Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Эрдэнэ-Зуу” хөтөлбөрийг баталлаа

2019-09-23

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд хуралдааны эхэнд “Эрдэнэ-Зуу” хөтөлбөрийг баталлаа.

XVI зууны сүүлчээр Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын туурин дээр баригдан өнөөг хүртэл оршиж ирсэн Эрдэнэ-Зуу музей нь түүхийн ховор нандин, хосгүй үнэт зүйлсийг хадгалж буй шашин, соёлын томоохон төв юм. Нийт 8 барилга, байгууламж,  7 мянга гаруй үзмэр цуглуулгатай Эрдэнэ-Зуу музейг үзэж сонирхох дотоод, гадаадын жуулчид ихэссэний улмаас хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах шаардлага үүсч байна.

Тиймээс тус музейн тохижилт, үйлчилгээг стандартад нийцүүлэх, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц соёл, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх зорилгоор хөтөлбөр боловсруулаад байгаа юм. Энэ хүрээнд музейн харуул хамгаалалтыг мэргэжлийн албанд шилжүүлэх, камержуулалтыг өргөтгөх, галын, дохиоллын зэрэг тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, сан хөмрөгийн өрөө тасалгааг тохижуулах, ажилтнуудыг сургалтанд хамруулах зэргээр олон ажлыг тусгаад байна.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар хөтөлбөрийг баталж, шаардагдах санхүүжилтыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Тэргүүлэгчдийн зүгээс музейг Олон Улсад сурталчлахад онцгой анхаарч, үүний тулд цахим мэдээллийг сайтар ашиглах, эрсдлийн үнэлгээ хийлгэх, шашныг сурталчлахаас илүү түүх соёлыг товойлгож гаргах зэргээр саналаа хэлсэн юм.