Их хуралдай хуралдсан газар буюу Өглөгчийн хэрэм
Батширээт сумын төвөөс баруун урагш Баянгол, Өглөгчийн голын бэлчирт Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа чулууг шавар хаалтгүйгээр нямбайлан өрсөн хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор 3м орчим өргөнтэй 2 хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх ба бусад хэсгийг газрын хөрснөөс ялган харахад төвөгтэй болсон. Хэрмийн зузаан 2.5 м, ханын өндөр дунджаар 2.5-4.5 м, харин хамгийн өндөр хэсгээрээ 3.1 м хүрнэ. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн ярьдаг. Хэрмийн дотор барилга байсан ул мөр байхгүй бөгөөд түүний дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэн XII-XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан гэж үздэг.