Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАРАА ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ "ЭКО ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ САНАЛЫГ ДАРХАН СУМЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ДЭМЖЛЭЭ

2019-03-01

     "Дархан-спорт ногоон орчин” нөхөрлөл нь 2014 онд үүсгэн байгуулагдаж,  2016 онд Дархан сумын ЗДТГ-т хүсэлт гаргаж, Хараа голын эргийн дагуу 38 га газрыг бургасжуулах, моджуулах эрүүл орчин бий болгох зорилгоор хамгаалах, ашиглах, эзэмших гэрээг байгуулсан байна.
     Дээрх хугацаанд тус газарт 13000 ширхэг бургас болон модлог ургамлыг нөхөрлөлийн гишүүд, дэмжигчдийн хүчээр тарьж, 1000 орчим метр газрыг хашаажуулж, хамгаалсан байна. Мөн зуны зугаалгын цагаар амрагчид болон хүүхэд залуучуудад хандаж байгаль орчноо хайрлан хамгаалах, гол усны аюулаас болгоомжлох, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаар ухуулга сурталчилгааны сануулга, сэрэмжлүүлэг, анхааруулга бүхий самбаруудыг хийж байрлуулсан байна.
     Цаашид Хараа голын эрэг дагуу 20 орчим га газрыг АНУ-ын Сиэтл хотын нэгэн цэцэрлэгийн туршлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, олон төрлийн мод бут, жимс тарьж ургуулсан “ЭКО ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөн ажиллаж байна.
     Энэ нь Дарханчуудын амралт зугаалгын гол бүс бөгөөд иргэд, хүүхэд багачуудад сэтгэлийн тайвшрал, байгаль эхээ хайрлах, эх оронч сэтгэлгээг бий болгоход маш чухал нөлөө үзүүлэх юм. Хараа голын эрэг дагуу газрыг бургасжуулах, түүнийг хамгаалахад аж ахуйн нэгж, нөхөрлөлд итгэл үзүүлэн, урт богино хугацаатай гэрээгээр эзэмшүүлэн иргэдээр хяналт тавиулан ажиллуулбал 5-8 жилийн дотор бүрэн бургасжих бололцоо байгаа хэмээн нөхөрлөлийн ахлагч Х.Батбаяр хэлж байлаа.  
     Тэргүүлэгчид мэдээлэлтэй холбогдуулан сумын ИТХ болон Засаг даргаас ямар дэмжлэг хэрэгтэй байгаа, хөрөнгө оруулалтыг татах талаар ямар ажлууд төлөвлөж байна, тулгамдаж буй ямар бэрхшээл байгаа талаар асуухад Х.Батбаяр: Дархан талын хэсгийг хашсан, цаад тал буюу гол талаасаа хашаа байхгүй, манаач байгаа, гэхдээ цаад талаасаа мал их орж ирдэг, мод бутыг иддэг, ажлын үр дүн бага байгаа, малчидтай хэл амаа ололцоход маш хүнд байдаг. Иймд сумын ЗДТГ-аас Хараа голын цаад эрэг дагуу нутагладаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын малчдад бидний хийж байгаа ажлын талаар яриа таниулга хийх, малаа бидний хамгаалж эзэмшиж буй газарт бэлчээхгүй байх, удаа дараа малаа оруулсан тохиолдолд хариуцлага тооцох журам гаргуулах саналтай байгаагаа хэллээ. Мөн БОАЖГ-ын хашааг сэргээх, нөхөрлөлийн ажлыг дүгнэхдээ ашиг олдог, олдоггүйг нь ялгаж дүгнэж, дэмжлэг үзүүлдэг баймаар байна. Бид Өвөрмонголын мод, ногоо тариалдаг иргэнтэй холбоотой ажилладаг, гадаадын ТББ-тай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Бид эхлээд өөрсдөөсөө хамаарах ажлуудаа хийх хэрэгтэй, тэгж байж гадны хөрөнгө оруулалтыг татна хэмээн ярьж байлаа.
     Тэргүүлэгчид нөхөрлөлийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэргүүлэгчдээс гарсан саналыг үндэслэн Нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих талаар сумын Засаг даргад үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%