Чингэлтэй дүүргийн жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн 2 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд зөвлөгөөнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 250 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр дүүргийн төр захиргааны байгууллагаас баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн ажлуудын талаар дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцуулав. “Дүүргийн жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, цаашид өрхийн үйлдвэрлэгчдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор “Чингэлтэйд үйлдвэрлэв”, “Хамтдаа хөгжье” хөтөлбөрүүдийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулан Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжилтийг ханган ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Хөтөлбөрүүдийн хүрээнд жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, шууд худалдан авалтыг дэмжих зорилгоор “Чингэлтэйд үйлдвэрлэв 1, 2, 3” борлуулалтын салбар цэгүүдийг нээж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг ханган ажиллуулснаар 280 гаруй үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ тав тухтай, хүн амын төвлөрөл ихтэй бүсэд борлуулах нөхцөл боломж бий болж, 2016-2018 онуудад 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж өрхийн орлогын түвшингээ дээшлүүлсэн үзүүлэлттэй байгаа нь үйлдвэрлэгчдийгээ дэмжсэн томоохон ажлуудын нэг юм.
Жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын бүтээмжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажил, хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн үйл явцыг өрх гэрээс тусгаарлах боломжийг бүрдүүлэх зорилгоор “ЗӨӨВРИЙН АЖЛЫН БАЙР” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж нийт 90 зөөврийн байрыг дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэн бариулж, үйлдвэрлэгчдийн оршин суугаа хашаанд нь байрлуулснаар 2018 оны байдлаар үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл 10 гаруй хувиар нэмэгдэж, нийт 135 ажлын байрыг шинээр бий болгохын зэрэгцээ 6 аж ахуйн нэгж 1 нөхөрлөл шинээр бий болсон.
Мөн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, харилцан туршлага судлах зорилгоор 2016-2018 онд гадаад, дотоодод зохион байгуулагдсан 44 үзэсгэлэн худалдаанд давхардсан тоогоор 550 гаруй иргэн оролцож 532 сая төгрөгийг борлуулалт хийсэн байна”.
Дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвийн захирал С.Энхтайван тус төвийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны дарга Ш.Саранчимэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга, Зээлийн батлан даалтын сангийн Ахлах мэргэжилтэн О.Намуун зээлийн батлан даалт, “Эс Ай Си Эй” ХХК-ийн туслах менежер Т.Азбилэг “Смарт Чингэлтэй” гар утасны аппликейшнээр дамжуулж үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчлах талаар тус тус танилцууллаа. Зөвлөгөөний төгсгөлд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтэд хариулт өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Мөн зөвлөгөөний үеэр үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн толилуулсан юм.