Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАНГАХАД БҮХ НИЙТЭЭРЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ УРИАЛЛАА

2019-03-13

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх оролцоо, хөгжлийг дэмжих  “ГАРЦ ба ШИЙДЭЛ” уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.03.13/ зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэг нь Монгол Улсын Засгийн Газрын 321 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тэднийг нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцуулах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн болон  төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэгдсэн бөгөөд хэлэлцүүлэгт 120 гаруй иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийллээ. 
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн 2017- 2018 онд хийсэн ажлын тайлан, 2019-2020 онд хэрэгжүүлэх                                                                         төсөл хөтөлбөр”-ийн танилцуулгыг хийж, мөн  ХБИЧҮЭХорооны удирдах зөвлөлийн гишүүн  М.Болорцэцэг байгууллагынхаа үйл ажиллагааг тайлагналаа. 
Дархан-Уул аймагт нийт 4600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд үүний 435 нь хүүхэд юм. 
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хангах, халамжийн үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөрт хамруулах, ажлын байраар хангах асуудлыг голлон хариуцдаг бөгөөд өнгөрсөн онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэх, дэмжлэгтэйгээр ажилд зуучлах, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох, борлуулалтын дэмжлэг, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт, аж ахуй эрхлэлтийн сургалт, хөдөлмөр эрхлэлтийн сургалт, ажил олгогчийн урамшуулал арга хэмжээнд хамруулж дэмжлэг үзүүлэх замаар  хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байнгын ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллажээ.
Мөн 2017 онд ХБИ-ний Зөвлөлийг байгуулж, хамтран ажиллаж байгаа ба “Тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ , “Харааны бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” ТББ, Дархан найрамдал “Сонсголгүй иргэдийн холбоо” ТББ,  Дохионы хэлмэрч орчуулагчдын холбооны Дархан дахь салбар, “Сэтгэл шингэсэн үйл” Нөхөрлөл, “Хөгжил бизнес төв” ТББ, ХБХүүхдийн эцэг эхийн холбоо, ХБИргэдийн Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг  хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудтай хамтран, тэднийг дэмжин ажиллаж байна. 
Цаашид хийгдэх томоохон ажлаас дурьдбал:  Аймгийн Засаг даргын захирамжаар 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 3600м.кв газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хөгжлийн төв”-ийг барих газрын асуудал шийдвэрлэгдсэн бөгөөд 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд төслийн нэгж байгуулагдаж, төвийн барилгын ажил нь Азийн Хөгжлийн банкны санхүүжилтаар 2019 оноос хэрэгжиж эхлэхээр болсон тухай таатай мэдээллийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд өглөө. 
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс зарим худалдаа, үйлчилгээний байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэвийн үйлчлүүлэх нөхцөлийг хангадаггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах зориулалтын шат, хаалга хийгээгүй болж гэмтэж бэртэх асуудал гардаг тухай ярьж байна. 
Мөн олон нийтийн зүгээс тэднийг үл тоомсорлосон хандлага ихээхэн гардгаас нийгмээс өөрсдийгөө тусгаарлах зэрэг сэтгэлзүйн хямралд өртөх нь элбэг байдаг байна. 
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх ГАРЦ бол ажлын байраар хангах, ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэв. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%