Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нутгийн удирдлагын эрх зүйн орчин ба цаашдын хандлагын зарим асуудалд

2014-11-19

            Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжин орсон билээ. 1990-ээд оны дунд үеэс дэлхийн улс орнууд, тэр тусмаа “социалист” гэгдэж байсан орнуудад өөрчлөлт шинэчлэлийн эхний үе шатуудад төр засгийн дээд төвшинд ч, орон нутгийн удирдлагын бүх төвшинд ч удирдлагын тогтолцоо, зааг ялгаа нь хуучнаас шинэд шилжих үйл явц эрчимжиж, нийгмийг бүхэлд нь өөрчлөх шинэ шаардлага бий болсон юм. Энэхүү өөрчлөлт шинэчлэлд 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль онцгой үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой.

            Үндсэн хуулийн үзэл баримтлалын агуулгаас үзэхэд   эдийн засгийн хүрээнд  төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд, тодруулбал хувийн ба нийтийн өмчийн аливаа хэлбэрийг зөвшөөрсөнд, оюун санааны  хүрээнд нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд тухайлбал “ард түмэн” гэсэн нэгэн нийтлэг дор хүн амын бүх давхраа, нийгмийн бүлэглэлийн эрх тэгш оршихуйг тодорхойлсонд,  нийгмийн хүрээнд нийгэм төвтэй  харилцаанаас хүн төвтэй харилцаанд шилжин орсонд Үндсэн хуулийн ач холбогдол оршиж байгаа юм. Ялангуяа Төрийн байгуулалт эрх зүйн хүрээнд эрх мэдлийг Засгийн гурван салаанд хуваарлиж хяналт тэнцэлтэй болгож засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүд нь өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг анх удаа хуульчлан тогтоосон явдал мөн.

            Хөгжлийн үе шат бүрийн Үндсэн хуул /1924, 1940, 1960 он/ -иас 1992 оны Үндсэн хууль нь нутгийн удирдлагын тогтолцоо, өөрөө удирдах ёс, түүний эрх зүйн үндсийг зохицуулж өгсөн онцлогтой. Үндсэн хуулийн  дөрөвдүгээр бүлэг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай “ гэж нэрлэгдсэн бөгөөд орон нутгийн удирлдлагын тогтолцоог цоо шинээр томъёолон  өөрөө удирдах ёсны эрх зүйн үндсийг дараах байдлаар тодорхойлсон байна.

            *Өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоо, тэдгээрээс үйл ажиллагаандаа баримтлах зарчим, журам.

            *Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтын болон эдийн засгийн чиг үүрэг, эрхлэх асуудал, эрх үүрэг.

            *Хурал, түүний Тэргүүлэгчид, хороо, төлөөлөгчдийн эрх зүйн харилцаа, зохион байгуулалтын арга хэлбэр.

            *Өөрөө удирдах ёсны баталгаа.

            *Засаг даргын үйл ажиллагааны эрх зүйн үндэс зэрэг болно.

            Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай”, “Орон нутгийн сонгуулийн тухай” зэрэг хэд хэдэн чухал хуулиудыг батлан гаргаж мөрдүүлж байгаа нь нутгийн удирдлагын тогтолцоонд хийсэн реформын чанартай өөрчлөлт болсон гэж үзэж болно. Өргөн утгаар авч үзвээс нутгийн удирдлага, түүний дотор өөрөө удирдах ёсны зарчмыг тодорхойлсон нь “Нутгийн өөрөө удирдах ёсны Европын Харти”, “Нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын Торонтогийн тунхаг” –ийн үзэл санааг бүрнээ тусгасан баримт бичиг болсон юм.


            Тийм учраас Үндсэн хуулийн үзэл баримтлалаас өөрөө удирдах ёсны талаар тоймлон авч үзэх оролдлого хийж байна.” Нэгжийн өөрөө удирдах ёс” гэдэг бол тухайн нэгжийн хүн ам өөрсдийн ажил амьдралын үндсэн асуудлыг өөрсдөө бие даан шийдвэрлэж, хариуцаж хэрэгжүүлэх тухай ойлголт мөн. Энэ талаар суут ухаантангууд тодорхой тэмдэглэсэн байдаг. А.Токвиль “Засаглалын анхдагч үндэс нь улс төр, тэр ч байтугай ард түмэн биш, харин өөрсдийн хувийн хэргийг өөрсдөө зохицуулж, сайн дурын үндсэн дээр нэгдсэн бие хүмүүс мөн” гэж тодорхойлсон бол Д.Жон Локк “Бүх хүн чөлөөтэй, адил тэгш боломжтой, бие даасан байдалтай төрдөг, тэд төр засгийг эмхлэн байгуулахаасаа өмнө байгалийн төлөв байдалд амьдарч байхаасаа л амьдрах, эрх чөлөөтэй байх, өмч эзэмших жам ёсны  заяамал эрхтэй байсан. Ард түмний жам ёсны эрхийг хамгаалж чаддагүй, хөсөрдүүлдэг төрийг тэд цаг алдалгүй өөрчилдөг байх хэрэгтэй, хүмүүс өөрсдийнх нь эрхийг хамгаалж байгаа хүмүүсээр удирдуулахаас биш тэдний эрхэнд аюул занал учруулж байгаа дарангуйлагчаар удирдуулахыг үл зөвшөөрөх ёстой” гэжээ.  Оросын төр судлаач М.Н.Корнуков, Н.И.Лазеревский нар “Олон түмэн, төр хоёрын аль аль нь тус тусынхаа ашиг сонирхолтой байхыг шаардаж, улмаар олон түмний ашиг сонирхол нь улс төрийн шинжтэй оршин тогтнох, орон нутгийн олон түмэн нь төрийн эсрэг байх зарчмаас үүсэлтэй юм” гэж томъёолж байжээ.

            Ийм байдлаар нутгийн өөрөө удирдах ёсны талаар онолын үндэслэл гарч тэр нь амьдралд хэрэгжих боломж бүрдсэн байна.Олон улсын баримт бичиг, онол, туршлага, түүнийг хэрэгжүүлсэн зарим орнуудын туршлагаас үзэхэд нийтлэг хэдэн зарчим тогтсон ажээ. Түүний заримыг дурьдахад:

            *Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмууд нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаажсан байх.

            *Орон нутгийн байгууллагуудын өөрт нь хамаарах асуудлуудыг тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид, иргэдийн сайн сайхны төлөө зохицуулан хэрэгжүүлэх эрх, чадварыг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хадгалах.

            *Энэхүү эрхийг чөлөөтэй, нууц, тэгш, шууд, бүх нийтийн сонгуулиар сонгогдсон гишүүдээс бүрдсэн, өөрсдийн өмнө хариуцлага хүлээх   гүйцэтгэх байгууллагатай байх.

            *Хуулиар хориглосон ба өөр байгууллагад хамаарахаас бусад бүхий л үйл ажиллагааг Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу орон нутаг авч үзэх эрхтэй байх.

            *Орон нутгийн байгууллагууд өөрсдийнхөө дотоод бүтцийг тухайн орон нутгийн онцлогт тохируулан өөрсдөө тогтоож байх.

            *Орон нутгийн байгууллагууд зөвхөн Үндсэн хууль, бусад хуулиар тодорхойлсон хүрээнд хяналт тавих.

            *Нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн өмч , хөрөнгө, санхүүтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй байх зэрэг нийтлэг зарчмуудыг тодорхойлсон байдаг.

            Энэ бүхнийг судалж үзээд нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг хэрхэн хөгжүүолэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Хөгжүүлэхийн тулд юуны өмнө төвлөрлийг сааруулахаас эхлэх учиртай. Төвлөрлийг сааруулах хоёр хүчин зүйл байна. Нэгдүгээрт:Эдийн засгийн төвлөрлийг сааруулж.нутгийн удирдлагад зохих эрх мэдэл шилжүүлэх.  1992 оноос улс төр, эдийн засгийн бодлогод захиргаадах хандлага зонхилох болж дахин төвлөрөл 1996 оноос аажмаар, 2004 оноос эрчимтэйгээр газар авч өдгөө улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд хүчтэй төвлөрөл бараг дангаар ноёрхох болсныг судлаачид нотолж байна.

            “Нутгийн өөрөө удирдах байгууллага /иргэдийн хурлууд нь/тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх бөгөөд дээд шатны байгууллага, түүний асуудлыг орлон шийдвэрлэж болохгүй гэж заасан.Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий  нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн /58.1/ гэж Үндсэн хуульд заасан нь орон нутгийн бие даасан байдлыг хангах үндсийг тавьсан юм. Тэгвэл хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаас нь биш, мөнгөний засгийг хүчтэй болгохыг голчилсноос төвлөрөл гаарч байна. Энэ тогтолцоогоор аймаг, нийслэл, сум, дүүргийн орлого, зарлагын төсвийн эрхийг хэрэг дээрээ устгаж бүхнийг Улсын Их Хурал, Засгийн газрын мэдэлд төвлөрүүлэв.Ингэснээр нэлээд хэвшиж байсан аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөв гэгч нь захиргааны аппаратын цалин зардал төдий үлджээ. Үүний тулд ямар асуудлыг шийдэж эдийн засгийн төвлөрлийг сааруулах хэрэгтэй вэ ?

            *Орон нутгийн төсөв нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх нийтлэг үйлчилгээг санхүүжүүлэхэд / сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг, соёл, хүн амын үйлчилгээнд санхүүжүүлэх, өөрөөр хэлвэл үйлчилгээний бүхий л зардлыг “Сайдын багц” нэртэй улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлж байгааг зогсоож орон нутаг руу эрх мэдэл шилжүүлэх, үүний тулд .иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төсвийн ерөнхийлөн захирагч, Засаг дарга нь төсвийн шууд захирагч байхаар хуульчлах.

            *Орон нутаг өөрийн мэдлийн  зардлаас бага ч гэсэн хэмнэсэнээ өөрсдөө зарцуулах эрхтэй байх.

            *Аймаг, нийслэлийн татвар 5 нэр төрөл, сум, дүүргийнх 12 нэр төрөл байдаг. Тэдгээрийн бааз буюу эх үүсвэр хэмжээ нь ялимгүй байгааг өөрчилж аймаг, нийслэл, сум, дүүргийн орлого давуулсан зохих хувийг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үлдээж захиран зарцуулах эрхийг Хуралд олгох.

            *Аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг санхүүгийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор зохих хэмжээний татвар төлбөр, хураамж тогтоох эрхийг Хуралд  олгох.

            *Өмч, түүнийг захиран зарцуулах эрхийг Хуралд шилжүүлж эрх, чиг үүргийн зааг ялгааг хуульчлан тогтоох. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн суурь нэгж сум, дүүрэгт өмчлөх эрхийг олголгүй өдий хүрэв. Жишээ нь Ерөнхий боловсролын сургууль гэхэд сурагчид нь сумынх, сургууль /хөрөнгө / нь аймгийнх, төсөв нь сайдынх. Үүнээс өөр гажиг гэж хаа байхав.

            Дээр дурьдсантай холбогдуулан нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлын бодит нөхцлийг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр өмч, төсөв, татварын тогтолцоонд зохих шинэтгэл хийх цогц арга хэмжээ авах шаардлага нэгэнт бий болжээ.Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсвийн байгууламж, түүний нэг хэсэг болох орон нутгийн төсвийн байгууламж, түүнд хамаарах орлого, зарлагын эх үүсвэр, түүний хуваарлилт, захиран зарцуулалт, үр нөлөөг судалж санхүүгийн хүчтэй төвлөрлийг задлах хэрэгтэй. Ингэж чадвал орон нутаг… эдийн засаг, нийгмийн цогцолбор байх…Үндсан хуулийн үзэл баримтлалд нийцнэ.

            Хоёрдугаарт Улс төрийн төвлөрлийг сааруулж нутгийн өөрөө удирдах байгууллагад эрх мэдэл шилжүүлэх.. Улс төрийн төвлөрлийг сааруулж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдлийг Үндсэн хууль, буёад хууль тогтоомжийн үзэл баримтлалд нийцүүлэх нь чухал болжээ.1996 оноос орон нутгийн Хурлын сонгуулийг Улсын Их Хурлын /хууль тогтоох/ сонгуультай адилтгахаар  хуулбарласан ёс журамтай болгож иргэд өөрөө удирдах байгууллагаа өөрсдөө биш төвөөс, улс төрийн намууд өрсөлдөн захиргаадаж  бүрэлдэхүүнийг нь  

            Их Хуралд суудалтай намуудын удирдлага дор бий болгосноор улс төрийн төвлөрөл үнэхээр газар авчээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх мэдэл байна уу гэвэл үнэхээр байхгүй.

            Орон нутгийн Хуралд иргэд бие даан нэр дэвшиж болох тухай хуулийн заалт байгаа хэдий ч бодит байдал дээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль Улсын Их Хурлын дараах шат болгон төвөөс зохион байгууулснаар  нутгийн өөрөө удирдах  байгуулагуудад  Улсын Их  Хуралд суудал бүхий намууд өөрсдийн төлөөлөгч, гишүүдийг дангаар нэр дэвшүүлэн бүрдүүлж төвийн бодлогыг үг дуугүй хэрэгжүүлэгч болж хувиргахад хүргэсэн. Байдал нэгэнт ийм болсон учир сонгуульд оролцогчдын мэдлэг, улс төрийн соёл дутмаг учраас эсрэг намаас нэр дэвшигчдийн  нэр төрийг гутаан доромжлох нь аль ч намынханд хэвшил болжээ. Үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхдаг, сонгуулийн дүн худал хуурмаг боллоо хэмээн улс төрийн хорлон сүйтгэх үймээн зохион байгуулж нийгмийн дэг журам алдагдсан түүхэн сургамж бий. Түүнд улс төрчид ч  оролцсон

            Иргэдийн Төлөлөгчдийн Хуралд нам бус иргэн сонгогдох боломжгүй болсон төдийгүй Хурлыг төрийн байгууллага мэт болгон статусыг нь гажуудуулж байгаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд үл нийцэж төвлөрүүлэх ёс даамжирч байна.

            Монгол Улс бүхэлдээ хууль тогтоох дээд байгуууллагаа, орон нутаг нь өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгох гэж байгааг ялгаж ойлгодоггүй хэсэг бүлгүүд байна. Үүнээс шалтгаалаад Улсын Их Хурал, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулийг нэгэн зэрэг явуулах санаачлагыг улс төрчид нэлээд хүчтэй ярьж бичдэг болжээ..

            1990 оны анхны ардчилсан сонгуулийг удирдаж явуулсан дүнгээс харахад  Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийг хамтатган  нэг өдөр явуулсан нь төсөв, зардалд хэмнэлттэй мэт боловч сонгогчид Их Хурлын депутатаа сонгоход илүү анхаараад аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ депутатад санал бага өгсөн нь  харагдаж байв.Тийм учраас Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийг тус тусд нь явуулбал илүү зохимжтой байж мэднэ.

            Тэгвэл сонгуулийн талаар ямар өөрчлөлт хийх хэрэгтэй болж байна.

            *Юуны өмнө Улс төрийн намын тухай, орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчилж, тэдгээрийг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж гажуудлыг засах.

            *Улсын Их Хурал, орон нутгийн Хурлын сонгуулийг тус тусд нь явуулах. Энэ нь бодлого, чиг үүргийн ялгаатай хоёр субъект гэдгийг харгалзан үзэх.

            *Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийг сонгохдоо улс төрийн намын жагсаалтаар сонгож  байгааг  бүрмөсөн  зогсоож төр нийгмийг удирдах хэрэгт иргэд өөрсдөө оролцох, иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгөх..  

            Дээр дурдсан хүчин зүйлүүдийг өөрчлөхөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ.Энэ хууль бол Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дагаж гарсан суурь хуулиудын нэг мөн.

            Иймд энэхүү хуульд зарим өөрчллөлт хийх нь зүйтэй.вэ? Үүнд:

            *Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тоог нэмэгдүүлж жилд 3-аас доошгүй удаа байхаар хуульчлах. Учир нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого жилээс жилд хурдацтай хөгжих болж байгаа тул хэлэлцэж шийдвэрлэх асуудал нэмэгдэнэ. Эдийн засгийн чадавхи нь дээшилж эрх мэдлийг өргөтгөсөн цагт шийдвэрлэх асуудал олон болох нь дамжиггүй.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг бүрдүүлдэг Төлөөлөгчдийн үүрэг хариуцлагаас их зүйл шалтгаална. Иймд төлөөлөгчдийн эрхээс гадна үүргийг хуульчлах. тухайлбал

-Хуралд бүрэн суух, дуустал суух
-Цагтаа ирэх, цагаа баримтлах
-хэлэлцэх асуудлын талаар мэдлэгтэй, мэдээлэл, судалгаатай байх.
-Нээлттэй, идэвхтэй байх.
-Хүн бүрт хүндэтгэлтэй ёс зүйтэй харилцах.
-Үзэл бодлоо товч, тодорхой илэрхийлэх.
-Хүн рүү довтлохын оронд хэлэлцэж байгаа асуудал руу довтлох
-Олонхийн шийдвэрийг дагаж мөрдөх.
-Хурлын дэгд захирагдах.
-Хурлын хорооны ажилд идэвхтэй оролцох.
-Байгууллагын нэр хүндийг хамгаалах зэрэг.

            Улс төр судлаач Лютер Кушинг “ Бүх дүрэм, журмын цаад зорилго бол чуулганы хүсэл зоригт үйлчлэх явдал болохоос түүнийг боомилох явдал биш, хүсэл зоригоо илэрхийлэхэд нь туслах явдал болохоос биш тээг болох биш” хэмээн тэмдэглэсэн байдаг.

            *Сахилга хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан төлөөлөгчийг иргэд огцруулах, эгүүлэн татах эрхтэй болох.

            *Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох шалгуур үзүүлэлттэй байх. /төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, өр зээлгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй г.м/

            *Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал даргаа сонгох, Тэргүүлэгчид, төлөөлөгчдийг  сонгочихоод орхиж болохгүй, тэднийг ажиллуулах зорилгоор зохих урамшилтай болгох..

            *Сум, дүүрэг, баг, хорооны  Засаг даргыг нутаг дэвсгэрийн иргэд шууд сонгодог болох. Ингэж хуульчилбал тухайн Засаг дарга намд биш, иргэддээ тайлагнаж тэднээс үнэлгээ дүнгээ авдаг болно.

            *Хурлын хяналтыг шат бүрт сайжруулах. Өдгөө хяналт, шалгалт хэмээх хоёр өөр ойлголтыг нэг ойлголт  мэт ойлгож хэрэгжүүлж явна. Хяналт бол нутгийн
удирлдлагын тасралтгүй үйл ажиллагаа гэдгийг ялгаж ойлгох нь чухал гэж үзэж байна.

            *Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Үндсэн хуулийн Цэц, шүүхэд ханддаг эрхтэй болох зэрэг асуудлууд багтаж байна.

            Монгол  Улсын  Засаг захиргааа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүрэлдэхүүн хэсэг бол баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга, түүний ажлын алба мөн. Монгол Улсын хөгжил орон нутгаас эх ундрагатай. Баг, хороогоо бэхжүүлж чадвал төрийн үйлчилгээг хүн амд хүргэх боломжтой.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар баг, хорооны эрх зүйн байдал, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл журам хийгээд нэгжүүдийн удирдах байгууллагын тогтолцоо, зарчим зэргийг тогтоосон билээ. Баг, хороо бол төр засгийн жинхэнэ тулгуур хүч нь мөн. Тулгуурынхаа чиг үүрэг, эрх хэмжээг дахин нягтлан үзэх шаардлага зүй ёсоор гарч байна. Өнөөдөр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга ямаршуухан дүр төрхтэй байна вэ? Орон нутгийн /хөдөөгийн/ багийн газар нутаг  уудам, хүн ам нь алслагдсан, төрийн үйлчилгээ хүрэх боломж тааруу, түүнийг хүргэх унаа, тэрэггүй байхад Нийслэл, Дархан-уул, Орхон аймаг болон бусад аймгийн төвийн хороо, багууд газар нутаг хязгаарлагдмал, хүн амын нягтрал их, үйлчилгээний цар хүрээ өргөн зэрэг ялгаатай талууд бий. Тэр бүгдэд төр засаг олигтой анхаарч авсан арга хэмжээ тун дулимаг байгаа юм.

            Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд  орон нутагт очоод ажил төрлийн уулзалт, төр засгийн бодлого шийдвэр таниулах, сонгуулийн сурталчилгаа хийх, баг, хорооны иргэдтэй  уулзахад  түүнийг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, ажлын албаны цөөн ажилтан  зохион байгуулдаг шүүдээ. Тэдний дээд төвшний удирдлагууд үүрэг даалгавар өгнө.  Ингээд бодоход баг, хороогоо онцгой анхаарч дэмжлэг үзүүлэх ёстой. Тийм учраас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд баг, хорооны чиг үүрэг, эрх хэмжээг нарийвчлан тогтоомоор санагдана

            *Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг иргэд сонгож байх. Тэдний цалин, урамшлын асуудлыг шийдвэрлэх, төсвийг нь тухайн Хурлын  төсөвт суулгаж өгөх.

            *Хурлын Тэргүүлэгчдийн тоо айл өрхийг хуваарлин авахад хүрэлцэхгүй. Тиймээс Тэргүүлэгчдийн тоог 30 хүртэл хүнээр тогтоовол ажлын хүртээмж боломж бий болно. Нийслэлийн хороодод Нийтийн Хурлын дарга, 5 Тэргүүлэгч 20-30 мянган иргэдэд яаж хүрч ажиллах билээ.

            *Мөн хуульд баг, хорооны нутаг дэвсгэрийн хилийн цав тогтоох эрхийг хуульчилж өгмөөр байгаа юм. Ажил хариуцсан төрийн түшээдийн энэ талын мэдлэг  тааруу байгаад шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.

            Орон нутагт эрх зүйн зохицуулалт хийх ёстой нэг асуудал бол Хот, тосгоны асуудал болж байна. Ямар ч улс орон нийслэл хот, хаяа хот, дагуул хот зэрэг олон янзын зэрэглэлтэй хөгжсөөр ирсэн юм. Хот гэдэг аль ч улс орны суурин соёл иргэншлийн нэг мөн. Монгол Улсын Үндсэн хуульд хот, тосгоны эрх зүйн байдлыг хуулиар тогтоохоор заасны дагуу 1994 онд “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хууль батлагдан мөрдөгдөж байна. Уг хууль мөрдөгдөөд 20 жил болж завсарт нь ямар нэг нэмэлт өөрчлөлт орсонгүй. Энэ утгаар авч үзэхэд тус хууль нэг бол гар хүрэхийн аргагүй сайн боловсрогдсон хууль, эсхүл амьдралд хэрэгжих чадваргүй хууль болсон мэт. Тус хуулийн талаар хууль тогтоогчид, гүйцэтгэх засаглалынхнаас дуугарч байгаа хүн огт сонсогдохгүй байгаа бөгөөд монгол орны хөгжлийн ийм том асуудалд дуу хоолой нь гарахгүй атлаа хаана тамхи татах, татахгүй тухай сүржин бөгөөд даржин мэдлэгтэнгүүд улс төрчдийн дотор байгааг тэмдэглэн хэлье. Тэгвэл хот, тосгоны өнөөгийн байдал ямар байна. а/.Дархан, Эрдэнэт,Чойр хотыг улсын зэрэглэлтэй хот болгон баталсан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг одоо хүртэл хүчин төгөлдөр мөрөгдөж байхад тэдгээр хотуудыг аймгийн зиндаанд аваачиж тавьсан. б/.Хотын удирдлагын тогтолцоо ялгавартай хэвээр, тухайлбал, Нийслэл,Дархан-уул, Орхон, Говьсүмбэр аймнийн Засаг дарга нар хотын Захирагч, аймгийн төвийн сумын Засаг дарга нар хотын захирагчийн албыг хавсран гүйцэтгэж байна.Социалист нийгмийн тогтолцооны үед сумын гүйцэтгэх захиргааны дарга  нэгдэл, сангийн аж ахуйн даргын албыг хавсран  гүйцэтгэж байсантай утга нэг болоод байна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албыг  аж ахуйн чиг үүрэгтэй албатай хавсран гүйцэтгүүлж байгааг эрх зүйн хувьд нэг мөр шийдвэрлэх. в/.Монгол Улсын Их Хурлаар тогтоосон журмаар бол хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах учиртай. Гэтэл хууль батлагдан гарснаас хойших 20 жилд захирагчийн сонгууль явагдаж байсангүй, гагцхүү Засаг даргад хариуцуулан ажиллуулж иржээ. Хэрэв захирагчийн сонгууль явуулах байсан бол бас л улс төржсөн, өрсөлдөн тэмцсэн нүсэр ажил болох байсан нь дамжиггүй.. Түүнийг өнөөдөр олж харсан улс төрч байна уу. Тэрхүү улс төрчид хөнгөн хялбархан асуудалд шуурахын оронд тулгамдсан хүнд асуудал руу хошуурмаар байгаа юм. Тэнхээ мэдэх асуудал юм даа.

            Ийм учраас Нутгийн болон хотын удирдлагын эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

            Дээр дурдсан хэдэн асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчллүүлэх санаа огт биш, харин суурь хуулийг дагаж гарсан салбарын шинжтэй хуулиудад өөрчлөлт оруулах нь зүйн хэрэг. Үндсэн хуулийг өөрчлөхөд хөөрцөглөх асуудал биш.

            Орон нутагт тулгамдаж байгаа асуудлын талаар Монголын Нутгийн Удирдлагын Холбоо 20 жилийн туршид Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа саналаа илэрхийлж байсан хэдий ч харамсалтай нь тодорхой арга хэмжээ авч байсангүй. Монголын Нутгийн Удирдлагын холбооны гол зорилго бол аль нэг намын үзэл баримтлалд бус, Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд нутгийн удирдлага, түүний дотор өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж Улсын Их Хурал, Засгийн газарт дуу хоолойгоо хүргэж санал бодлоо илэрхийлж дэмжлэг үзүүлэх гэсэн оролдлого байлаа. Түүнийг  ойшоож үзнэ гэдэгт итгэж байна. Удирдахуйн ухаан, ур чадвар, сэтгэлгээний чадавхи их үүрэгтэй учраас суут ухаантнуудын сургаалаас ганц нэгийг иш татъя.

Платон:”Ухаалаг хүмүүсийн хувьд хууль бол бурхан, тэнэг мунхаг хүмүүсийн хувьд хууль бол зугаа цэнгэл”

Ф.Шиллер “Огцом ширүүн удирдагч удаан хугацаанд эрх барьдаггүй”.

К.Бинн “Удирдаж чадахгүй хүн ямагт эрх булаагч байдаг”

Ж.Ж.Руссо “Ерөнхийдээ бага мэдэгчид их бурцгаадаг”

Ш.Монтескье “Юу ч хийдэггүй хүмүүс ямагт чалчаа байдаг, хэдий чинээ бага бодно,төдий чинээ их ярьдаг” гэх мэт.

Бумбууийн Шарбанди 2014 он

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%