Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2019-03-15

     Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаан 3 дугаар сарын 14-ны өдрийн 09.00 цагт сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд 83,8 хувийн ирцтэй  боллоо. Хуралдаанаар:
1.    Дархан сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай  
2.    Дархан сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
3.    Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
4.    Дархан сумын 2019 оны төсвийг баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай
5.    Дархан сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоох тухай  
6.    Дархан - Улаанбаатар чиглэлийн авто замыг шинэчлэх төсөлд хийгдсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцүүлэх тухай  асуудлыг тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

     Дархан сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанаар 2018 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалттай хэрэгжсэн гэж үзлээ. Сумын Засаг даргаас өргөн мэдүүлсэн Дархан сумын 2019 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 57.5 га, дуудлага худалдаагаар худалдах 1.7 га, төсөл сонгон шалгаруулалтаар 57.4 га, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуучин эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэхээр 33.75 га газрыг тусгаж, зам, шугам сүлжээний газрын ашиглалт, хамгаалалтын төлөвлөлт,  нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажил, хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөх, газрыг элэгдэл эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр тодорхой газруудыг тусгаж баталлаа. Газрын нэгдмэл сангийн 4 ангилалаар 55 байршилд  төлөвлөсөн ажил үйлчилгээг тус тус хэрэгжүүлхээр тогтож, төлөвлөгөөний явцын мэдээллийг хагас, бүтэн жилээр    ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр нарт даалгалаа.

     Дархан сумын Засаг даргын өргөн мэдүүлснээр 5, 8, 15, Малчин багуудын нутаг дэвсгэрт байрлах  55,8 га газрыг  орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчид 100 хувийн саналаар батлав.

     “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”–ийн ажлын хүрээнд орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн 6 чиглэлийн дагуу 2019 онд шинээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн төслүүдийг уралдаант шалгаруулалтаар сонгон шалгаруулахаар бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 11 хооронд явууллаа.
     Шинэ техник, технологи нэвтрүүлэх 46, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл /Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Жимсний шүүс үйлдвэрлэл, Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эмчилгээний болон эрүүл зөв хоол үйлдвэрлэл/ 103, барилгын материал үйлдвэрлэл /Гэр ахуйн болон барилгын материалын хэрэгсэл үйлдвэрлэл, Төмөр эдлэл үйлдвэрлэл/ 40, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Сав баглаа боодол үйлдвэрлэл /Байгаль орчинд ээлтэй байх/, цаас үйлдвэрлэл, гоо сайхан, ахуйн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэл 45, гэр хорооллын алслагдсан багуудын нутаг дэвсгэрт шинээр байгуулах үйлчилгээ /Эмийн сан байгуулах, Хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, Халуун усны газар байгуулах, Үсчин, ахуйн үйлчилгээний газар байгуулах/ 50, бусад /Авто машины 24 цагийн засвар үйлчилгээ /Дугуй засвар/, Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үйлчилгээний газар байгуулах/ 66 нийт 350 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас бүртгүүлсэн байна.
     Өнөөдрийн /2019.03.14/ байдлаар Дархан Бизнес Инкубатор төвтэй хамтран бүртгүүлсэн иргэдийг сургалтанд хамруулж байна.  Мөн сум хөгжүүлэх сангийн санхүүжилтын эх үүсвэрийн 20 хувийг бүрдүүлснээр сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурлын товыг тогтоох боломжтой болсон байна. Иймд  тус хуралдаанаас СХС-ийн төсөл сонгон шалгаруулах хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтлоо.

     Дархан сумын 8 дугаар багт 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөлөөр баригдаж ашиглалтад орсон 27 дугаар цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд  тус цэцэрлэгийн төсвийг 23 дугаар цэцэрлэгээс тусад нь салгах шаардлага гарсан тул Дархан сумын ИТХ-ын 2018  оны 9/03 тоот тогтоолын 8 дахь заалтын “Сумын төсвөөс  2019  оны төсвийн жилд олгох Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай”  гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж баталлаа.

     Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь хог хаягдлыг орон сууцны, гэр хорооллын, ААНБ-ын, булж устгах гэсэн 4 чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ММЦХ,  МХЦ,  Дархан - 50 цогцолбор, Төмөр  хийцийн  дүүжин гүүр,  Бурхан  багшийн сэрэг дүр, үерийн далан суваг, нүхэн гарц,  хойд  урд  Дархан  хаалга, жишиг  хорооллуудын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт,  хотын төвд  орсон  мал, амьтад ,золбин нохойн асуудал, хотын доторх ногоон байгууламжийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн гэрэл, гэрэлтүүлгийн үйлчилгээ, хог хаягдал, орчны бохирдлыг устгах үйлчилгээ, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ зэргийг хариуцан ажилладаг байна.  
     Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 76 дугаар тогтоол, Дархан–Уул аймгийн Засаг даргын 375 дугаар захирамжийн дагуу орон сууцны хорооллын айл өрхийн хог хаягдлыг нэг өрхөөс   1000 төгрөгөөр, гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг 1м.куб  хогийг 4000 төгрөгөөр, ААНБ, албан байгууллагуудыг ангилан тогтоосон тарифаар тооцон хураамж авч үйлчилсээр иржээ.
     Одоо мөрдөж байгаа хог тээврийн хураамж тариф нь орон нутгийн төсвөөс нэлээд хэмжээний татаасыг хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд гаргуулж байна. Гэсэн хэдий ч хог хаягдлаар бохирлогдсон талбай улам ихсэж байгаа нь хог хаягдлын хураамжийн үнийн бодлого, арга зүйд өөрчлөлт оруулахад хүргэж байна.

     Дархан сумын хог хаягдлын үйлчилгээнд менежментийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд 2018 оны 12 дугаар сараас эхлэн хог хаягдлын хураамжид өөрчлөлт оруулах талаар Дархан сумын иргэдээс цахимаар болон аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимуудтай хамтран 2 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн саналыг авч, өнөөдрийн /2019.03.14/ хуралдаанаар төслөө танилцууллаа.
Уг төсөлд НААҮГ-аас иргэдэд 6 чиглэлээр үйлчилгээ үзүүлэх бөгөөд үйлчилгээний хураамжийг харилцан адилгүй тогтоожээ. Үүнд:
1.    Гэр хорооллын хог хаягдлын үйлчилгээний  хураамж
2.    Орон сууцны хог хаягдлын үйлчилгээний хураамж
3.    ААНБ -ын хог хаягдлын үйлчилгээний хураамж
4.    Барилгын хог хаягдлын үйлчилгээний хураамж
5.    Түрж булж устгах үйлчилгээний хураамж
6.    Аюултай хог хаягдлын үйлчилгээний хураамж
     Гэр хорооллын нэг өрхийн ахуйн  хог хаягдлын үйлчилгээний суурь  хураамж тогтмол 3000 төгрөг, хашаандаа худалдаа эрхэлдэг өрхөөс 8000-10000 төгрөг, үйлдвэрлэл эрхэлдэг өрхөөс 15000-25000 төгрөг, үйлчилгээ эрхэлдэг өрхөөс 10000-15000 төгрөг, мал , амьтны аж ахуй эрхэлдэг болон өрхийн ахуйн хогноос бусад хогийг бүтцээс хамаарч м.куб нь 5000-8000 төгрөг байхаар тогтсон бол нийтийн орон сууцны нэг өрхөөс 2000 төгрөг, амины орон сууцны /хаус/ нэг өрхөөс 3500 төгрөг тогтмол авхаар тус тус тогтлоо. Мөн ААНБ-аас авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сард ААНБ-ын үйл ажиллагааны чиглэлээс нь хамаарч 2000-80000 төгрөгийн хооронд байхаар тогтсон бол барилгын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг дотор нь ААНБ-аас гарах барилгын хог хаягдал, айл өрхөөс гарах барилгын хог хаягдал гэж 2 ангилан 10000, 5000 төгрөгний хураамж авахаар болжээ.
      Түрж булж устгах үйлчилгээний хураамжийг өөрийн тээврийн хэрэгслээр хог хаягдлаа тээвэрлэдэг ААНБ-аас м.куб нь 3000-5000 төгрөгний хооронд, аюултай хог хаягдлыг устгах зориулалтын талбай гаргах нүх ухаж бэлтгэхэд м.куб нь 4000 төгрөг байх саналыг тус  тус хэлэлцүүлж, Төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо илэрхийлж, иргэдэд чирэгдэл учруулахгүй, үнийн дарамт үзүүлэхгүй, Дархан хотоо хоггүй цэвэр хот болгохын төлөө олон талаас нь харилцан санал солилцож, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн саналыг дэмжин баталлаа.
     Энэхүү тогтоолыг Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт бүртгүүлж, мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга Б.Азжаргал, НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм нарт даалгалаа.

     Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд их засвар, шинэчлэлт хийхээр тусгагдсан ба энэ чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор баталсан.
     Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх, өргөтгөх ажлын хүрээнд эхний ээлжинд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр одоо байгаа 2 эгнээг бүрэн шинэчлэх, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр 2 эгнээг нэмж барихаар тохиролцон ажиллаж байгаа юм. ЕСБХБ-ны санхүүжилтээр хийгдэх өргөтгөл, шинэчлэлийн ажлыг 04 дүгээр сарын 15-ны өдөр АХБ-тай зэрэг эхлүүлж зэрэг дуусгах, Монгол Улсын бүтээн байгуулалтын улиралд багтаан богино хугацаанд хэрэгжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдаас өгсний дагуу энэ асуудлаар Засгийн газрын төвшинд хэлэлцсэн байна.

     Төслийн зам нь АН-3 болон эдийн засгийн төв коридорын хамгийн их хөдөлгөөний эрчим бүхий хэсэг бөгөөд Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг буюу Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Дархан хотын төвийн өмнөд хэсэг, Төв аймгийн Баянчандмань, Жаргалант, Борнуур сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдын нутаг дэвсгэрээр дайран гарах юм. Замын эхлэлийн цэг нь Улаанбаатар хот. Дархан-Эмээлтийн тойрог уулзвар, Замын төгсгөлийн цэг нь Дархан-Уул аймаг. Дархан хотын тойрог уулзвар байх юм байна. Төслийг 2019-2020 онд хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөжээ.
     Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаанаар Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ зорчих хэсэгтэй болгон өргөтгөх төсөлд байгаль орчны мэргэжлийн зөвлөх байгууллага “ЭС И СИ” ХХК-ийн хийсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчны үнэлгээний зөвлөх Д.Даваамаа танилцуулж, Төлөөлөгчид асуулт тавьж, хариулт авч, санал бодлоо хэлж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг бүхэлд нь дэмжлээ.


ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%