Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бид экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ бахархах ёстой

2014-10-09

  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Дархан-Уул аймаг дахь Дархан меат пүүдс ХХК-ийн захирал М.Энхбаатартай ярилцлаа.

   -Манай компани анх 2009 онд Дархан-Уул аймагт мал, мах бэлтгэж малын махаар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар байгуулагдсан. Бид зам болон авто тээврийн сүлжээнд холбогдсон мал туувар бэлчээрийн даац сайтай газар байршсан гэж үздэг. Түүхий эд бүтээгдэхүүнээ орон нутгаас брокеруудаараа дамжуулж авдаг. Брокерууд маань орон нутагт малчидтайгаа харилцаж тэндээс авсан малаа тууврын замаар болон авто машинаар тээвэрлэж авч ирж эндээ нядалж боловсруулдаг. Манайх жилд улсын нөөцөд Дархан-Уул аймагт 1000 тонн хонь, үхэр, ямааны махыг бэлтгэдэг. Өнгөрсөн жил бид ОХУ-д 3000 тонн мах нийлүүлсэн. Энэ жил таван мянган тонн мах нийлүүлэх гэрээ байгуулаад ажиллаж байна.

-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж шугам чинь ямар хүчин чадалтай вэ?

-Үүнийг бид улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Солонгос улсаас оруулж ирж суурилуулсан хамгийн сүүлийн үеийнх. Өдөртөө 350 бод мал, 1500 бог мал нядлах хүчин чадалтай. Нядалсан малын махыг дотоодын хэрэгцээнд болон гадаадад гаргадаг. Улсын мэргэжлийн хяналтын албаны байцаагч байнга ажиллаж бол дотоодын үйлдвэрийн маань байцаагч ч бас байнгын хяналт тавин ажиллаж байна. Мөн лабораторийн шинжилгээг нядалгааны үед тогтмол хийж эрүүл хүнс үйлдвэрлэж байгаа

-Ажиллах хүчний хувьд танайх хэчнээн хүн ажилладаг вэ?

-Нядалгааны ид үед 200-гаад хүн ажилладаг бол нядалгааны бус үед хиам, бууз, мах жижиглэн ангилж савлах гээд 150 гаруй хүн байнгын ажлын байртай байдаг. Манайх малаас гарч байгаа дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн шинэ шугамтай болсон.

-Махыг ангилан ялгаж худалдаанд гаргаж байгаа гэсэн. Ангилж ялгана гэхээр махыг дугаарлана гэсэн үг үү?

-Махыг хоёр янзаар ангилдаг. Нэг нь гараар буюу уламжлалт аргаар нядалж янзлахыг хэлдэг. Үйлдвэрийн аргаар нядална гэдэг нь мэдээж малыг анханаас нь ямар нэгэн өвчин байна уу, үгүй юү гэж шинжилсний дараа нядалгаанд оруулдаг. Үйлдвэрт оруулж төхөөрсний дараа нь ангилалд оруудаг. Энэ ангилал гэдэг нь улсын стандартын дагуу сээр, нурууны мах, хааны, гуяны мах зэргээр төрөлжүүлэн ангилж худалдаанд гаргахыг хэлнэ. Ингэж ангилсан махаа вакуумдаж 80 градуссын халуун усанд жигнэхэд дотор нь байгаа бактер үгүй болж арилдаг. Үүний дараа хасах 15 градусын хүйтэн усанд хийж  хэлбэрээ авдаг. Ингээд худалдаанд гарахад бэлэн болдог.

-Та түрүүн хиам, буузны жижиг цех байгаа гэж ярьсан. Түүнийгээ тодруулж өгөөч?

-Нэгэнтээ л үйлдвэр маань бүтээгдэхүүнээрээ эрүүл хүнс үйлдвэрлэдэг гэдгээ баталсан учраас бид энэ бүтээгдэхүүнээ бууз, хиам болгон үйлдвэрлэж байна. Дайвар бүтээгдэхүүний хувьд годон, баян түрүү, элэг, уушиг зэргийг боловсруулж гаргадаг. Манай улс юугаар баян бэ гэвэл малаараа баян. Тиймээс бид махаа мах чигээр нь гаргах сонирхол байхгүй. Аль болох боловсруулаад бүтээгдэхүүн болгож гаргах сонирхолтой байдаг. Яагаад гэвэл Монголын маань мал бэлчээрийн өвс ургамал идэж усыг нь уудаг экологийн цэвэр бүтээгдэхүүн. Тийм болохоор бид дэлхийн экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орон гэдгээрээ бахархах ёстой. Энэ талд төр багагүй анхаарал тавьж ялангуяа мал эмнэлэг үржлийн албыг бэхжүүлж малыг эрүүлжүүлэх талаар их юм хийж байгаа.

-Танайх мах бэлтгэх ажлаа брокеруудаараа дамжуулж хийдэг юм байна. Эргээд малчидтайгаа яаж харилцаж байна вэ? Малчид танай үйлдвэрийн үндсэн түүхий эдийг бий болгож байгаа болохоор тэдэнд хандсан ямар нэгэн юм хийдэг үү?

-Манай компани малчидтайгаа өндөр ашиг шимтэй мал үржүүлэх талаар хамтарч ажиллахыг зорьж байна. Үүний тулд бид орон нутагт ажиллаж байгаа брокерууддаа түшиглэж чухам ямар юм хийх вэ гэдэг бизнес төлөвлөгөө хийсэн. Энэ маань малчидтай хамтарч хоршиж малыг нь таваарлаг бүтээгдэхүүн болгож сайн үүлдрийн хуц, бух тавьж өсгөх чиглэлийг дэмжинэ. Бид гурван аймагт энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал Архангай аймагт хориод айлын малын үржлийг сайжруулахаар манай компанийн төлөөлөгч ашиг шим сайтай эцэг мал өөр аймаг сумаас авч өгөх зэргээр ажиллаж байна. Ингэснээр цаашид малчид маань 1000 толгой малтай болохын төлөө малын тооны хойноос хөөцөлдөх биш тэр мянган малтай тэнцэх хэмжээний өндөр ашиг шимтэй 500 толгой малтай байхыг урьдал болгодог байхын ач тусыг мэдэх ёстой болж байна.

-Энэ намар болон өвөл танайх хэчнээн тонн мах бэлтгэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ жил бид ирэх өвөл, хавар Дархан-Уул аймгийн хүн амын хэрэгцээнд махны хомсдлийн үед Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Махны үнийг барих тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 1000 тонн мах бэлтгэнэ. ОХУ-д гэрээний дагуу таван мянган тонн мах бэлтгэж нийлүүлэхээр ажиллаж байна. Бэлтгэсэн махаа хадгалах сав хөлдөөгчийн хувьд бүрэн хүрэлцээтэй. Бид дөрвөн гүн хөлдөөгчтэй эндээ малыг нядлагмагц хасах 45 градуст байлгаад дараа хасах 18 градустай хөлдөөгчид оруулж хадгалдаг. Ингэхээр махны чанар муудна барина гэсэн ойлголт байхгүй болдог. Нэг удаад дөрвөн мянган тонн мах хадгалах хүчин чадалтай. Тэгээд бас уул, уурхай, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүд манай бүтээгдэхүүнийг авахаар гэрээ байгуулж авч хэрэглэж байгаа. Төрөөс олон талаар дэмжиж байгаа. Жишээ нь махны үйлддвэрлэл болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийн зориулалттай техник тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлсөн. Энэ нь зөв зүйтэй алхам юм. Хоёрт үйлдвэрээ малчидтайгаа ойрхон байж малчид малынхаа ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд төрөөс анхаардаг байяа. Үйлдвэртээ малаа тушаасан малчинд төрөөс урамшуулал өгдөг болох хэрэгтэй байна гэв. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%