Баянгол сумын
ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар “Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийг баталлаа. Байгальд
ээлтэй, хариуцлагатай эко үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгаа орчноо хамгаалж,
бохирдлыг багасгах, ногоон бүтээн байгуулалтыг өрнүүлэх, иргэдийн эрүүл,
аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хөтөлбөрийн зорилго юм.
Хөтөлбөрийг 2026
он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд иргэдэд ногоон хөгжлийн боловсрол олгох,
урамшууллын хэлбэрээр идэвх оролцоог нэмэгдүүлэх, жил бүрийн төсөвт ногоон
хөгжилд зарцуулах хөрөнгө оруулалтыг батлах, орон нутгийн нөөц боломжинд
тулгуурлан эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх, соёл өв уламжлал, байгалийн үл
хөдлөх дурсгалыг хадгалан хамгаалах зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэхээр
төлөвлөжээ.
Баянгол сум нь Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн зүүн
урд, Хангайн нурууны өмнөд хэсэг, хээр талд оршдог. Сумын 354257 га нутаг дэвсгэрийн 90 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг ба
тус нутагт 7 овгийн 132 төрөлд хамаарах 198 зүйлийн ургамал ургадаг аж.
Гэвч сүүлийн жилүүдэд ургамлын бүлгэмдэл цөөрч,
бэлчээрийн даац хэтэрч, байгалийн доройтол нэмэгдэж, суурин газрын хөрсний бохирдол ихсэж
байгаа учраас энэ асуудалд орон нутгийн
бодлого, шийдвэрийг чиглүүлэх, байгальд ээлтэй хандлага, дадлыг олон нийтэд
төлөвшүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.