Хужирт суманд тулгамдаж байгаа томоохон
асуудлын нэг нь нэгдсэн цэвэрлэх байгууламжтай болох ажил юм.
Тус суманд рашаан шавар ашиглаж буй сувиллын
газруудаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэнээс хуучин цэвэрлэх байгууламж ачааллаа
дийлэхээ байж, хэвийн ажиллагаа нь алдагдан үүний улмаас рашаан
сувиллаас гарч байгаа бохир ус гадагшаа хальж урсаад Хужирт гол руу нийлдэг
болсоор хэдэн жилийн нүүр үзэж байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 19 дүгээр тогтоолоор “Хужиртын
рашаан шавар болон цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээ”-ний тухай
баталж, холбогдох газруудад үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, тогтоолын хэрэгжилттэй танилцлаа.
Хужирт
суманд цэвэрлэх байгууламж барих ажил ахиц дэвшилттэй байна. БХБЯ-ны Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо
суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн L3388-MON төслийн
санхүүжилтээр тус суманд ариутгах татуургын систем ба цэвэрлэх байгууламжийг барихаар ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа юм. Мөн
Байгаль орчны төлөв байдлын судалгаа, нарийвчилсан үнэлгээг хийж, ажлын зураг
батлагдах шатандаа байна.
Шинэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 310 м3 бохир
ус цэвэршүүлэх ба ахуйн бохир ус дамжуулах шугам сүлжээний нийт урт 2660 метр
байхаар тооцжээ.Хужирт сумын дөрвөн сувиллын үйл ажиллагаанаас байгаль
орчинд учруулах нөлөөллийн байдалд аймгийн МХГ-аас хамтарсан хяналт, шалгалт
хийж, илэрсэн зөрчилд үндэслэн тус бүр 3000,0 мянган төгрөгийн
торгуулийн арга хэмжээ авсан байна.