Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар
орон нутгийн анхны томилолтоо Өвөрхангай аймагт /2019.02.26/ үргэлжлүүллээ.
Тэрбээр иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засагт оруулсан ололт амжилтыг дурдаж, мөн санаа зовниж буй асуудлаа илэрхийлсэн юм. Тухайлбал, “Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй. Тиймээс хууль, эрх зүй, шударга ёс, сахилга хариуцлагыг дээдэлдэг тогтолцоог парламентаас эхлэн нэвтрүүлж, шинэчлэл хийнэ. Хяналт шалгалтын ажлыг шинэ шатанд гаргана, тооноос чанарт шилжих хувьсал хийнэ. Монголын улс төрийг эрүүл саруул болгохын төлөө тэмцэж ажиллана. Өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай.” гэж байв.
Мөн Улсын Их Хурлын танхимыг мэдлэг, тооцоо судалгаа, шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэтгэлцээний индэр болгох ёстой гэж үзэж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа онцлов. Төрийн алба иргэддээ тэгш шударга хандаж, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг байх нь Монгол төрийн нэр хүндийг сэргээх гол хүчин зүйл бөгөөд үүнийг бүх шатны төрийн албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа чухалчлахыг сануулж, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн хэнд ч хатуу хариуцлага хүлээлгэх ёстойг анхаарууллаа.
Нийгэмд дуулиан үүсгэсэн
томоохон хэргүүдийг илрүүлэхийн тулд хууль, хяналтын байгууллагуудад хяналт,
шалгалт явуулж, хүний эрх, шударга ёсны хэрэгжилт ямар байгааг судална, өрхийн
болон жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид ашигтай татвар, даатгалын
нөхцөлийг бүрдүүлнэ, тендерийн сонгон шалгаруулалтыг эх оронч байлгаж, “Шилэн
тендер”-ийг нэвтрүүлнэ хэмээн УИХ-ын дарга олон талын бодлого, шийдвэрүүдийг
иргэдэд мэдээлсэн юм.
Түүнчлэн Өвөрхангайчууд 2016 оны сонгуулиар зөв сонголт
хийсэн нь тэднийг төлөөлсөн гишүүдийн үйл ажиллагаанаас харагдаж байгааг
сайшааж, улам сайн ажиллаж, ард олныхоо итгэлийг бүрэн биелүүлнэ гэдэгт итгэж
байгаагаа илэрхийлж байв.
Уулзалтанд оролцсон иргэд санал хүсэлтээ амаар болон бичгээр
илэрхийлж, хариултаа авав. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих, Монгол төгрөгийн ханш унаж байгаад болон бараа
бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд анхаарал хандуулах, Монгол ёс заншил, урлаг,
соёлын өвийг уламжлуулах бодлого хэрэгжүүлэх, чанаргүй олон их, дээд
сургуулиудыг цомхотгох гэхчлэн олон асуулт тавьж, Монгол Улсын Засгийн газрыг
сайн ажиллаж байгаад нь талархал дэвшүүлэн зорилгоосоо ухралгүй сайн ажиллахыг
захиж байлаа.
Иргэдийн асуултанд Улсын
Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Улсын Их
Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, БСШУС-ын
дэд сайд Г.Ганбаяр болон УИХ-ын дарга Г.Занданшатар хариулт өгсөн юм.
Уулзалтын үеэр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн
удирдлагууд УИХ-ын даргад 2 асуудал уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу Арвайхээр хотод баригдах Дулааны станцын ажлыг энэ онд эхлүүлж,
Баянтээгийн уурхайд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах чиглэлээр
Азийн хөгжлийн банктай хэлэлцээр хийн асуудлыг шийдвэрлэнэ хэмээн УИХ-ын дарга амлав.
Уулзалтын төгсгөлд тэрбээр шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой, аз жаргалтай иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэцгээе хэмээн уриаллаа.