Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БАЙНГЫН ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БАЙХ НЬ ХУУЛЬЧИЛАГДСАН

2014-10-01

Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалд Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоог дараах байдлаар хуульчилсан байна

Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэг / Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид мөн./ -т нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо хуульчлагдсан. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэхийг хуульчлаад энэхүү удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоохыг Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дах хэсэгт заасан  байдаг.

Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дах хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  шинэчилсэн найруулга нь  2006 оны 12 дугаар сарын 15 өдөр Улсын Их Хурлаар батлагдан хэрэгжиж байгаа билээ. Энэ хууль бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг  зохицуулдаг.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг зааснаар Нутгийн өөрөө удирдах байгууллага дараах тогтолцоотой байна гэжээ.

9.1.1. аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:
9.1.2. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:
9.1.3. баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал:
9.2. Энэ хуулийн 9.1.1 – 9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.

Дээрхи хуулийн заалтаас бие биенээсээ үл хамаарах 3 Хурлын байгууллагын нэгдмэл тогтолцоог Нутгийн өөрөө удирдах байгууллага гэж ойлгогдоно. Өөрөөр хэлбэл дээрх Хурлын байгууллагууд нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд нэгдмэл байр суурьтай хөгжлийн бодлогыг тодорхойлж, түүнийгээ орон нутагтаа хэрэгжүүлэхийг засаг дарга нарт үүрэгжүүлэх нь Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэх болно. Түүнээс биш  3 Хурлын байгууллага тус тусдаа бие даасан хөгжлийн бодлого тодорхойлж, түүнийгээ засаг даргаар  дамжуулан хэрэгжүүлнэ гэсэн ойлголт байж болохгүй. Засаг дарга нар нь Хурлын байгууллагаас  тодорхойлж, батлаагүй хөгжлийн бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэх боломжгүй юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын Хурлын байгууллага нь зөвхөн хуралдаан болж байгаа агшинд үйл ажиллагаа нь явагдаж, чөлөөт цагт нь түүний Тэргүүлэгчид бүрэн эрхийг нь хэрэгжүүлэхээр хуульчлагдсан. Гэвч энэ нь Хурлын байгууллагын байнгын, тасралтгүй үйл ажиллагааг төдийлөн хангаж чадахгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай  хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар / Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана./  Нутгийн өөрөө удирдах байгууллагын Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хороо байгууллснаар хангах учиртай байна. Аливаа хууль тогтоомжийн цөм, шигтгээ гэж зүйл байдаг бол энэ хуулийн шигтгээ нь хороог заавал байгуулахаар хуульчилсан явдал юм. Хэрэв НӨУБ-ын Хурал нь хороотой байх эс байх асуудлыг өөрөөсдөөр нь шийдвэрлүүлэхээр хуульд заасан байсан бол магадгүй тэдгээрийг байгуулахгүй байх магадлалтай. Яагаад гэдгийг тайлбарлах шаардлаггүй  бөгөөд байгуулахгүй байх маш олон шалтгаан байж болно.

Харин хороо заавал байгуулахаар хуульчилсан нь Хурлын хуралдааны чөлөөт цагт бүрэн эрхийг хэрэгжүүлэх Тэргүүлэгчдийн эрх мэдлийг саармагжуулах чухал ач холбогдолтой заалт болохоос гадна Хурал нь өөрөө байгуулага  байх  мөн чанарыг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл хороог байгуулснаар Хурал гэдэг байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтыг бий болгож байгаа юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төлөөллийн байгууллага, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын байгууллага нь шууд ардчиллын байгууллага.
Дээрх 2 төрлийн байгууллагад хуулиар олгогдсон эрх мэдэл их ч хуулиас давсан эрх мэдэл гэж байх учиргүй. Харин хуульд нийцүүлэн аливаа тулгамдсан асуудлаа бие даан шийдвэрлэх  эрх мэдэл гэж байна. Энэ эрх мэдэл хаан байна вэ. Хэний мэдэлд байна вэ. Яагаад энэ эрх мэдэл бидэнд  болон орон нутгийн хөгжил, үйл ажиллагаанд мэдрэгдэхгүй байна. Энэ л асуудал болоод байна.
Тэгвэл хуульд нийцүүлэн аливаа асуудлыг бие даан шийдвэрлэнэ гэдэг юу вэ. Хуулиар олгогдсон том, жижиг олон асуудал байгаа. Нэг л  том жишээ хэлье.

Нутгийн өөрөө удирдах байгууллага Хурал нь  Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан өөрийн аймаг, орон нутгийнхаа судалгаанд суурилсан олон талт хөгжлийн бодлогыг оновчтой зөв, алсын хараатайгаар урт хугацаатай   төлөвлөж, түүнийхээ хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж, хэрэгжих боломж нөхцлийг хангаж өгөх асуудал. Бодлогын чанартай энэ том асуудлыг  нэг өдрийн  Хурлын хуралдаанааар хэлэлцээд шийдвэрлэнэ гэдэг юу л бол. Гэхдээ олонхи тохиолдолд ийм зүйл болдог. Болж байгаа нь хуулийн гажуудал, хатуухан хэлбэл гамшиг. Энэ л шалтгаанаар өнөөдөр орон нутагт урт хугацаанд тогтвортой хэрэгжих тогтсон хөгжлийн бодлого төдийлөн байхгүй байгаа нь нууц биш. Энэ юутай холбоотой гэхээр Хурлын байгууллага өнөөдөр орон нутгийн хөгжлийн бодлоготой төдийлөн уялдаагүй Засаг даргын мөрийн хөтөлбөрийг л батлах хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн чанартаа бол Хурлын байгууллагын тодорхойлсон, залгамж чанартай, алсыг харсан,  олон талт хөгжлийн бодлогод тулгуурлаж боловсруулсан Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталж, хэрэгжилтийг нь хангуулж, байнгын хяналт тавих үйл ажиллагаа нь хуульд илүүтэй нийцэх төдийгүй олон түмэнд ойлгомжтой байх болно.
Дээр хэлсэн судалгаанд суурилсан,  олон талт хөгжлийн бодлогыг хаанаас хэн, яаж гаргаж тавих вэ. Энд л хороо гэдэг  Хурлын байгууллагын өөрийнх нь дотоод бүтцийн тогтолцоог ашиглах нь хамгийн оновчтой гэж бодож байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага нь тухайн орон нутгийнхаа  олон талт хөгжлийн бодлогыг тодорхойлох чиг үүргийн хороодыг байгуулж түүгээрээ дамжуулан асуудлыг нухцтай хэлэлцэж байж шийдвэр гаргах түвшинд эцэслэн  хэлэлцүүлж хэвшүүлэх нь чухал байна.
Хурлын байгууллагын дотоод бүтцийн анхдагч нэгж болох Хороодын   идэвхитэй үйл ажиллагаанаас ихээхэн  зүйл хамаарна.

Нэгдүгээрт- Хурлын болон  Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах асуудлууд урьдчилан сайтар судлагдаж, боловсруулагдсан байна.
Хоёрдугаарт- Сонгогчдийн төлөөлөл болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сул төлөөлөгчид аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох оролцоо эрс нэмэгдэнэ.
Гуравдугаарт- Хорооны гишүүдийн идэвхи санаачлага дээшилж, орон нутгийн хөгжлийн бодлоготой холбоотой урт, дунд  хугацааны асуудлын зааг ялгааг мэдрэх ур чадвар нь нэмэгдэнэ.
Дөрөвдүгээрт- Хороодын ажил тогтмолжих нь орон нутагт хэрэгжиж байгаа, хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэнд тавих хяналт тогтмолжиж олон төрлийн хяналтын давхардал үгүй болно. Орон нутагт хийгдэх хяналт, шалгалтын ажил зөвхөн Хурлын хороод дээр төвлөрч хийгдэх боломж бололцоог бий болгоно.
Тавдугаарт- Иргэд сонгогчид хурлын байгууллагын мөн чанрыг бүрэн ойлгож, Хурлын төлөөлөгчдөд нэр дэвшүүлэх болон   сонгохдоо асуудлыг өргөн цар хүрээтэй харж, сонголт хийх хүсэл эрмэлзэл төрнө.
Энэхүү дурьдсан үр дүнг гаргахын тулд Хурлын байгууллагын өөрийнх нь баталсан дотоод бүтэц болох хороодын ажлыг хариуцсан албан тушаалтан бүхий ажлын алба байх нь оновчтой.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дах хэсэгт зааснаар Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байхаар хуульчлагдсан байгаа нь хороодын ажлыг идэвхитэй  байх боломж олгохгүй  байна.

Хурлын байгууллагын хороог тасралтгүй байнгын үйл ажиллагаатай байлгах үндэс нь тухайн хорооны орон тооны ажилтанг тогтвортой ажлын байран дээр тасралтгүй байнгын ажиллуулах явдал юм. Ингэж ажиллахын тулд хорооны ажилтан болон  хорооны гишүүд болох хурлын байгууллагын төлөөлөгчдийн идэвхтэй санаачлагатай хамтын үйл ажиллагаа, ойлголцлоос ихээхэн хамаарахаас гадна тодорхой цаг хугацаа шаардлагатай.
Энэ цаг үетэй Нутгийн өөрөө удирдах байгууллагын ИТХ-ын үйл ажиллагааг тасралтгүй байнгын байлгах хуулийн хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгаад Хэнтий аймгийн ИТХ-ын байгууллагаас дүгнэлт хийж дараах шинэчлэлт өөрчлөлтийг хийж эхлээд байна.
Хурлын байгууллагын онцгой бүрэн эрхт хамаарах өөрийн дотоод бүтэц болох хороодод тулгуурласан ажлын албаны бүтэц зохион байгуулалт, орон тоог бий болгож тухайн хороог хариуцсан ажилтан гэдэг шинэ ажлын байрыг бий болгосон.

Ингэж хороо тус бүрийг хариуцсан ажлын байр бий болсноор Хурлын байгууллагын хороо жигд, тогтвортой, тасралтгүй, байнгын үйл ажиллагаатай байх нөхцөл бүрдэхээс гадна Хурлын ажлын албаны ажилтны ажлын ачаалал тэнцвэржиж, хийж гүйцэтгэх ажил үүргийн хуваарь  нь тодорхой болно.
Хурлын байгууллагаас  орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох үзэл баримтлалыг судалгааны үндсэн дээр  боловсруулж, санал дүгнэлт гаргаж  шийдвэр гаргах хуралдаанд асуудал оруулах үйл ажиллагаа сайжирч, тогтворжиж, хорооны ажилтан, болон төлөөлөгчид  тухайн чиг үүргийн хорооны ажлаар мэргэшиж чадваржих, гарсан шийдвэр нь олонд ойлгомжтой тодорхой байна.

Хурлын байгууллагын хороо хариуцсан ажилтан гэсэн ажлын байр шинээр бий болгож байгаа хэтийн зорилго нь олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдэж байгаа ажил, мэргэжлийн арвин туршлагатай сургагч багш,  мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн төрийн бус байгууллага байгуулж тэр байгууллага нь орон нутгийн бодлого тодорхойлход сургалт, судалгаа, үнэлгээ, арга зүйн зөвөлгөө өгдөг байх тогтолцоог бүрдүүлж, энэ үйлчилгээ үзүүлснийхээ төлөө төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авдаг байх  нь үр өгөөжөө өгсөн сайн туршлага сайн ажил болох нь дамжигүй. Энэ ажлыг зориглон хийхээр Хэнтий аймгийн ИТХ-аас эрх зүйн орчноо бүрдүүлж үйл ажиллагаагаа 2014 оны 8 дугаар сараас эхлүүлээд байна.
Өнөөдрийн цаг үед энэ тогтолцоог бүрдүүлэхэд Хэнтий аймгийн нутгийн өөрөө байгууллага аймгийн ИТХ түүний ажлын алба, төлөөлөгч нарт хийж дадаж сураагүй олон шинэ үйл ажиллагаа, тулгамдсан асуудал үүсч болох ч бид үүнийг хийж чадна гэсэн тэмүүлэлтэй нэг хамт олныг бүрдүүлж чадснаараа туршлага болно гэж үзнэ.

Шинэчлэлийг шинэ хүмүүс хийдэг, хуучин хүмүүс шинэчлэгдэхийг санаархадаг гэсэн зарчмыг баримтлан  хийж эхэлсэн Хэнтий аймгийн  нутгийн өөрөө удирдах байгууллагын аймгийн ИТХ-ын дотоод бүтэц хороодын үйл ажиллагаанд тулгуурласан энэ шинэчлэлийн ажлын  зөв бурууг цаг хугацаа харуулна.

Нөгөө талаас  цагаан цаасан дээр хараар бичсэн “ ИТХ-ын байгууллагын тасралтгүй, байнгын үйл ажиллагаа хангах чиг үүрэг хороонд байна” гэсэн   хуулийн заалтыг зайлшгүй хэрэгжүүлж Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажсан Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцооны нэр хүндийг иргэд сонгогчдийн өмнө өсгөх нь  Хурлын төлөөлөгчид, хороо хариуцсан ажилтан, ажлын албаны үүрэг байх болно.

Иргэн таны саналаар оршин тогтнож байдаг Монгол Улсын Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо мандан бадрах болтугай.
Хэнтий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ө.Цогбадрах.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%