Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШАРЫН ГОЛ СУМЫН “ТУЛГА СУВИЛАЛ”ЫГ МЕНЕЖМЕНТИЙН ҮР ДҮНГ ХАРГАЛЗАН ХУВЬЧЛАХ ТУХАЙ АСУУДАЛД НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙВ

2019-02-28

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор “Тулга” сувиллыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах арга хэлбэр түүнийг хэрэгжүүлэх  сонгон шалгаруулалтын журам батлагдсан. 
Харин Захиргааны Ерөнхий хуулийн 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.” хэмээн заасны дагуу тус тогтоолыг хүчингүй болгож, дахин олон нийтээр хэлэлцүүлж, саналыг тусгахаар нээлттэй хэлэлцүүлгийг /2019.02.27/ зохион байгууллаа. 
Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга удирдаж, Орон нутгийн өмчийн газрын дарга С.Баясгалан, Шарын гол сумын “Тулга сувилал ОНӨААТҮГ”-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах,  үйл ажиллагааны талаар танилцуулсан бөгөөд Дархан сумын 1-18 дугаар багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, саналаа илэрхийллээ. 
“Тулга” сувилал нь 2004 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2003 оны 12-р сарын 23-ны 18-р тогтоолоор Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх мэргэжлээс шалтгаалах өвчтөний 25 ортой хойд бүсийн сувиллыг байгуулсан бөгөөд цаашид тус эмнэлгийн урсгал зардлыг улсын төсвөөр шийдвэрлэх аргагүй болсон учраас сонгон шалгаруулалтын зарчмаар менежментийн үр дүнг харгалзан хувьчлахаар болсон. 
Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар байгуулагдсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгээс хувьчлалыг хуулийн хүрээнд зохион байгуулах ажлыг шат дараалан гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар “Буянт-Арю” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. 
Үүний үр дүнд 2017 онд үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний групптэй 603 сувилуулагчийг сувилсан бол 2018 онд 696 сувилуулагчдыг хүлээн авч  сувилуулагчдын тоо 13,4%-иар нэмэгдэж, үйл ажиллагаа сайжирсан байна. 
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Жавхлан “Буянт-Арю”ХХК-ийн удирдлагуудад хандан, улсын төсвөөр бий болсон тоног төхөөрөмж, барилга байгууламжийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа учраас цаашид үйлчилгээгээ  өргөжүүлэх, сайжруулахад анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг анхаарууллаа. 
Мөн аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга олон нийтийн санал асуулга авах үйл ажиллагааг Шарын гол сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран тус сумын иргэд, уурхайчдыг хамруулан зохион байгуулах тухай зөвлөмжийг өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%