Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн захиргааны төвлөрлийг сааруулах нь

2014-12-01

Төвлөрлийг сааруулах нь шийдвэр гаргах үйл явцыг иргэдэд ойртуулж, эдийн засаг, хүний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрөл бүрийн түвшин дэх иргэд, байгууллагын хооронд түншлэл бий болгож, тэдний хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх байгууллын хүрээг бий болгодгоороо төрийн захиргаа, сайн засаглалыг бэхжүүлэх чухал арга хэрэгсэл болдог. Дотоодын болон гадны олон хүчин зүйлээс хамааралтайгаар гарч ирсэн төвлөрлийг сааруулах бодлого, хөтөлбөрийг хөгжиж буй орнуудын бодлого боловсруулагчид, улс төрчид олон жилийн турш дэмжиж ирсэн юм.

Төвлөрлийг сааруулах ажлын цар хүрээ яамд, агентлагийн зарим тогтсон чиг үүргийг тэдгээрийн орон нутаг дахь салбаруудаар гүйцэтгүүлэхээс эхлээд орон нутгийн захиргаадад улс төрийн эрх мэдэл, эх үүсвэрийг шилжүүлэх хүртэл өөр хоорондоо ихээхэн ялгаатай байв. Эдгээр хүчин чармайлтын үр дүн янз бүр байсан хэдий ч төвлөрлийг сааруулах нь ялангуяа, орон нутгийн түвшинд ардчиллыг бэхжүүлэх, үйлчилгээг сайжруулах зонхилох хандлагын нэг байсаар байх болно.

Төрийн захиргааг түүний үндсэн зарчмуудынх нь хамт ардчилсан байгуулал болгон хөгжүүлье гэвэл эрх мэдэл, эх үүсвэрийн төвлөрлийг төв Засгийн газар, захиргааны дээд түвшнээс бүс, орон нутгийн түвшинд шилжүүлэн сааруулах зайлшгүй шаардлага байдаг. Улс төр, санхүү, захиргааны төвлөрлийг сааруулах үндэслэл, шаардлагыг түүнийг дэмжигчид олон талаас нь тайлбарласан байдаг. Төвлөрлийг сааруулах нь төрийн захиргааны үр нөлөөг хэрхэн сайжруулж, сайн засаглалыг бэхжүүлэх хөшүүрэг болдог тухай доор өгүүлнэ.

Нэгдүгээрт, иргэд хувиараа болон хэсэг бүлгээрээ зохион байгуулалтад орж, байгууллын хүрээ бий болсноор тэдэнд шийдвэр гаргахад оролцох боломж нэмэгддэг. Ингэснээр иргэд ардчиллын дадлага, үнэт зүйлстэй болдог. Улс төр, нийгэм, шашин, үндэстэн, ястны төлөөллүүд орон нутгийн улс төрийн байгууллагуудаараа дамжуулан үндэсний хэмжээнд бодлогын шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх механизм бий болдог. Ийнхүү орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоог дэмжих нь Засгийн газрыг улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөх явдал нэмэгдэж, үндэсний эв нэгдэл бэхждэг.

Хоёрдугаарт, төвлөрлийг сааруулах явдлыг төрийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх илүү үр нөлөөтэй хэрэгсэл гэж үздэг бөгөөд үүний үр дүнд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг иргэдэд илүү ойртуулж өгдөг. Орон нутгийн иргэд, сонгуульт удирдлагын хоорондын шууд харилцаа хариуцлагын соёлыг бий болгодог. Орон нутгийн удирдлага нь улс төрийн болон санхүүгийн хангалттай эрх мэдэлтэй, орон нутаг дахь иргэдийн бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж чаддаг газарт эмнэлгийн анхан шатны тусламж, боловсрол, хямд өртөг бүхий орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ бусдаас илүүтэй сайн байдаг.

Эрэлт хэрэгцээнд ойр дөт байдал нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, эх үүсвэрийг илүү оновчтой зарцуулах боломж олгодог. Ийм ойр дөт байдал төслийн үр дүнг хүртэгч иргэдэд тухайн төсөлд шууд хяналт тавих боломж олгодог. Гэхдээ төвлөрлийн сааралт үйлчилгээ, түүний хүртээмжид эергээр нөлөөлөх эсэх нь тодорхой хөтөлбөрийг боловсруулах явцад орон нутгийн удирдлагад хэдий хэмжээний эрх мэдэл олгосон, хариуцуулсан ажил, үүргийг хийж гүйцэтгэх захиргааны чадавх бий эсэхээс хамаарна.

Гуравдугаарт, төвлөрлийг сааруулснаар төв Засгийн газраас гаргадаг хэтэрхий олон нийтлэг дүрэм журмыг цөөлж, орон нутгийн иргэдэд мэдлэг, чадвар, туршлага дээрээ илүү суурилж ажиллах боломж олгодог. Урьд өмнө төв Засгийн газрын хийж гүйцэтгэж байсан ажил, үйлчилгээг хариуцсанаар орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагын чадавх дээшилнэ. Орон нутгийн хэрэгцээний талаар мэдээллийн солилцоо нэмэгдэнэ. Орон нутгийн асуудлаар тодорхой хувь хүн, иргэдийн бүлэгтэй хамтран ажиллаж, харилцан санал солилцсоноор тэднээс улс төрийн үйл ажиллагааг дэмжих дэмжлэг нэмэгдэж, ардчиллын зайлшгүй нэг нөхцөл болох янз бүрийн үзэл бодолд хүлээцтэй хандах соёл бий болно.

Дөрөвдүгээрт, төвлөрлийг сааруулах нь төрийн захиргааны төв, орон нутгийн нэгжүүдийн хоорондын харилцан ажиллагаа, хяналтыг сайжруулах бөгөөд төрийн захиргааны хүн төвтэй хөгжлийг дэмжих зорилгоо хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг болно.

Эцэст нь тэмдэглэхэд хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах эрх мэдэл, эх үүсвэрийг орон нутгийн удирдлагад шилжүүлснээр хөгжлийн үйл ажиллагаанд иргэдийн шууд гүйцэтгэх үүрэг, ролийг нэмэгдүүлэх боломж бий болно. Төвлөрлийг сааруулах нь иргэдийн ахуй амьдралтай шууд холбоотой орон нутгийн чанартай асуудлуудыг тойрсон бүлэглэлүүд үүсч бий болох нөхцөлийг бүрдүүлснээр иргэний нийгмийн байгууллага, сүлжээ өргөжин тэлэхэд дэмжлэг үзүүлдэг. Төвлөрлийг сааруулах нь нэг талаас төрийн захиргааны үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам, нөгөө талаас олон ургальч үзлийг хөхүүлэн дэмжих, оролцоот ардчиллыг бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хэрэгсэл юм.

Эх сурвалж: 
Төрийн захиргаа ба ардчилсан засаглал:
Иргэддээ үйлчилдэг засгийн газар, УБ 2008 он, хуудас 37-39

Хянан тохиолдуулсан: 
Деннис Рондинэлэ, Шабир Чийма,  З.Саарал
Англи хэлнээс орчуулсан: Ц.Даваадулам

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%