Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Зүүнбаян-Улаан сумын Соёлын төвийг тус сумын уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, уртын дууч Солийн Цоодолын нэрэмжит болголоо.
Тус Соёлын төв нь “С.Цоодолын дууг хэн сайн дуулах вэ?” уртын дууны уралдааныг 2015-2018 онд зохион байгуулж, түүний уран бүтээлийг иргэдэд сурталчлан таниулж иржээ. Мөн 2017 онд С.Цоодолын 90 насны ойг тохиолдуулан түүний намтар, уран бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хэлэлцүүлэг, тэмдэглэлийн уралдааныг зохион байгуулж байв. 2027 онд алдарт уртын дуучны мэндэлсний 100 жилийн ой тохиох бөгөөд сумын Соёлын төвөөс түүний үр хүүхдүүдтэй хамтран “Хүү минь хаана дуулж яваа бол” үндэсний хэмжээний уралдааныг төрөлх сумаас нь эхлүүлэн хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
С.Цоодол нь байгалиас заяасан гоц авъяас, хөдөлмөр зүтгэл, уран бүтээлээрээ Монгол үндэсний урлагийн хөгжилд төдийгүй дэлхийн соёлын өвд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн хэмэн зүй ёсоор үнэлэгддэг билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраа түүнийг “Сайн дуучин, лут судлаач, бас авьяаслаг хөгжмийн зохиолч” хэмээн тодорхойлсон нь бий.
Тэрбээр олон сайхан дууны аялгуу зохиожээ. 1 “Хүү минь хаана дуулж яваа бол” дууны үг, аяыг бичиж, өөрөө дуулан амьдруулсных нь төлөө түүнд гавьяат жүжигчин цол олгосон ч багадна гэж тухайн үед яридаг байсан гэдэг. Мөн тэрбээр Монгол ардын уртын дууны урын санд “Монгол нутгийн үзэсгэлэн”, “Өлзий түвшин уулс” зэрэг дууг нэмсэн гавьяатай.
Тэрбээр радиод хөгжмийн нэвтрүүлэг бэлтгэх болсноор Монгол орны өнцөг булан бүрт хүрч, ард түмний дунд хадгалагдаж буй ардын урлагийн охь дээжийг судалж, сурталчилах ажилд зүтгэж эхэлжээ. Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Шарын гол зэрэг олон газар ажиллаж байв. Зарим нэг хүнд хөдөө ажиллах нь шийтгэл болдог байсан бол С.Цоодолд шагнал байжээ. Учир нь тэрбээр хөдөө ажиллаж байхдаа нутгийн хөгшидтэй уулзаж, хуучны дуу цуглуулах, ардын язгуур урлаг, уртын дууг судлах ажлынхаа ихэнхийг хийжээ.
СУИС-ийн багш, уртын дууч Ц.Дэлгэр “Цоодол багш гэж том дуучин байлаа. Нутаг нутгийн аялгууны өвөрмөц төрх, донж нугалааг мөн ч гаргууд хийдэг байсан сан” хэмээн дурссан нь бий. Уртын дууны ая дан, нугалаа цохилт, эгшиг томолт гээд бүгдийг нарийн судалсан болохоор өөр өөрийн ая дан, донж маягтай дуунуудыг эвдэлгүй дуулдаг байсан биз ээ.