Өвөрхангай
аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2018 онд аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр хийж
гүйцэтгэсэн ажлын талаар Нийтийн сонсголыг хийлээ.
Монгол
Улсын Их Хурлаас 2015 онд Нийтийн сонсголын тухай хууль болон журмыг батлан
гаргасан. Хэдийгээр эрхзүйн орчин бүрдсэн ч тус хуулийн хэрэгжилт улсын
хэмжээнд хангалтгүй байсаар ирсэн юм. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор
аймгийн ИТХ-аас “Чи-Та” төслийн санхүүжилтээр аймгийн Төрийн бус
байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран тус үйл ажиллагааг 04 дүгээр сарын
18-ны өдөр зохион байгууллаа.
Нийтийн
сонсгол хийхтэй холбогдуулан сумдын ИТХ-ын дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга,
ЗДТГ-ын дарга нарыг сургалтанд хамруулж, Удирдлагын академийн багш, доктор
А.Алтанзул, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын тэргүүн, докторант Ч.Сосормаа
нар нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой дүрэм журам, олон
улсын жишиг, иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар баг, сум, аймгийн түвшинд хэрэгжүүлэх
заавар, чиглэлийг өгсөн юм.
Нийтийн
сонсгол нь төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах үр дүнтэй арга хэрэгсэл бөгөөд ИТХ, ЗДТГ-аас
чиг үүргээ хэрэгжүүлж буй ажил гэхээс илүү иргэдийн эрх ашгийг хангаж байгаа
суурь зохицуулалт гэдгийг сургагч багш нар хэлэв.
Энэ
удаагийн нийтийн сонсгол нь анх удаа зохион байгуулж буй ажил тул туршлага
дутах тал байсан ч бусад аймгуудад загвар болохуйц хэмжээнд хийгдлээ хэмээн
сургагч багш нар үнэллээ. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “Цаашид нийтийн
сонсголыг уламжлал болгон хэвшүүлж, нийтийн тээвэр, агаарын бохирдол гэхчлэн
нийтэд тулгамдаж байгаа асуудлаар сонсгол зохион байгуулан иргэдийн санаа бодол,
байр суурийг тодорхойлж, бодлогын баримт бичгүүддээ тусгана” хэмээв.
- Б.Чимэг -