Засгийн
газрын болон ХХААХҮЯ-ны тогтоол, шийдвэрийн дагуу 2018 оны 08 дугаар сард сумын
өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд зориулж, сум тус бүр 9.4-ээс 15.9 сая хүртэлх
төгрөгийг олгосон. Тус арга хэмжээг хэрхэн зохион байгуулж, ямар үр дүн гарч
буй талаар аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар авч хэлэлцлээ.
Аймгийн
19 суманд нийт 289.9 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэнээс 240.5 сая төгрөгийг
сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зарцуулсан байна. Үүнээс 122.1
сая төгрөгийг Төрийн сангийн дансанд буцаан төвлөрүүлжээ.
2019 оны 03 дугаар сарын 26-ны байдлаар 17
сум өвс татах тээврийн зардалдаа 46.8 сая төгрөгийг зарцуулж, одоогоор сумдын
өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 88.6 сая төгрөгийн үнэ бүхий 342.1 тонн өвс, 111.4
тонн тэжээлийн нөөцтэй байгаа юм. Мөн 55.8 сая төгрөгийн өвс, тэжээлийг малчдад
зээлээр олгосон дүнтэй байна.
Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд
нийт 51.1 сая төгргийн зарцуулсан. Үүнээс аймгийн Засаг даргын а/514 дугаар
захирамжаар шүлхийн голомттой, буга, аргаль зэрэг ан амьтад элбэг, хаваржилт
хүндэрсэн сумдад 37.6 сая төгрөгийн өвсийг үнэгүй олгожээ.
Арвайхээр сумын шүлхий өвчний голомтонд
байгаа малчин өрхүүдийг өвс тэжээлээр хангах зорилгоор Арвайхээр сумын ЗДТГ-т
11.9 сая төгрөгийн өвсийг зээлээр олгоод байна.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хуралдаанаар сумдад тэжээлийн нөөц бүрдүүлэхээр аймгаас хуваарилсан төсвийн
санхүүжилтийн зарцуулалтын нэгдсэн журамтай болох шаардлагатай гэж үзэв. Мөн олгосон
санхүүжилтыг буруу, үр дүнгүй зарцуулах асуудал байгаа тул зээлийг буцаан татаж,
аймагт төвлөрүүлэхийг холбогдох газарт үүрэг болголоо.