Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн жинхэнэ албан хаагч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж, иргэдээ, төрөө зэрэг төлөөлөх нь буруу

2014-11-13

Монгол Улс 1992 оноос Төлөөллийн Ардчилалаар замнан, сум, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд ( Цаашид ИТХ ) орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдаж,  6 дахь удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

1992 оноос 2008 оныг хүртэл төрийн захиргааны албан хаагч шат шатны ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, нэг талаас төрийн удирдлагаа ч хэрэгжүүлж, нөгөө талаас нутгийн өөрөө удирдах ёсыг ч хэрэгжүүлж ирсэн. Энэ нь аймгийн түвшинд Засаг даргын Тамгын Газрын(Цаашид ЗДТГ) хэлтсийн дарга нар, ЗДТГ-ын харъяа агентлагийн дарга нараас олонх нь бүрдсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгогдсон эрхээ бүрэн хэрэгжүүлж ажиллан, иргэдээ төлөөлж чадаж байсан эсэх нь эргэлзээтэй.

Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээр засаг даргын ажлыг үнэлэх ч эргээд ЗДТГ-ын хэлтсийн даргын, харьяа агентлагийн даргын ажлаа дүгнүүлэхийн тулд Засаг даргад “сайн” хандаж ирсэн муу туршлага байсныг үгүйсгэхгүй. Орон нутгийн түвшинд Засаг даргынхаа ажлыг хэрхэн үнэлэхээс өөрсдийнх нь ажлын үнэлгээ шалтгаалдаг зөрчил байсаар ирснийг бид бүгд мэдэж байгаа. Энэ тогтолцоог 2008 онд төрийн албаны хууль болон орон нутгийн сонгуулийн тухай хуулиар өөрчилж өгснөөр 2009 оны 1 сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагч улс төрийн намын гишүүнээс түдгэлзэж, үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ...” гэсэн заалт бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн билээ.  

Харамсалтай нь улс төрийн намуудад аймаг, ялангуяа сумын түвшинд нэр дэвшигч олдоогүй юу, 2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно” гэсэн заалт орсны дагуу өнөөдөр төрийн үйлчилгээний албан хаагчид улс төрийн намаас нэр дэвшиж, шат шатны ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, улс төрийн намын бүлэгт харьяалагдан ажиллаж байгаа нь төрийн албаны тухай хуулийн Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх...” гэсэн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалттай зөрчилдөж байна гэж би хувьдаа үзэж байгаа юм.

Энэ нь нөгөө л нэг гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа нөхдүүд шат шатны ИТХ-ын төлөөлөгч болчихоод Засаг даргынхаа ажлыг үнэлж байсан, эргээд засаг даргадаа ажлаа үнэлүүлж байсан 2008 он хүртэлх голдрил руу эргэж орох гээд байна уу даа гэсэн болгоомжлол үүсгээд байгаа юм. Одоо ч зарим газар төлөөлөгч, төрийн жинхэнэ албанд ажиллаж байна.

Хэдийгээр иргэдээ төлөөлөх эрх нь төрийн албан хаагчдад нээлттэй байгаа ч улс төрийн намын бүлэгт хамаарч үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй байна. Сонгуульд бие даан нэр дэвших эрх ч хуулинд нээлттэй байгааг төрийн албан хаагч нар санахад илүүдэхгүй биз ээ.

Төрийн удирдлага нь гүйцэтгэх засаглалын хийж байгаа үйлдэл, үйл ажиллагаа байдаг. Орон нутгийн түвшинд төрийн удирдлагыг шат шатны Засаг дарга хэрэгжүүлж байна. Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцахыг үндсэн хуулиар хуульчилж өгсөн бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар шат шатны Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн болохыг тодорхойлсон.

Нутгийн өөрөө Удирдах байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх субьект бол Засаг дарга. Төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч субьект болох Засаг даргыг томилуулах, чөлөөлүүлэх, огцруулах талаар Хурлын эдлэх эрх хэмжээг ч хуульчилж өгсөн.

Иймээс нэг талаасаа иргэдийн төлөөлөл, нөгөө талаасаа төрийн төлөөллийг нэг субьект хийгээд байх нь хамгийн оновчгүй буруу хувилбар болж байгаа юм.

Энэ асуудалтай холбоотойгоор иргэдийн төлөөлөл болж сонгогдсон төлөөлөгч нарын хариуцлагыг өндөржүүлэх үүднээс зөрчил дутагдалтай, хариуцлагагүй ажилладаг, сонгогдсоноосоо хойш огт хуралдаандаа суудаггүй зэрэг зарим төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эргүүлэн татах механизмыг тодорхой болгох нь зүйтэй.

Мөн 2012 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтөөр хурлын төлөөлөгчдийн тоог өөрчлөлт оруулан тогтоосон.  Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн тооны хувьд аймгийн төвийн суманд багийн тоогоор, бусад суманд нэг, намд өгсөн саналаар хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох тооны нийлбэрээр тогтоож өгсөн нь 2000 хүн амтай сумыг ч 1 хүн, 20 мянган хүн амтай сумыг ч 1 хүн төлөөлж байна. Төлөөлөгчийн тооны асуудлыг ч бодитой тогтоож өгөхийг цаг үе шаардаж байна.

Иймд Төлөөлөгчийн тооны асуудал болон иргэдээ төлөөлсөн үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүй төлөөлөгчдөд хэрхэн хариуцлага тогтоодог байх асуудлыг шийдвэрлэх шаардлага амьдралаас урган гарч байна. 

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%