Гэр хороололын хөгжлийг дэмжихэд аймаг, сумын удирдлагууд онцгой анхаарч байна. Үүний үр дүнд гэр хороололын иргэдэд тулгамдсан асуудлыг шийдэж эхлэв.
Дархан сумын гуравдугаар багт 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 500 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн байна. Тус багт 2,7 км сайжруулсан шороон зам тавьж , авто машины зам дагуу 96 ширхэг цуваа гэрэлтүүлэг, авто зам болон явган хүний гүүр зэрэг ажлууд хийгджээ.
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээ болж улсын комисст хүлээлгэн өгчээ.
Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын 3 дугаар багийн Засаг дарга Д.Туяа болон тухайн ажлыг гүйцэтгэгч компаний удирдлагууд тус багийн иргэд оролцлоо. Дархан сумын 3 дугаар багийн иргэд өнгөрсөн жил Багийн иргэдийн нийтийн хурлаар дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх саналыг гаргасан байна. Иргэдийн санал санаачилга бодит ажил хэрэг болж байгаад тус багийн иргэд сэтгэл дүүрэн байлаа.