  энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм..
question Сургалт лекцийн зарыг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ?
answerДорноговь аймгийн ИТХ-ын ажлын алба орон нутгийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй жигд хамтран ажилладаг. Манай аймаг 3 телевиз, 3 FM радио,хувираа ажилладаг 3 сэтгүүлч бий. Энэ хүмүүстэй гэрээний үндсэн дээр хамтарч ажилладаг.Зарыг мэдээллийн хэрэгслүүдээр явуулсан мөн холбогдох албан байгууллага, сумдад  7 сард энэ сургалтын тухай албан бичиг явуулсан. Зар явуулаад албан бичиг өгөөд зогсдоггүй, агуулгыг товч багтаасан урилгыг хүргүүлдэг. Энэ нь иргэдийг сэдэлжүүлэх, цуглуулах  нэг хэлбэр юм даа.  
question Иргэддээ үнэ төлбөргүйгээр хүргэж байгаа сургалт лекцийн санхүүжилтийг хэрхэн зохицуулж байна вэ?
answerИТХ-ын ажлын албаны төсөв гэдэг маань маш бага. Гэхдээ бид нөөц бололцоогоо ашиглаж байна. Багшийн сургалтын зардал болон цайны завсарлагааны үнийг  хурлаас гаргаж, Саран хөхөө театр болон тамгын газарт  түрээс төлөлгүйгээр, үдийн хоолыг оролцогчид өөрсдөө дааж байгаа.
question Энэ сургалтыг хийх болсон үндсэн шалтгаан нь юу вэ ?
answerИргэдийн оролцоог яг яаж хангах вэ  гэдэг арга замыг бид эрэлхийлээд байна. Манайхан иргэний оролцоог хангаж байна, иргэдийн нийтийн хурал хийгдэж байна гэж яриад байгаа, гэтэл олонхи нь хуралдаа оролцохгүй, хэдэн иргэн төр засгийн байгууллагуудын мэдээлэлтэй танилцдаг, хэд нь вэб сайт руу орж мэдээлэл авдаг нь тодорхойгүй яваад байдаг. Иймээс л иргэд рүү чиглэсэн сургалт лекцүүдийг хүргэж мэдээллээр хангах, идэвхижүүлэх, хандлагыг өөрчлөх, зорилгоор зохион байгуулж байна. Төрийн албан хаагч нэг талаасаа иргэн. Удирдлагууд сургалтанд хамрагдсанаараа байгууллагадаа манлайлал үзүүлж, төрийн албан хаагчид иргэдэд үлгэр дууриал болно гэж бид үзэж байгаа.
question Сургалтнаас гадна иргэд рүү  хандсан ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
answerИТХ-ын дарга Г.Ганбаатарын санаачлагаар иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор SMS үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл  шатанд явж байна. Иргэн  төрд хүргэх үг,  өөрийн санал бодлоо хаанаас ч илэрхийлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилготой.  Малчин хүн малынхаа бэлчээрээс, иргэд гэртээ амарч байхдаа  ч гар утсаараа SMS илгээх боломжтой болно. Иргэдийн өгсөн саналын дагуу ажиллаж, хариуг өгдөг байхын төлөө энэхүү үйлчилгээг хэрэгжүүлэхээр зорьж байна.   Иргэдийн санал санаачлагыг авч, тэдний оролцоог хангаж ажиллах гэхээр иргэд идэвхигүй хандах нь бий. Жишээ нь: Иргэний зөвлөлийг ИТХ-аас байгуулахаар болсон. Үүний дагуу хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр болон Facebook-ээр иргэний зөвлөлийн гишүүдийг сонгох шалгуур хангасан иргэн бүртгүүлнэ үү эсвэл иргэнийг санал болгоно уу гэсэн зарыг сүүлийн 2 сарын турш явуулахад  2,3 хан хүн л би болох уу гэж асуусан. Түүнээс биш тэрийг оруулъя гэсэн санал гарч ирээгүй. Тэгэхээр бид иргэдийн оролцоог хангахын тулд байнга идэвхижүүлэх  шаардлагатай юм байна гэсэн ойлголтод хүрсэн.  
question Хоёулаа сургалтын талаар нилээд ярилцлаа. Ярилцлагын  төгсгөлд  нутгийн өөрөө удирдах байгууллагад олон жил ажиллаж байгаа туршлагатай хүний хувьд тулгамдаж буй асуудлыг тодорхойлно уу?
answerМиний бодлоор нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинд дорвитой өөрчлөлт хийж, хууль хоорондын зөрчилтэй, уялдаа холбоогүй заалтуудыг арилгах цаг нь болсон гэж үздэг. Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга уу?  Тэргүүлэгчдийн дарга уу ?, ИТХ-ын нарийн бичгийн дарга уу? Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга уу?  наад захын энэ асуултуудаас эхлээд л нэгжийн хууль маань зөрчилдөж яваа. Нутгийн өөрөө удирдах байгуулагатай холбоотой 150 гаруй хууль байдаг. Бүх хууль зөрчилдөөнтэй. Энэ асуудлыг анх удаа ярьж байгаа хэрэг биш. Ерөнхийдөө бүгд мэдэж байгаа.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%