Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ЭЭЖДЭЭ ИЛГЭЭХ СЭТГЭЛИЙН ҮГ" ЗАХИДЛЫН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРСАН ЗАХИДАЛ

2019-03-06

Чингэлтэй Дүүргийн 49р сургуулийн
12а ангийн сурагч Б.Дарьбазар
 "ЭЭЖДЭЭ ИЛГЭЭХ СЭТГЭЛИЙН ҮГ"
  Сайн байна уу ээж ээ? Эрлэг номуун хааныхаа хажууд, Энхжингийн орондоо амгалан сайн сууна уу? Амар байна уу гээд охин нь тандаа золгоё, аа бас сөгдөн мөргөе.
     Тэнгэр цэлмэж, үүлс татарших энэ л өдөр сэтгэл хөглүүлэн., нулимс дуслуулан энэхүү захидлыг бичин, таныхаа сэтгэл рүү тэртээх тэнгэр лүү илгээх гэж байна.
       Өнөөдөр би арван долоон настай. Бурханлаг таныхаа бүрэлдэн тогтсон удам залгах ураг, богинохон заяаны  тань азтай тавилан, аз жаргал тань болон тэр л өдөр хорвоод би ирсэн билээ. Үүнээс хойш баяр баясал, гуниг харуусал тээж өнгөрүүлсэн богинохон мэт боловч уртаас урт санагдах арван долоон жил байлаа. Таныхаа алган дээр бөмбөрч өссөн тэдгээр жилүүд, таныхаа дэргэд тоглож наадаж байсан тэдгээр олон олон өдрүүд миний бүхий л амьдралын хамгийн сайхан дурсамжууд байсан.
Та минь миний мэдэх хамгийн сайхан хүн. Сайхан гэж хэлэхэд ч багадмаар.Өрөөлийн гэлгүй өрөвч нандин сэтгэлээр бусдыг умдаалж, явсан газар бүртээ баяр баясал бэлэглэж, цовоо сэргэлэн аалиараа найз нөхөд, айл саахалтынхныхаа сэтгэлд нэр шигээ мандаж явдаг хүн байсан.Таны минь  хатан ухаан эгч бид хоёрыг хүний дайтай хүн болгож төлөвшүүлсэн.Тэмцээн уралдаанд ороод медаль шагнал авбал тандаа хэлэх гээд жаахан хүүхдийн гэнэн зангаараа үсэрч дэгдэн, хичээлээс гэр лүүгээ сэтгэл догдлон яардаг сан.Ингэх бүрт минь авсан шагналыг минь бурхан дээрээ залах нь холгүй тавьчихаад “Миний охин ёстой мундаг” гээд хэд хоног орж гарсан  хүнд сайшааж магтана. Хийж бүтээсэн зүйлийнхээ үр дүнг нь хараад хүн баярладаг шиг үр хүүхдээ сайн хүн болж төлөвшиж байгааг нь үзээд бахархдаг байсан юм болов уу даа. Гэхдээ...
    Инээд ихтэй хүн нулимс ихтэй байдаг юм гэнэ билээ.
  Миний ээж цэл залуухан байхдаа нутаг усныхандаа “Торомгор Сараа” гэдгээрээ танигдаж явсан үзэсгэлэн төгс жинхэнэ А-тай хүүхэн байсан гэж олон хүн ярьж байна билээ.Гэтэл өнгө төрх, гоо үзэсгэлэн өнөд хамт байдаггүй юм болохоор таны минь толгойд буурал сор сууж, духанд тань амьдралын мөр гүйж, хааяа хааяа  өвчин хэлэх болсон  сон. Таны бие доройтож, би хожуу ухаарч. Ухаан мөхөс сэтгэл дутуу охин нь таныгаа мөнхөд хажууд байх юм шиг санаж  энэрэлгүй зан гаргаж, хатуу хөтүү хандсандаа гэмшээд бардаггүй юм. 
     Хүсэл байвч хясах энэ хорвоо та бидэнд дэндүү хатуу хандсан юм болов уу даа. Аавыг минь мөнх бусыг үзсэнээс хойш та минь биднийг л гэж өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хар бор ажил хийж, амьхандаа л хоёр үрээ хүнээс дутаачихвий гээд борви бохисхийлгүй гүйдэг байсан.Гэтэл бид хорвоод хэний ачаар өдий зэрэгт хүрснээ умартаад хээв нэг цор цор хийхэд уйлан дуугарч, чичирсэн хоолойгоор загнахад тань тэнгэр нурах шиг аймшигтай санагддаг байлаа. 
  Аль бага балчир байхад аавын минь ааш таныг их л зовоож, хааяа хааяа тар түр хийж маргалдах тань бие султай таныгаа үхчихвий гэж зүрх минь чичирч, сүнс тийчилж, амьсгаанд тань айдсаа дардаг байлаа. Зааж өгсөн тарнийг тань намайг уншихад дуртай байсан болохоор, басхүү та минь надад сүсэглэж бишрэхийг зааж сургасан болохоор охин нь шөнө бүр ээж минь урт наслаарай гэж залбирдаг байсан.
  Нойтон дэр дэрлэн өнжсөн өдөр хоногууд бишгүй. Надаасаа холдчихвий гэж бодохын төдийд л нулимс цийлэгнэж, хоолой зангирдаг байсан учраас хааяа нэг өвдөхөд тань зүрхшээдэг байлаа. Зөв харж инээж буруу харж гуньдаг, аньсан чийгтэх нулимсаа  нуун арчих тань зүрхийг минь хөнддөг байлаа.
    Таныгаа бурхдын орон луу явсан цагаас хойш нэг ч өдөр бүтэн жаргалтай байж үзсэнгүй. Амьдрал гэдэг хатуу үедээ хатуу байдаг юм байна билээ. Төрж өссөн цагаасаа хойш хэчнээн зовж зүдэрсэн ч хорвоод гомдож байгаагүй охин нь таныг минь надаас булаах тэр л мөчид бяцхан зүрх минь цээжиндээ багтарч, амьсгалахад хүртэл хорвоо жижигдэх юм шиг санагдаж, яс махандаа шингэтлээ гомдон “Яагаад заавал миний ээж гэж, хөөрхий эгч бид хоёрт байгаа цорын ганц эрдэнийг минь битгий булаагаач дээ, бурхан минь гуйя” гэж дөрвөн шөнө гурван өдөр залбирч сүсэглэсэн сэн. Хар дарсан зүүд шиг өнгөрсөн өдрүүдийн сүүлчийн шөнө. Утас дуугарав. Цочсондоо салгалж байсан намайг эмнэлэгт хүрээд ир гэж дуудлаа. Гэрээсээ эмнэлэгт хүрэх тэр л агшинд би зөвхөн ээжийнхээ л тухай бодож байсан юм. Зовлон шаналал, үхэл сэхлийн зааг дээр орилолдож байсан хүмүүсийн дундаас ээж тань руугаа би яаран орсон. Та минь тэгэхэд уйлж байсан. Гар хөл нь мэдээ алдаж, оюун санаагаа захирч нүдээ нээх чадалгүй болсон мөртөө биднийгээ хажууд нь уйлахыг сонсоод та минь ямар ихээр шаналсан бол. “Эвий миний хоёр үр” гэсээр сэтгэл зүрх нь хэчнээн их дагжин чичирч, айж байсан бол.Хэлэх гээд хэлж чадахгүй, харах гээд харж чадахгүй там шиг санагдаж бачуурч байсан биз. “Сэтгэлээ бэлд” гэсэн эмчийн хоёр үг намайг аянганд нэргүүлэх шиг болгосон юм.Тэнгэр нурж, ертөнц сүйрэх гэж байгаа юм шиг санагдах тэр өдөр бид таныгаа ямар эрхэм нандин хүн юм бэ гэдгийг сэтгэлийнээ гүнээс ойлгож ухаарсан.Гэтэл та минь нэгэнт хорвоог орхисон байлаа.
Ай хорвоо чи заримдаа хайрламаар, бас уярмаар сайхан. Хатуу бэрхийг эрт үзүүлж хайрлан дуулахыг хожуу ухааруулсан ч, хат суулгаж намайг хурцалсан ч хатан ижийг минь хамтад нь байлгахгүй даанч яав даа. Эмнэлэгийн цагаан орон дээр найдваргүй болсон таны минь гарыг атгаад үхлүүт биений тань хажууд сөгдсөн суучихаад 
“Аньсган нүдэнд минь бүрэлзээд байна
Ангир ижий минь алгуу даа
Зүсэр бороо шаагиад байна
Зүүдэнд ижий минь ирэв үү дээ” гээд дуу аялан нүдээ аниад, алгуурхан энхрийлж суусан эгчийнхээ дүрийг насан туршдаа би мартахгүй. Эвий эгч минь бүлцийтлээ уйлсан нүднийхээ хөхөвтөр туяа татсан харцаар намайг ширтэж “Ээжгүй хоёулаа яах юм бэ” гээд орилж суухад зүрхийг минь зүүгээр шивэх шиг болсон.Ээжгүй амьдрал ийм л хатуу.
   Гэхдээ би амьдралд гомдсон болохоос таньдаа гомдож байгаагүй. Хатуу бэрхийг үзээд, хал үзэж хашир суучхаад, үрсийнхээ ачийг бүтэн үзэлгүй, жаргал эдэлж амжаагүй байхад тань хорвоо надаас таныг минь булаачихсанд л бурханд дэндүү ихээр хорсох юм.Чухамдаа эрүүл саруул амьд байгаа дээр нь хайрлаж чадаагүй өөрсдийн буруугаа бурхан тэнгэрт тохох нь ч хайшаа юм. Гагцхүү өөрийгөө л хорсож, харуусаж байна даа. Тэгэхдээ охин нь таныхаа удам залгах мах цусны тасархай, нэгэн биенээс тасарсан үргэлжлэл тань болохоор бүрэн амьдрал үзээгүй ч бүтэн амьдрал босгоно оо.
 Ээж минь дээ. Ардын дуу сонсоод уярч суудаг таныгаа их л санах юм даа. Зүүд манаж ирэх бүрт тань зүйрлэшгүй ихээр баярлах юм.Уяран санах сэтгэлээ уйлан хайлан засах юм. Таньдаа нэг үнсүүлэхсэндээ...
       Аньсах зүрх минь, амирлах тэнгэр минь, амин сүнс минь...




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%