Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдээ сонсох уулзалт Дархан сумын 3 дугаар багт болов

2014-11-19

    “Иргэдээ сонсоё” сарын аяны хүрээнд зохион байгуулж буй “Багийн ИНХ-ын өргөтгөсөн хэлэлцүүлэг”-ийг Дархан сумын 3 дугаар багт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00-15:00 цагийн хугацаанд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Баярцэцэг, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулга нарын аймаг сумын удирдлагууд оролцов. Мөн Дархан сумын 3 дугаар багийн ИНХ-ын дарга Б.Тунгалаг, багийн Засаг дарга Д.Туяа, тус багийн 83 иргэн оролцов.
      Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин ИТХ-аас хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулж, мэдээлэл хүргэв.
    Тус багийн иргэд Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байлаа. Мөн ахмадууд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаадаа бухимдаж байсан. Шинээр тавьсан замд хурдын тохируулга хийж өгөх шаардлагатай байна. Нийтийн тээврийн үйлчилгээг авч чадахгүй байна. Иймд аймгийн Тээвэр, автозамын газраас бодлогоор маршрут чиглэлд анхаарч, нийтийн тээврийн үйлчилгээг алслагдсан багийнхаа иргэдэд хүртээмжтэй хүргэхэд анхаарахыг санууллаа. 
     ДАРХАН СУМЫН 3 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН САНАЛУУД:
   ХОНЬЧИН / Дархан сумын 3 дугаар багийн өндөр настан/
   Аймгийн ИТХурал ажлаа танилцуулж, иргэдийнхээ үгийг сонсож байгаад баяртай байна.
Хөнгөлөлттэй эм өндөр настнуудад хүрэлцэхгүй байна. 5-10 хүнд өгөөд эм нь дуусч байна. Энэ үйлчилгээг хүргэвэл хүргэсэн шиг хүргэе. Нэг бол болих хэрэгтэй байна.
 Үгүй. Эм нь дуусахаар Шинэ Дарханаас очиж ав гэдэг. Бид очиж авч чаддаггүй.




  ЖАВЗАН /Дархан сумын 3 дугаар багийн иргэн/
    Энэ өдрийн мэндийг хүргье.
1. Хүнээ хөгжүүлнэ гэж их ярьж байгаа ч хөгжүүлж чадахгүй байна. Би зуны амбаарт амьдарч байна. Амьдрал их хэцүү байна. Ийм амьдралтай хүмүүс олон байгаа. Энэ хүмүүсийнхээ амьдралыг дэмжих хэрэгтэй байна.
 2. Залуу хосуудыг хямд үнэтэй байр орон сууцаар дэмжих шаардлагатай байна.
3.Төрийн байгууллагууд өргөдөл гомдлын хариуг цаг тухай бүрд нь өгөхгүй байна. Тухайлбал: Нэг өргөдөл бичээд багийн Засаг даргаараа цохуулж, аймгийн Засаг даргад өгтөл, аймгийн НХҮХэлтсийн даргад цохогдоод тэнд очиж өглөө. Гэтэл өнөөдрийг хүртэл ааймгийн НХҮХэлтсээс өргөдлийн хариу ирээгүй байна. Гурван хүний дунд бөмбөрөөд л байгаад байдаг. Биелэхгүй юм.
     БОЛД /Дархан сумын 3 дугаар багийн иргэн/
    Багийн иргэдийнхээ эрх ашгийн үүднээс нэг санал хэлэх гэж ирлээ.
Сонгуулийн амлалтыг биелүүлж байна. Бид Дархан хотын үнэ цэнэтэй иргэд. Аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ: Танай багт дэд бүтцийн асуудлыг шийдэх гэтэл Солонгосын мэргэжлийн хүмүүс судалгаа хийгээд болохгүй гэсэн. Ус гардаг болохоор болохгүй гэсэн. Энэ бол асуудал биш. Хүсэхгүй байгаа болохоор томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж чадахгүй байна. Москва хотыг анх намган дунд барьсан гэдэг. Гэхдээ энэ хотыг бүтээхдээ жинхэнэ урлагин хот болгож босгосон. Гудамж, талбай, замын хавтан ч тэнд түүх өгүүлж байдаг.
 Алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг сургуульд нь хүргэж өгөх зорилгоор хүүхдийн автобусыг үйлчилгээнд гаргасан.  
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн үүднээс хүүхдүү унаан суугаад ямар хэрэг байна. Гэтэл хүүхдүүд өвсөн цэгийн орчмоос сургуульдаа алхаж ирж байна. Дээрхи зорилготой зөрчилдөөд байна шүү дээ.
Сургуулиас холоос ирж байгаа хүүхдүүдийн тоог гаргаад, нийтийн тээврийн үйлчилгээнийхээ чиглэл маршрутанд өөрчлөлт оруулж болохгүй юу?
   С.МӨНХ-ОЧИР / Дархан сумын 3 дугаар багийн ИНХ-ын Тэргүүлэгч/
1. Барилгын компаниуд залуусыг олон сараар барилгын хүнд хүчир ажил хийлгүүлчихээд цалинг олгохгүй байна. Жнь: Мөжах ХХК
Мөн барилга дээрээс хүн унаж нас барах бэртэх асуудал манай аймагт байна. Аймгийн ИТХ-ын Хорооноос хяналт шалгалт хийдэг тухай ярьж байна. Энэ асуудлыг анхааралдаа авч, судалж үзээрэй. Иргэдийг хохироосон асуудал нэгээр тогтохгүй байна.
2. Орон нутгийнхаа жилийн төсвийг хэлэлцэх байх. Иргэдээс гарч буй санал санаачилгуудыг бүгдийг хийж чадахгүй нь тодорхой. Иймд зайлшгүй хийх шаардлагатай асуудлыг нэн тэргүүнд авч санхүүжүүлэх хэрэгтэй байна. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг хэрэгтэй байна.
3. Утааны асуудлыг хойш тавьж болохгүй. Утаагүй зуухыг оруулж ирэх, эрчим хүчээр дулаанаа хангаж байгаа айл өрхөд үнийн хөнгөлөлт эдлүүлэх боломжийг судалмаар байна.
4. Дархан-Уул аймгийн газар нутгийн асуудлыг УИХ, Засгийн газарт өргөн барьж шийдүүлмээр байна. Уйгаггүй хөөцөлдөх хэрэгтэй.
5. Дархан сумын 1, 2, 3 дугаар багт Дархан хотын нийт иргэдийн 3-ний 1 нь амьдарч байна. Багийн иргэдэд эмнэлгийн үйлчилгээ холдоод байна. 20 ортой хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг барих шаардлагатай байна.

    МЯГМАРЖАВ /Дархан сумын 3 дугаар багийн өндөр настан/

    Манай багт гэрэлтүүлэг, замын асуудлыг шийдвэрлэж өгсөнд талархаж байна. Болж байгаа, хийж байгаа зүйлийг дэмжих хэрэгтэй. Надад гурван санал байна.

1. Манай багт камерийн систем суурилуулах шаардлагатай байна. Ингэснээр гарч байгаа хулгай, дээрэм, хог хаядаг байдал зогсоно гэж үзэж байна.

2.  Эмийн сангуудын бизнес үнэхээр аймшигтай. 120 төгрөгийн витамин С-г 200-250 төгрөгөөр зарж байна. Зарим эм нь 10 гаруй мянган төгрөгийн зөрүүтэй байна. Иймд аймгийн хэмжээнл үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудын үйл ажиллагаанд МХГ-ын шалгалтыг оруулж, цэгцлэх шаардлагатай байна.
3. Төрийн албаны дарга нарыг намын түлхээсээр биш, чадвараар нь сонгон шалгаруулж ажиллуулмаар байна. Төрийн захиргааны дарга удирдлагуудын талаар иргэдийн дунд ам дамжсан таагүй ярианууд их байх юм. Аймгийн удирдлагууд үүнд анхаарна биз.  2014 оны 10 дугаар 04-ний өдөр аймгийн СХЗХэлтэст өргөдөл өгөөд өнөөдрийг хүртэл хариуг аваагүй байна. Энэ мэтчлэн иргэдийг чирэгдүүлж хүлээлгэж байгаагаас иргэд төрийн үйлчилгээнд ам муутай байна.
4. Дархан сумын ИТХ, ЗДТГ-аас багийн захиргаатай хэр зэрэг хамтарч ажиллаж байна вэ. Аймгаас зохион байгуулж буй ажил дарагдаад байна уу, Нүдэнд харагдах ажил алга. Ганцхан жишээг малын эмчээр татаж болно.  Манай багийн малын эмч листний үнэ гэж 3000 төгрөг авдаг бол Бүрэнтолгойд 1500 төгрөг авах юм. 

 
БОРОЛЗОЙ / Дархан сумын 3 дугаар багийн иргэн/

  Манай 2 хүүхэд ЕБ-ын 4 сургуулийн 2, 8 дугаар ангид суралцдаг. Гэтэл сургуулийн сурагчдаар анги цэвэрлүүлээд байх юм. Тус сургуулийн цэвэрлэгчгүй юм уу, эсхүл цэвэрлэгч нь ажлаа хийдэггүй юм уу. Ойлгохгүй байна. Бага ангийн хүүхдүүд цэвэрлэгээ хийгээд гар хөлөө дутуу угааж арчисанаас янз бүрийн өвчин гарах вий гэж болгоомжилж байна.
Үүнийг зохих удирдлагуудад нь уламжлж өгнө үү.


  
  БАЯРАА /Дархан сумын 3 дугаар багийн иргэн/
Цэцэрлэгт хүүхэд оруулахаар хэдэн өдөр оочер дараалалд зогссон боловч оруулж чадаагүй.  






     БАТХУЯГ /Дархан сумын 3 дугаар багийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/

    Энэ хавьдаа 2 жил мөсөн гулгуурын талбай ажиллуулсан. Энэ жил голынхоо мөсийг ашиглаад коток ажиллуулах саналтай байна. Ямар нэгэн хориглосон тушаал шийдвэр байгаа болов уу? 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хариу хэлэх боломж байна уу?




   Х.ГАЛМАГНАЙ /Дархан сумын 3 дугаар багийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/

1. Наадмын талбай орчмыг иргэдийн амралт чөлөөт цагт зориулан тохижуулж өгнө үү.
2. Иргэдэд хандаж уриалахад: Сайн сайхан амьдрахын бөөн хүсэл мөртөө өдөр бүр өөрийгөө хятад жимс, хүнсний ногоогоор “хордуулж” байна. ХСҮТ-ийн мэргэжилтний хэлснээр, ерээд оноос эхэлсэн Хятадын хүнснээс улбаатай хорт хавдрын мөчлөг яг одоо гарч ирж байна. Хэрэв яаралтай арга хэмжээ авч, төрийн бодлогоор зохицуулахгүй бол мөнхөд ч үргэлжилж мэдэхийг дээрх мэргэжилтэн анхааруулсан байдаг. Тэгэхээр ард иргэд маань өөрсдөө ногоогоо тарьж, жимсээ ургуулж хэрэглэе.

   ЖАНЧИВ /Дархан сумын 3 дугаар багийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/

   Дархан хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэргэнцэртэй зорчих налуу зам алга.
Бид алхам тутамдаа нийгмийн харилцаанд оролцдог. Ингэхдээ төрийн болоод бусад үйлчилгээг  хэн нэгний туслалцаагүйгээр авч чадахгүй байна. Дархан хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, байшин барилга, зам харгуй олноор баригдаж байна. Гэвч шинээр барьсан барилга, зам талбай хүн бүрт хүртээмжтэй байж чадахгүй байна. Учир нь: ХБИргэдэд зориулсан налуу зам баригдахгүй байна. Ганцхан жишээ хэлэхэд: Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд тэргэнцэртэй иргэн орох эрхгүй. Хаалга нь эргэдэг хаалгатай тул тэргэтэйгээ багтахгүй. Мөн Дүүжин гүүрээр тэргэнцэртэй иргэн зугаалах боломжгүй байх жишээтэй. Энэ бүгдэд анхаарал хандуулна уу.
    Хэлэлцүүлгийн төгсгөлд Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа багийн ИНХуралд оролцогчдод хандан сумын ИТХ, Тэргүүлэгчдээс авч хэрэгжүүлж буй ажлын талаар болон цаашид баримтлах бодлого үйл ажиллагааны талаар товч мэдээлэл танилцуулав. Тэрээр Дархан сумын ИТХурал, ЗДТГазар нь 2015-2016 онд гэр хороолол руу чиглэсэн бүтээн байгуулалтын ажил бусад арга хэмжээг өрнүүлнэ гэв.
Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг судлаж үзэн зохих хариултуудыг санал хэлсэн иргэдэд өгнө гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%