Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн хяналтыг бий болгох хүрээнд 19 хорооны гудамж, байр бүрт Гудамж байрны Нийтийн эргүүл, Хэв журмын урамшилт эргүүл, жижүүрийг томилон ажиллуулж эхэлсэн.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 800 гаруй гудамж байрны нийтийн эргүүл иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нар 16,17 дугаар хорооны Гудамж байрны нийтийн эргүүл 100 гаруй иргэдтэй уулзалт хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганболд УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр болон Чингэлтэй дүүрэгт 2019 онд Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, тэдний санал бодлыг сонсч, асуултад хариулт өгсөн юм.
Чингэлтэй дүүргийн удирдлагууд “Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан. Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж , 2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”, “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах, 117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах, 13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх, “Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо”, Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Маргааш буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нар 17,18 дугаар хорооны Гудамж нийтийн байрны эргүүлүүдтэй төлөвлөгөөний дагуу уулзалт зохион байгуулах юм.