Аймгийн
ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, аймгийн энэ
оны нийт хөрөнгө оруулалт болох 30 тэрбум төгрөгийн 80 орчим хувийг хүүхдийн
хөгжил, хамгаалал руу чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулаад байна.
Зорилтот жилийн ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хорооноос 5 зорилт, 57 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар жилийн ажлын тайланг хэлэлцэж, 92.4 хувьтай буюу үр дүнтэй, шалгуур үзүүлэлтүүд зорилтот түвшиндээ хүрсэн хэмээн дүгнэлээ.
“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн юм. Арвайхээр суманд “Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон”-ыг байгуулахаар барилгын ажлыг “ӨВМТ” ХХК 90 хувьтай гүйцэтгээд байна. Ордон энэ сард ашиглалтад орно. Мөн хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх, ном унших соёлыг бий болгох зорилгоор 300 уншигчийн суудалтай “Хүүхдийн номын ордон”-г ашиглалтад оруулж, үүнтэй уялдуулан “Нэг ном-Эрхэм үйлс” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулснаар 1000 гаруй номыг цуглуулжээ.
Арвайхээр
сум дахь Хүүхдийн паркад орон нутгийн төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар тоглоомын шинэчлэл хийсэн ба спортын заалуудыг шинээр барьж
ашиглалтад оруулснаар хүүхдүүд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл
боломж нэмэгдээд байна.