Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ БОЛ ОРОН НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙН ДҮР ТӨРХИЙН НАРИЙН ШИНЖЭЭЧ, ДҮГНЭЭЧ НЬ БАС ТАШУУР НЬ БОЛЖ ЯВАХ ЁСТОЙ БАЙГУУЛЛАГА МӨН

2014-10-13

Өнгөрсөн жил орон даяар хэрэгжсэн үндэсний хэмжээний томоохон төслүүдийн нэг нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлж, УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн байнгын Хорооноос санаачлан хэрэгжүүлсэн “НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт төслийн сургалт байлаа. Агуулгаараа ч тэр ач холбогдол, хүлээсэн үр дүнгээрээ ч тэр ихээхэн зүйлийг Хурлын төлөөлөгчдөд таниулсан ажил болсон юм. Сургалтын үр дүнгээс харахад энэ хүрээний сургалт, мэдээлэл ИТХ-ын нийт төлөөлөгчдөд ус, агаар мэт хэрэгцээтэй байсан нь тодорхой харагдсан. Төслийн багийнхан ч ажлаа сайн зохион байгуулж сайн үр дүнд хүрсэн, их ч хөрөнгө зарсан нүсэр ажил байлаа.
Миний бие энэхүү төслийн сургагч багшийн үүргийг хүлээж Төв аймгийнхаа ИТХ болон 27 сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон 615 төлөөлөгчийг сургалтад хамруулж орон нутгийн удирдлага, Хурлын байгууллагын эрх хэмжээ, ИТХ-ын төлөөлөгчийн орон нутгийнхаа хөгжлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын талаар нэгдсэн ойлголттой болгон чадавхийг нь нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулснаас гадна Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Багануур, Багахангай, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ИТХ, Өвөрхангай аймгийн аймаг, сумдад сонгогдсон төлөөлөгчдөд ч мөн багшилсан юм. Ийнхүү багшийн ажлыг хийж гүйцэтгэх явцдаа өөрийн аймгийн хийгээд өөр бусад аймаг сумдын, бүр нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын анх удаа сонгогдсоноос авахуулаад бараг нутгийн удирдлагын байгууллагын түүхэн дэх бүх сонгуульд ялалт байгуулан сонгогдож байгаа нас, хүйс, нам эвсэл харилцан адилгүй олон төлөөлөгчидтэй нүүр тулан уулзаж санал бодлоо солилцож харилцан туршлагаа ярилцан, ончтой арга барилаа харамгүй дэлгэн ярилцаж байв. Нутгийн удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх, Хурлын байгууллагыг “Хурал шиг Хурал” байлгахад аргагүй л төлөөлөгчдийн мэдлэг чадвар хамгаас илүү, бас хамгаас үнэтэй хүчин зүйл гэдэг дээр бүгд  нэг бодолтой байсан билээ.
Өнөөгийн түвшнээс харахад төрийн зарим хуулийн алдаатай заалт, удирдах албан тушаалтнуудын амин хувиа харж гаргасан шийдвэрүүд, улс төрийн намуудын тэмцэлдээний уршгаар улс орон маань хөгжих боломж-хурд хоёроо ихээр боомилуулаад байгааг хотынхон ч тэр хөдөөнийхөн ч тэр ялгаагүй хэлж байгааг анзаарсан. Миний хувьд ч тэгж боддог. Тэгж боддог гэдгийн учир нь Хурал бол орон нутагт эрх мэдэл хэрэгжүүлэгч том байгууллага. Бас ч үгүй хуулиндаа манай төр “Монгол улсад төрийн удирдлагыг нутгийн удирдлагатай хослуулна” гээд заачихсан. Гэтэл ачир дээрээ бид “Төрийн удирдлагыг намын удирдлагатай хослуулдаг улс” орон болсоноос ихээхэн зүйл шалтгаалж байгаа мэт.
Хурал хүчтэй байхын үндэс нь түүнд сонгогдсон төлөөлөгчид мэдлэгтэй байх явдал гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Харин бид жинхэнэ утгаараа 500 ч бай 5000 ч бай тэдгээр иргэдийг төлөөлөн сонгуульд оролцож, сонгогдсоныхоо дараа тэдэндээ үр ашигтай шийдвэр гаргахад оролцож, орон нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл харамгүй зүтгэх хүмүүсийг нэр дэвшүүлж сонгож чадахаа байжээ. Учир нь энэ боломжийг маань төрийн удирдлагыг өөрийн удирдлагатайгаа хослуулан ажиллаж байгаа намууд маань ард иргэдээсээ булаагаад авчихсанд байгаа юм. Ямар сайндаа л Өвөрхангай аймгийн нэгэн сумын ИТХ-д сонгогдсон нэг ахмад төлөөлөгч: “НӨУБ л гэж их ярих юм. Яг үнэндээ нутгаа өөрсдөө удирдаж чадахгүй Хурлууд, иргэд намайг сонгосон шүү гэж ухамсарлаж ажилладаг төлөөлөгч өнөөдөр олон байна уу” гэсэн хатуухан асуултыг надад тавьж байсныг одоо ч бодсоор явдаг юм. Энэ асуултыг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хэнбугай нь ч өөртөө бас тавиад үзэх л хэрэгтэй байх. Бас нэг төлөөлөгч “төлөөлөгчөөр сонгогдох гэж байгаа хүн улс төрийн намаас нэр дэвшиж байгаад л асуудлын гол нь байна. Тэгээд дээр нь орон нутгаа мэдэхгүй ард иргэдээ гэх сэтгэлгүй, намын жагсаалтаар гээд нэг ч иргэн итгэл үзүүлж саналаа өгөөгүй нэг ч хүн өөрийг нь сонгоогүй, ямар ч тойрогт ажиллах нь мэдэгдэхгүй төлөөлөгч гэдэг нэр зүүсэн нөхдүүд бас олон гарч ирлээ” гэсэн.
Асуудал ийм байхад хурал нь Хурал шиг байх, төлөөлөгчид нь төлөөлөгчид шиг ажиллах боломж хийгээд ойлголт тааруухан л харагдаад байгаа юм. Тэгээд намын удирдлага төрийн удирдлагатай хослохоор юу болж байгааг хөдөө хотгүй ярьж байгаа нь энэ л дээ.
Хурлын Төлөөлөгчид бол орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн амьдралын асар олон талын асуудлыг нэгд нэгэнгүй мэддэг, иргэдийн амьдралд өнөөдөр, бас маргааш юу хэрэгтэйг сайн судладаг, тэднийхээ саналыг авч хурал дээр асуудал болгон тавьж шийдвэр гаргуулахын төлөө л ажилладаг хүн баймаар. Хурлын хуралдаан дээр манай тойргийн сонгогчдын санал бодол энэ асуудал дээр ийм байгаа гээд хэлчихдэггүй хирнээ миний бодлоор наад асуудал чинь ийм байх ёстой гэж ирээд л зөвхөн өөрийнхөө бодлыг л яриад байдаг төлөөлөгчид олон л харагдах болж. За дээр нь хурлын Тэргүүлэгчид гэх нэг бүтэц. Угтаа бол Хурлын чөлөөт цагт эрх мэдэл хэрэгжүүлдэг хамгийн хариуцлагатай шийдвэр гаргадаг хүмүүсийг багтаасан нэгж шүү дээ. Ямар ч асуудал санаачилж бие даан боловсруулж Хуралдаанд хэлэлцүүлэхгүй хирнээ зөвхөн ЗДТГ-аас өргөн барьсан асуудлууд дээр л “сайн” эсвэл “муу” гэдэг үнэлгээ өгч гар өргөдөг ажил хэрэгч бус нэг бүтэц дийлэнх Хурлуудад бий болоод байх шиг. Бас ч болоогүй ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон мөртлөө Засаг даргын орлогчийн албыг хашиж байгаа нэг нөхөр өөрөө намынхаа нэрээр Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж ирээд суучихсан, өөрийнхөө өргөн барьсан асуудалд өөрөө үнэлгээ өгөөд гар өргөж оролцоод ханхайж суухым. Ингээд л Хурал шиг Хурал биш “Гурил шиг Хурал” болгож НӨУБ-ын нэр хүндийг гутааж л байх. Энэ бол манай Монгол улс төрийн удирдлагыг нутгийн удирдлагатайгаа биш намын удирдлагатайгаа л хослуулан ажиллаж байгаагийн наад захын сайхан жишээ.
Хурлын Хороодын тал дээр бас ярих зүйл байна аа. Аймгийн буюу дээд шатных нь хурал ямар ямар нэртэй, хичнээн Хороодтой байна, яг тэрийг нь хуулж аваад явж байгаа сумдын Хурлууд байна. Төрийн байгуулалтын хороо, Үйлдвэрлэл, дэд бүтцийн бодлогын хороо гэх мэт асар өргөн хүрээний, улс үндэстний хэмжээний, өөрийнх нь хэр хэмжээнээс хэтийдсэн асуудлыг шийдэх маягтай малгай нь томдсон хүн шиг нэр нь ахадсан хороод ч дуулдаж л байх. Энэ юуг харуулж байна вэ. Өөрөө удирдах байгууллага маань өөрөө өөрийнхөө асуудлыг дотроо ярьж шийддэггүй бусдыг дагаж дуурайдаг, юм болгоныг хуулбарладаг байгууллага болж эхэлж байгаа юм биш байгаа. Манайхан туршлага судлана гэхээр нэг шаблонтой юмыг авчраад яг тэр чигээр нь өөр дээрээ авч хэрэгжүүлж тэр шаблон дотор нь багтаж ажиллах гээд байдаг болж байгаагийн л нэг илрэл байх гэмээр. Уг нь өрөөлийн арга барилаас авахыг нь аваад хаяхыг нь хаяхаа ухамсарлах хэрэгтэй баймаар. Юманд авах гээхийн ухаанаар хандана гэж нэг юм бидний Монголчуудад бий дээ уул нь.
Одоо тэгвэл Хурлууд яах ёстой гэж. Өөрөө удирдах байгууллага гэдэг нэрэндээ эзэн нь болж орон нутагтаа улс төржих, намжих, манайх танайх гэх талцал хуваагдлаасаа ангижирмаар байна. Нэгэнт л сонгуулиар олонхи болоод нутгаа өөрсдөө удирдая гээд гараад ирцгээсэн бол зөвхөн нутгаа л бодож ажиллах. Ямар ямар асуудлуудыг барьж авч эрх хэмжээндээ нийцүүлэн шийдвэрлэж чадвал ард иргэд маань орон нутагтаа ая тухтай бөгөөд чанартай амьдрах бололцоо байна гэдгийг судлаж тэдэндээ зориулсан шийдвэрүүд гаргаж хэрэгжүүлэхэд нь анхаарч ажиллахыг нэн тэргүүнд тавимаар. Нөгөөтэйгүүр төлөөлөгч хүн өөрийгөө нутгийнхаа нийт иргэдийн өмнөөс ажиллаж байгаа хүн яах ёстой вэ гэдэг асуултын өмнө тавьж Хурлын ажилд өөрөө өөрийгөө боловсруулж чадавхжих шаардлагатай. Өөрөө сайн боловсроогүй хүн өрөөлийн өмнөөс яаж ажиллахав дээ. Мөн багаар ажиллах чадвар буюу Хороодод ажиллах чадамжаа нэмэгдүүлэх. Үүнд хурал өөрөө ямар ямар Хороотой байхаас эхлээд нэг төлөөлөгч хэдэн ч хороонд ажиллаж болох боломжийг нь нээж өгөх зэрэг асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэх. Төлөөллийн төлөөлөл болж ажиллаж байгаа гэдэг утгаараа Тэргүүлэгчдийн хуралдааныг заавал 100 хувийн ирцтэйгээр хуралдуулж хэвших. Ингэхгүй бол олон мянган хүний асуудал 4, 5-хан хүний гар өргөлтөөр, хөнгөн хуумгай  шийдвэрлэгдэх боломж бүрдэх сөрөг талтай. Эцэст нь хурлын бүх төлөөлөгчид гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд гарамгай сайн хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгч сурах шаардлагатай. Энэ мэт энгийн юм шиг хирнээ нарийн ажлуудаас эхлээд ажлаа сайжруулж бүтээлчээр ажиллавал дээр өгүүлсэн гарчиг шиг ажиллах боломж аль ч Хурлуудад бүрэн бий гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ Хурлынхаан. Төлөөлөгчдийн сургалтаас төрсөн бичил эргэцүүлэл маань энэ буюу.                          
А.Идэрпүрэв
Төв аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга,
 “НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн
Мастер сургагч багш

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%