Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга, "Хүүхдийн элч" А.Ишдорж Өвөрхангай аймгийн хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

2019-06-01

Элбэрэлт сайхан ээжүүд, энхрий бяцхан хүүхдүүддээ  “Хүүхдийн баяр”, “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Анх 1925 онд Швейцарийн Женев хотноо хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан түүхтэй. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа 2 тэрбум гаруй хүүхдийн эрхийг хамгаалах энэхүү шийдвэрийг манай орон  1952 оноос эхлэн дагаж ирсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар жил бүрийн 6-р сарын 1-ийг “Хүүхдийн баярын өдөр” болгохоор шийдвэрлэсэн билээ.

Эдүгээ Монгол Улсын хэмжээнд “Хүүхдийн баяр”-ыг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өхөөрдөм бяцхан үрсээ эрүүл энх өсөн торниход эх, эцэг хүний сэтгэл тэнүүн байдаг. Гэр бүл аз жаргалтай, амар тайван байвал улс орныхоо хөгжил, дэвшлийн үндэс суурь болох юм.

Тиймээс аймгийн ИТХ-ын үе үеийн бүрэн эрхийн хугацаанд хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө бодлого, зорилтоо тодорхойлон тэдний эсэн мэнд өсч, хөгжих, хайр энэрэл, ойлголцол бүрдсэн орчинд амьдрах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, авъяас, чадвараа бүрэн дүүрэн нээн хөгжүүлэх, хариуцлагатай, эх оронч бие хүн болж төлөвшихөд нь бүхий л анхаарлаа хандуулж ирлээ.

Өвөрхангай аймаг 0-18 хүртэлх насны 40 гаруй мянган хүүхэдтэй бөгөөд нийт хүн амын 40 орчим хувийг эзэлж байна. 2019 оны эхний 4 сард 771 хүүхэд шинээр мэндэлж, хүн амын цэвэр өсөлт 586 буюу өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өсчээ. “Хүн нэмвэл хүнс нэмэгдэнэ” гэдэг дээ. Эх орны минь ирээдүйн эзэд болсон хойч үе өсөн нэмэгдэж, удам залгах үрийн заяа тэлж байгаа нь юутай бахархууштай.

Гагцхүү нийгмийн хөгжил хурдацтай явагдаж буй энэ цаг үед үр хүүхдээ хараа салгалгүй асран хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд өсгөж, эерэг аргаар сурган хүмүүжүүлж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, хүн бүхний  үүрэг оролцоо чухал гэдгийг энэ дашрамд тэмдэглэе.

Хорвоог зөөллөх бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, орчлонг уяраах хүүхдийн инээд баясал үргэлжид хөглөгдөх болтугай. Өрх айл бүр эх, үрийн элбэрэл хайранд энх амгалан аж төрөхийн ерөөлийг дэвшүүлье.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА, “АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭЛЧ” АДЪЯАДОЛЖИНГИЙН ИШДОРЖ