Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бизнес төлөөлөгчийг хурлын тэргүүлэгчээр сонгохгүй байхаар шийдвэрлэсэн.

2014-10-01

Өвөрхангай аймгийн Богд сумын ИТХ-ын тэргүүлэгч В.Баярсайхантай хийсэн ярилцлага 

Богд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар сонин юу байна?

Богд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /Цаашид ИТХ гэх/ 2014 онд сумын 90 жилийн ой уруу чиглэсэн үйл ажиллагаанууд болон хандивын асуудлыг нарийн шийдэх гол ажлууд хийсэн. Мөн Орон нутгийн хөгжлийн санд хяналт тавих, мөнгөний зарцуулалтанд анхаарах гэсэн байдлаар хурлын тэргүүлэгчид 5 удаа хуралдсан. Орон нутгийн хөгжлийн сангаар 560 сая гаруй төгрөг батлагдсан, одоогоор 200 орчим сая төгрөгийн ажил зарлагдаад, хийгдээд явж байна.

Та сумын Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын тэргүүлэгч юм байна. Тэргүүлэгчид маань хэр идэвхитэй ажиллаж байна вэ?

Манай сумын хурал 2012 оны сонгуулиар шинээр сонгогдсон, шинэ даргатай, шинэ тэргүүлэгчидтэй. Урьд урьдын тэргүүлэгчдийг хараад байхад хурлын тэргүүлэгчдэд бизнесмен төлөөлөгч ороод, суманд орж ирж буй мөнгөний хуваарилалтыг тэргүүлэгчид өөрсдийн хүрээнд шийдэж, гадагшаа гаргахгүй,  хөрөнгө мөнгө ард иргэд рүү  чиглэж өгдөггүй байсан. Иймд бид анхнаасаа тэргүүлэгчдэд хувийн бизнес эрхэлдэг төлөөлөгчийг оруулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Малчин, эмч гэх мэт салбар салбарын хүмүүс гээд 7 тэргүүлэгчидтэй ажилладаг.  Шинэ хүмүүс боловч тэргүүлэгчид маань гайгүй сайн ажиллаж байгаа. Жилийн хугацаанд суралцах гэж сүрхий юм байдаг юм байна, одоо бол жигдрээд, хурал гэж ер нь ийм байх юм байна, ингэж ажиллах юм байна гэсэн чигээ олчихсон явж байгаа.  Тэргүүлэгчид дунд нэлээд шинэ хүмүүс байгаа, гэхдээ ажиллах ерөнхий чиг шугамаа олчихсон, бодлого гаргах  дөртэй болж байна.

Та өмнө нь хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүний хувьд сумын ИТХ- өөрчлөгдөж байна уу? 

Түрүү түрүүчийн хурлууд чинь сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хагас, бүтэн жилээр хэлэлцэх, дээрээс батлагдсан төсөв хөрөнгийг гар өргөж ёсчлох ажил хийж байлаа. Одооны хурал бол өөр. Сумын хөгжлийн бодлогод ард иргэдийнхээ саналыг яаж тусгах,  хурлаас гарч байгаа шийдвэрийг  иргэд рүү хэрхэн чиглүүлэх вэ, бид нэгэнт л олонх гэж байгаа бол олонхынхоо мөрийн хөтөлбөрөө  яаж биелүүлэх юм, Засгийн газар, аймгийн Засаг  даргын мөрийн хөтөлбөртэй яаж уяж холбох вэ гэдэг дээр  бид на гол нь  ярилцдаг. 2014 онд  хурлын ажил нэлээн жигдэрсэн. Засаг даргын тавьсан хөтөлбөр бол боломжийн явж байгаа гэж үзэж байгаа. Эцсийн дүнг ард иргэд тавина.

Төлөөлөгчдийн хувьд идэвх зүтгэл нэг хэсэгт нь байна, нэг хэсэг нь яах гэж төлөөлөгч болсноо ч мэдэж байна уу гэж хэлэхээр байна. Дотроо хөөрхөн намын ялгаа гаргаад намчирхах хандлага бий. Манайд өмнө нь ардчилсан нам ялж үзээгүй сум л даа,  энэ жил 27 төлөөлөгчийн 18 нь ардчилсан намаас гарсан. Иймд ардчилсан намын төлөөлөгчид өмнө нь гарч үзээгүй, эд нар юм хийж чадахгүй, бодлого боловсруулж чадахгүй , эд нарын юм хийж чадах гэж юу байдаг юм гэж урьд нь олон жил байсан, нам нь ноёлсон хүмүүс, төлөөлөгчид дүгнээд , яриад ...тэр нь ард түмэнд түргэн хүрдэг гэм байна.

Сумын ИТХ-аас төрийн байгууллагуудтайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Шинэ байна гээд нэг жил явлаа. Одоо сурч байна гээд суугаад байх биш Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвтэйгээ нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Ингэж байж бид төрийн үйлчилгээг ард иргэдэд чанартай хүргэнэ. Босоо удирдлага гэж нэг буруу бүтцийн тогтолцоо төрийн албанд тээг болоод байна. Ажилтнуудын зүгээс би босоо удирдлагатай, аймаг руу тайлан мэдээгээ өгдөг, тэгсэн ингэсэн гэж хандан, сум орон нутагтай хамтарч, уялдаж ажиллахгүй байх тал бий. Сумын ИТХ-аас бодлого шийдвэрээ гаргаад ажиллаж байхад аймаг тэгсэн гээд суугаад байдаг төрийн албан хаагчтай байх нь бэрхшээл үүсгээд байна. Мөн нөгөө талаас төрийн албанаас хэн нэгэн чөлөөлөгдлөө гэхэд түүний хүүхэд ,ах дүү, хамаатан садан оронд нь орох ёстой юм шиг өв дагасан байдал байна.

Иргэдийн оролцоог хангах  талаар их ярьдаг болжээ. Богд сумын ИТХ-аас энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

Иргэдийн оролцоог хангах талаар тодорхой ажлуудыг хийж байна. Иргэний танхимтай болсон. Багийн Иргэдийн нийтийн хурлуудыг өвөрмөц маягаар хийе. Дарга нар өмнө нь суугаад чичлээд байх биш, тэдний саналыг сонсох, ард иргэдээс гарсан саналыг яаж боловсруулах, ИТХ-аар хэрхэн оруулах юм, Орон нутгийн хөгжлийн сангаа яаж эрэмбэлэх үү гэдэг дээр анхаарч байна. Манай хөдөөнийхөн Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх арван хэдэн төрлийн ажлыг мэдэхгүй байгаа. Өмнө нь төслөөр 5,10 айлын дунд худаг гаргаад, сэргэлэн нэг нь цоожилдог байснаа бодоод жижиг асуудлууд дээр саналаа өгөөд байдаг. Иймд төлөөлөгчдийг тэр ажлуудыг зөв өнцгөөс нь таниулж ойлгуулах, сурталчлах ажилд оролцуулж байгаа. Тэгэхгүй бол иргэдээс голын дэрс хашмаар байна, худаг гаргуулъя гэсэн саналууд гаргаад байдаг.

Мөн төлөөлөгчид сонгогдох болохоороо намайг сонгоод өгөөч гээд явж болоод байдаг юм чинь, сонгогдсон хойноо сонгуульт үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй гэсэн бодлогыг хурлаас гаргаж, төлөөлөгчдөө нэлээн шахаж ажиллаж байгаа.

Манай сумын хувьд Засаг дарга, Хурлын дарга, аймгийн  ИТХ-ын төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр 2014 онд маш сайн хөөцөлдсөний үр дүнд “Шинэ сум” төсөлд хамрагдсан, 5 тэрбум 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил нь хийгдэж явагдаж байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%