Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт
үйл ажиллагаа явуулах шашны байгууллагад зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд
нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Одоогоор
Өвөрхангай аймагт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 23 байгууллага
зөвшөөрөл авснаас 21 нь Буддын, 2 нь Христийн шашны байгууллага юм. Цаашид энэ
чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахын тулд Монгол Улсын Төр, сүм
хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтын шаардлагыг
бүрэн хангасан байх дүрэм, Салбар нээх талаарх төв байгууллагын санал хүсэлт
зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлсэн байхыг журамд нэмж тусгав.
Мөн
шашны байгууллага нь хувь хүн, иргэний газрыг худалдан авч, зориулалтыг
өөрчлөхийг хориглосон ба сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шашны
байгууллагуудад тухайн шатны ИТХ-ын байгууллага хяналт тавьж, гарсан зөрчлийг
арилгуулах талаар арга хэмжээ авч ажиллана.
Тухайн
шашны байгууллага нь журмыг зөрчсөн эсэхийг Цагдаагийн газар, Гадаадын иргэн
харъяатын асуудал эрхлэх газрын Өвөрхангай аймаг дахь салбар, Тагнуулын
хэлтсийн тодорхойлолтоор дүгнэх аж.
Журамд
нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Төлөөлөгчид саналаа илэрхийлсэн бөгөөд
үздэг, хардаг гэх хүмүүс энд тэндээс ирж, иргэдийн итгэл үнэмшлийг ашиглан
хууран мэхлэх үйл ажиллагаа явуулж байгаад хяналт тавих шаардлагатай гэж үзэв.