Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ажлаа дуусгачихсан иргэдийн бүлэг өөр ажил байна уу гэж асуудаг

2014-10-22

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Х.Болормаатай уулзаж иргэдийн оролцоотой төсвийн үр өгөөжийн талаар ярилцлаа. Иргэдийн бүлэг гэдэг шинэ ойлголт гарч, тэд оршин суугаа газрынхаа сайн сайхны төлөөх төсөл, арга хэмжээг өөрсдөө хийдэг болжээ.
-Дүүргийн санхүү, хө­рөнгө оруулалтын ажил энэ онд хэрхэн үргэлжилж бай­на вэ?
-Нийслэлийн томоохон нэгж Сүхбаатар дүүрэгт маань энэ жил өрнөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил 22 орчим тэрбум төгрөг хүрлээ. Одоо 80 гаруй хувьтай, удахгүй дуусна. Тэр дундаас онцолж ярих сэдэв бол иргэдийн оролцоотой төсөв. Хороонд нэн түрүүнд ямар ажил хийх шаардлагатай вэ гэдгийг оршин суугч иргэдээс асуусны үр дүнд тодорхой төслүүд бий болсон. Түүнийгээ эргээд иргэдээс бүрдсэн бүлгүүдэд хуваарилж гүйцэтгэх ажил анх удаа хэрэгжлээ.Үүний зорилго нь төсвийн үйл ажиллагаанд иргэд өөрсдөө оролцдог болгох. Энэ жил 60-аад төсөл арга хэмжээг иргэдийн бүлгүүд хариуцан ажиллаад дуусч байна. Нэг бүлэгт 20 сая төгрөг хүртэлх өртөгтэй ажил хийлгэсэн.
-Иргэдийн бүлгүүдээр хийх ажлын төсөв, хөрөнгө оруулалт ямар эх үүсвэртэй байна вэ?
-2011 оны Төсвийн тухай хуулиар аймаг, сум, нийслэл, дүүрэг өөрийн бие даасан Орон нутгийн хөгжлийн сантай байхаар тусгаж эхэлсэн шүү дээ. Энэ бол тухайн хороо, багт юу хэрэгтэй, ямар ажил хийх шаардлагатай вэ гэдэг төлөвлөгөөг иргэдийн оролцоотой гаргаж, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулж хуваарилж буй хөрөнгө юм. Орон нутгийн хөгжлийн сангийн тусгайлсан хууль, журам бий. Иргэдийн нийтийн хурлаа зарлаад дараа жил танай хороонд ямар ажил хийхээр байгааг бүх хүнээс санал асууна. Тэдгээрийг дүгнэж, эрэмбэлээд нийтийн хурлаараа дахин хэлэлцэж баталгаажуулаад тогтоол гаргадаг. Тэр тогтоолоо дүүр­гийнхээ Эдийн засаг, тө­лөв­лөлтийн хэлтэст ирүүлж нэгд­сэн байдлаар зохион бай­гуулдаг. Дүүрэгт дахин эрэм­бэлээд төсвийн хөрөнгө оруу­лалтаа хуваарилдаг гэсэн үг.
Энэ жил манай дүүргийн 20 хороонд нийт 60-аад төсөл арга хэмжээ хэрэгжиж, тэдгээрийн санхүүжилтийг олгож эхлээд байна. Бусад дүүргийн хувьд хэрхэн зохион байгуулсныг хараахан мэдэхгүй байгаа ч Сүхбаатар дүүрэгт маш сайн, амжилттай болсон. Урьд нь, хөрөнгө оруулалтын ажлыг аж ахуйн нэгж, компани л хийдэг байсан бол тухайн хороонд оршин суудаг хүмүүс тэр ажлаа хийдэг боллоо.
-Мэдээж бүтээн бай­гуулалтын ажил өрнөж байгаа нь сайн боловч эр­гээд эрсдэл гарах магад­лалыг тооцоолсон уу. Анхны алхам гэхэд нэлээд үр дүнтэй байх шиг байна?
-Одоогийн байдлаар 58 гэрээ албан ёсоор баталгаажсан, удахгүй 3-4 ажлын зураг төсөл ирснээр дуусах юм. Нийслэлээс ч, дүүргийн Засаг даргын Тамгын газраас ч иргэдэд ажил хуваарилаад, хийлгэх нь хэцүү болов уу гэж эргэлзэж, бага зэрэг айж байсан л даа. Яагаад гэвэл урьд нь нэгдэж, хамтарч ажилласан түүхгүй, дадлага туршлагатай эсэх нь тодорхойгүй, аж ахуйн нэгж биш иргэдийн бүлэгт л төсвийн хөрөнгийг найдаж олгох гэж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл бидний тэр ойлголт шал эсрэгээрээ байсныг өнөөдрийн их ажил хэрэг харуулж байна. Иргэд маань маш их нийгмийн идэвхтэй, юм хийе гэсэн эрмэлзэлтэй, чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар ажиллаж, хороонд маань үнэхээр энэ дутуу шүү гэж хандаад хийж байгаад нь баярласан. Жишээ нь, манай 20 хорооны нэг 16 дугаар хорооны “Ардчилал 16” гэдэг бүлгийн дөрвөн залуу явган гүүр барилаа. Аль нэг барилгын компаниар хийлгэсэн юм шиг үнэхээр чанартай, сайхан гүүр болсон шүү. Ямар нэг ажил хийхэд тухайн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байдаг шүү дээ. Гэтэл иргэдэд маань тийм мэргэшил, зөвшөөрөл байхгүй атлаа гар нийлж, маш сайн ажилласан. Гүүрийг анх шаттай хийхээр төлөвлөсөн байсныг залуучууд маань тэргэнцэртэй хүмүүс үүгээр гарч чадахгүй нь гэж ярилцсан. Тэгээд зураг төслийг нь өөрчлөх гэхээр ажлаа дуусахад нь комисс хүлээж авахгүй болчих гээд байсан учраас бидэнтэй зөвшилцөөд шатныхаа дэргэд налуу хийж өгсөн. Тэр гүүрийг хараад хүн бүр баярласан, урьд нь горхины орчимд шалбааг туучаад, нэгнээ үүрч тэврээд гардаг байсан нь больж байгаа хэрэг.
Хороо бүрт ажил хийж байгаа иргэдийн бүлэгтэй уулзаж, танилцсан. 13 дугаар хорооны Баттулга гээд хөгжлийн бэрхшээлтэй ах бий. Тэр хүн хойшоо сууж, өөрийгөө гололгүйгээр явган хүний зам барьсан. Өдөр шөнөгүй, үр хүүхдээ дайчлаад, бүлгийнхээ хоёр залуутай хамтраад зуун хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгасан байгаа юм.
-Зам, гүүр хийлээ ч дуусгасны дараа яаж арчлах, хамгаалах вэ?
-Иргэдийн бүлгээр хийсэн ажлуудыг цаашид хэрхэн харж хандах, засч үйлчлэх вэ гэдгийг мэдээж бодолцсон. Тендерээр шалгарсан аж ахуйн нэгжээр хийлгэсэн ажил тодорхой байдаг шүү дээ. Эхний 2-3 жил гүйцэтгэгч компани баталгаа гаргаж, аливаа эвдрэлийг өөрийн хөрөнгөөр засна. Түүнээс цааш нь орон нутгийн байгууллага хариуцна. Харин иргэдээс бид тийм баталгаа болон ашиглалт үйлчилгээний асуудал тавих боломжгүй. Тиймээс 5-6 компанитай зөв­шил­цөөд иргэдийн бүлгийн­хээ 60-аад ажлын үйлчилгээг ха­риуцуулахаар ярилцаж, гэрээ хийх шатандаа явж байна.
-Иргэдийн бүлгийг хэрхэн сонгосон бэ, нэг хорооноос хэдэн бүлэг гарч болох вэ?
-Нэг хорооноос нэг бүлэг гэж заах ямар ч боломжгүй. Орон нутаг, хороондоо юм хийе гэж хүссэн иргэдийн эрмэлзлийг тэгж боож, зогсоож болохгүй шүү дээ. Шаардлага, зөвлөмжөө хангаад иргэд нэгдэж чадаж л байвал нэг хорооноос хэчнээн ч бүлэг байгуулж болно. Энэ жил 70-аад бүлэг байгуулсан шүү. Хамгийн доод тал нь гурван гишүүнтэй, дээд тал нь 7-8 хүнтэй, янз бүр л дээ.
-Ийм шаардлага хан­гасан бүлгээр ажил хийл­гэхээр боллоо гэдэг мэ­дээллийг иргэд яаж олж авсан юм бол?
-Бүлэг байгуулж хорооны ажил хийлгэнэ гэдэг мэдээллийг бүх хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурал, үүрүүдийн даргаар дамжуулж түгээсэн. Эргээд тэднээр дамжуулж дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст бүртгүүлж албан ёсоор бүлэг байгуулагдаж байгаа. Бүлгийн хувьд нэгдүгээрт, гурваас олон гишүүнтэй байна. Хоёрт, гишүүд нь тухайн хорооны юм уу дүүргийн харьяалалтай оршин суугч байх ёстой. Мөн бүлгийн ахлагч нь хүн амын орлогын цэнхэр дэвтэртэй байхыг шаардсан. Яагаад гэвэл ажил гүйцэтгэсний дараа төсвөөс ахлагчаар дамжуулж мөнгөө авах учраас ийм шаардлага тавьсан.
-Эхний удаа хэрэгжсэн арга хэмжээ 60 орчим байна гэлээ. Таны бодлоор их үү, бага уу?
-Энэ жил иргэдийн бүлгээр хийх 78 төсөл, арга хэмжээ байсан л даа. Гэвч 16 нь зайлшгүй тусгай зөв­шөө­­рөлтэй компаниар хийл­гэх шаардлагатай учраас цуцалсан. Анхандаа үүнийг их байна, амжиж бүтэх болов уу даа гэж бодож байсан юм. Одоо үр дүнг хэлэлцэх болоход буруу бодож байсныг харлаа. Тэгэхээр дараа жил энэ нь багадах шинжтэй, ямар ч байсан 60-аас илүү олон ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Бүх л ажилд хүний хөдөлмөр шингэж, цаг хугацаа зарцуулсан шүү дээ. Эргээд цалин, урамшууллаа яаж авдаг юм бэ?
-Энэ талаар маш нухацтай ярилцсан л даа. Сангийн яаманд албан тоот илгээсэн ч нааштай хариу ирээгүй юм. Яагаад гэхээр энэ нь иргэдийн бүлэг гэж байгаа ч тендерийн хуулийн хүрээнд зохицуулагдаж байгаа учраас урьдчилгаа төлбөр гэж байхгүй. Гэрээ байгуулж, гүйцэтгэлээрээ л төлбөр тооцоогоо авч байгаа юм. Тэгэхээр бүлгийнхэнтэй гурван удаа зөвлөгөөн хийх үед ахлагч, гишүүд надаас цалингаа яаж авах вэ, мөнгөгүйгээр яаж ажлаа хийх вэ гэж асууж байсан. Хуулиар зохи­цуулагддаг учраас ямар ч боломжгүй гэдгийг тайл­барлахад бүгдээрээ ойлгосон л доо. Дүүргийнхээ Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүдээр зөвлөгөө өгч, ажиллахад нь тусалсан. Нэгэнт хууль байгаа, түүнийг зөрчиж болохгүй учраас иргэдийн бүлгүүд ойлгож хүлээн авч, ажиллалаа. Тэгээд харьцангуй сайн, 100 хувь гүйцэтгэлтэй дуусгаад, ихэнх нь мөнгөө аваад явж байна.
Газрынхаа гэрчилгээг ломбардад тавьж, мөнгө олоод ажлаа хийсэн хүмүүс таарсан. Машинаа барьцаалж зээл авсан нь ч байлаа. Ажлаа хийхийн тулд ийм ийм арга хэрэглэсэн, одоо зуун хувь гүйцэтгэсэн учраас мөнгийг маань яаралтай гаргаж өгөөрэй гэж хүссэн хүн олон байна. Тэр ч утгаараа энэ хүмүүсийн итгэл, сэтгэл гаргаж хийсэн ажлыг ямар нэг бэрхшээл, саадгүйгээр гаргаж өгье гэж амласан, түүнийгээ ч биелүүлж байна.
-Тэгэхээр иргэд өөрсдөө хорооныхоо сайн сайхны төлөө маш том эрсдэл үүрч байгаа хэрэг байна шүү дээ.
-Хүмүүстэй уулзаад явж байхад би яг л үүнийг хараад маш их баярласан. Тэд бодит амьдралаа надад ярьж байсан юм. Элс, хайрга аваачиж асгачихаад ажлынхаа 30-40 хувийн гүйцэтгэлтэй гээд мөнгөө авах гэж хөөцөлдсөн бол хугацаа алдана. Хоёрдугаарт айлын хашаа, хаалга таглаад юм хийж байгаа учраас хурдхан дуусгахыг байнга шаарддаг. Ингэж хэл ам болсон ажлаа яаж ийгээд бүрэн дуусгачихаад нэг мөсөн очиж мөнгөө авах нь дээр юм гэж ойлгосноо бүлгийн олон хүн хэлсэн. Оршин суугч иргэд ч баяртай, ажил хийсэн бүлгийнхэн маань ч талархалтай байгаа шүү. Ямар сайндаа түрүүлээд дуусчихсан хүмүүс нь өөр ажил байна уу гэж асуусан. Хүн өөрийнхөө амьдардаг газартаа юм хийж байгаа учраас жирийн үеэс илүү хичээж байгаа нь илэрхий ажиглагдсан.
-Хүн нэрээ бодно, ойр хавийн айл, хөршүүд нь тэднийг харж байгаа шүү дээ. Энэ хүний хийсэн ажил гээд эргээд ярих эзэн нь дэргэд байгаа учраас илүү хариуцлагатай ханддаг байх.
-Хүн амьдарч байгаа хорооныхоо эд хөрөнгө, барилга байгууламжийг эвдэн сүйтгэнэ гэж байдаггүй. Харин ч өөрийн гэж бодож, нэмж бүтээн байгуулахдаа дуртай байгаа юм. Энэ ажил маш олон талын ач холбогдол бий болголоо гэж харж байгаа. Одоо ирэх жилийнхээ ажлыг хэрхэх тухай л бодож сууна. Засгийн газар удахгүй төсвөө өргөн барина, түүнээс нийслэлд хэрхэн хуваарилагдах нь тодорхойгүй. Нийслэлийн удирдлагууд манай дүүрэгт ямар хуваарилалт хийхээс хамаарч хийх ажлын маань дүр зураг гарна. Хорооныхоо иргэдээс 2015 онд хийх ажлынхаа саналыг бид аль хэдийнэ авчихсан. Одоо эрэмбэлэх ажил явж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%