Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ж.Тамир: Дижитал оффисын цогц системийг зарим төрийн байгууллагуудад ирэх сараас ашиглаж эхэлнэ

2019-09-30

Мэдээлэл харилцаа, холбооны салбарын ICT EXPO’19 үзэсгэлэн өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн ICT EXPO-д Төрийн дижитал шилжилт, Ухаалаг засаг төслийг онцолж байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Ухаалаг засаг төслийн захирал Ж.Тамиртай  ярилцлаа.

-“Төрийн дижитал шилжилт”-ийн хүрээнд чамгүй олон ажил зохион байгуулж байна. Онцлох нэг ажлыг тодруулж хэлэх үү?

-“Төрийн дижитал шилжилт”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах Ажлын хэсэг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга ахлаж байгаа.

Дижитал шилжилтийг эхний ээлжинд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар гэсэн 6 байгууллагад хэрэгжүүлж байна.

ДИЖИТАЛ ОФФИСЫН ЦОГЦ СИСТЕМИЙГ ИРЭХ САРААС АШИГЛАЖ ЭХЭЛНЭ

Эдгээр байгууллага ирэх сараас эхлэн Дижитал оффисын системийг үйл ажиллагаандаа ашиглаж эхлэнэ. Энэ систем нь хүний нөөц, дотоод удирдлага, албан хэрэг хөтлөлт, төлөвлөлт, тайлан, Засгийн газрын хуралдаан зэрэг 13 үүрэг функцыг агуулсан  байгууллагын дотоод удирдлагын цогц шийдэл юм.

-Цахим хэлбэрээр хоорондоо албан бичиг солилцоно гэсэн үг үү?

-Тийм. Эдгээр байгууллагын ажилтнууд тоон гарын үсгээ авсан байгаа. Үүнийгээ ашиглан албан бичгээ баталгаажуулж, цахимаар солилцоно.

Төрийн албан хаагчдын тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд Засгийн газрын зүгээс дэмжин ажиллаж байна.

Дижитал шилжилтийн хүрээнд хийгдэж байгаа бас нэг чухал ажил нь төрийн байгууллага хооронд албан бичгийг цахимаар солилцох платформыг хөгжүүлж байна. Төрийн байгууллагууд ямар систем ашиглаж байгаагаас үл хамааран албан бичгийг цахимаар солилцох боломжтой болж, аль нэг програм хангамжийн компаниас хамааралгүй болно.

-Дижитал шилжилт хийж байгаа байгууллагууд дээр өөр ямар ажил хийж байна вэ?

Эдгээр байгууллагын дэд бүтцийн бэлэн байдлын болон ажилтнуудын мэдээллийн технологийн ур чадварын түвшин тогтоох судалгааг хийсэн. Судалгаанд үндэслэн тоног төхөөрөмжийг сайжруулж, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр танхимын болон онлайн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарал хандуулна.

-Дижитал шилжилтийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр шийдвэрлэж байна.

Ер нь Засгийн газрын хэмжээнд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр мэдээлэл, харилцаа холбооны чиглэлийн нийт 98 төсөл хэрэгжиж байгаа. Эдгээр төслийн уялдаа холбоог сайжруулах, давхардлыг арилгах, нэгдсэн бодлогоор хангах асуудлыг анхаарч ажиллаж байна.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр хэрэгжиж байгаа Ухаалаг засаг төсөл мэдээллийн технологийн дорвитой шийдлүүдийг нэвтрүүлж байгаа төсөл гэж сонссон?

“Ухаалаг засаг” төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Ухаалаг засаг төсөл Монгол Улсын төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд хийж буй “цогц” хөрөнгө оруулалт гэж хэлж болно.

-“Цогц” хөрөнгө оруулалт гэдгийг тодруулаач?

Зам тээврийн салбарын хувьд хоёр аймгийн хооронд зам барих нь нүдэнд харагдаж гарт баригдах биет хөрөнгө оруулалт. Мэдээллийн технологийн салбарын хувьд онцлогтой. Жишээ нь компьютерыг дангаар нь авчихаад үйлдлийн систем, програм суулгаагүй бол ашиглах ямар ч боломжгүй.

Манай Улсын хувьд мэдээллийн технологийн суурь дэд бүтэц хангалттай хөгжсөн байна. Харин энэхүү дэд бүтцийг түшиглэн төрийн үйлчилгээний хүртээмжийг дэмжих, дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, дэд бүтцийн найдвартай байдлыг хангах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг асуудлуудыг цогцоор нь харж, биет ба биет бус хөрөнгө оруулж байна гэж ойлгож болно.

-Төслийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудыг нэрлэвэл?

Томоохон шийдлүүд нь Иргэдийн санал хүсэлтийн мэдээлэлд Бизнес аналитикийн шинжилгээ хийх, Төрийн энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, Нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх зэрэг болно. Биет хөрөнгө оруулалт гэвэл Үндэсний дата төвийн “Нөөц төв”-ийг Дархан хотод байгуулж байна. Үндэсний дата төв дээр “ХУР” системийг дэмжих  тоног төхөөрөмжийн өргөтгөл хийж байна. Удахгүй гарааны бизнесийг дэмжих инновацийн хөтөлбөрийг эхлүүлнэ.

УХААЛАГ ЗАСАГ ТӨСЛӨӨР “ЦОГЦ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

-Төслийн хүрээнд эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн системийг орон даяар нэвтрүүлсэн гэж сонссон?

Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн системийг 9 дүүрэг, 10 аймагт өмнө нь нэвтрүүлсэн байсныг Ухаалаг засаг төслийн хүрээнд нэмж 11 аймагт нэвтрүүлснээр  Монгол Улсын хэмжээний систем болж чадсан. Системийн өргөтгөл, өндөр хурдны сүлжээ, сервер болон цахимжуулалтын тоног төхөөрөмж, цахим архив, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн. Сэлэнгэ аймгийн сумын иргэн  үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авахдаа заавал аймгийн төв орж хүсэлтээ гарган 3 хоног архиваас шүүлгэн хүлээдэг байсан. Харин одоо хаана байгаа газраасаа үл хамааран ТҮЦ машинаас, www.burtgel.gov.mn сайтаас, зарим үйлчилгээний бүрдүүлэх материал шаарддаг тохиолдолд жишээ нь зээл авахад арилжааны банк тухайн иргэний өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн “ХУР” системээс шууд авах боломж бүрдсэн.

-Нэг л системийг  бүрэн нэвтрүүлэхэд програм хангамж, сүлжээ, сервер, тоног төхөөрөмж, цахим архив, хүн хүчин гээд олон асуудлыг шийдвэрлэдэг байх нь?

Тийм ээ. Цахим үйлчилгээг иргэдэд хүргэхэд зөвхөн цахим системийг хөгжүүлэх биш түүнийг дагалдах асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй байдаг.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажилд тодорхой ахиц гарч байна. Ухаалаг засаг төслийн хувьд 2020 онд улсын бүртгэлийн 30, халамжийн 9 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, ухаалаг гар утаснаасаа эдгээр үйлчилгээг авдаг болно. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын нэг цонхны үйлчилгээний цахим системийг нэвтрүүлнэ.

-Төрийн энтерпрайз архитектур, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцооны талаар сүүлийн үед нилээн ажил хийгдэж байгаа харагдаж байна. Энэ талаар тодруулах уу?

Дижитал шилжилтийн суурь нь төрийн байгууллагууд хоорондын уялдаа, холбоо, харилцан ойлголцох явдал юм. Энэ уялдаа холбоог хангах хэрэгсэл нь Төрийн энтерпрайз архитектурын платформ. Энэ оны 4 дүгээр сараас “Төрийн энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоо” дэд төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам тээвэр, хөгжлийн яам, түүний харьяа байгууллагууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын архитектурыг бүрэн хэмжээгээр загварчилж, жишээ болгон нэвтрүүлнэ. Энэ төслийн үр дүнд судалгаа хийж, төрийн энтерпрайз архитектурын загварыг цаасан дээр гаргахаас гадна түүний платформыг хөгжүүлж байгаагаараа онцлог байгаа. Уг платформыг ашиглан төрийн байгууллага бүр өөрийн архитектурыг үүсгэж, Монгол Улсын хэмжээний Төрийн энтерпрайз архитектурыг бий болгоно гэж харж байна. Тиймдээ ч уг ажлыг үргэлжлүүлэх 10 сургагч багшийг бэлтгэхээр төлөвлөж байна.

ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР, ТҮҮНИЙ ПЛАТФОРМ-
ҮР ӨГӨӨЖТЭЙ ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭГ

Энэхүү дэд төслийн үр дүнд бий болох төрийн энтерпрайз архитектур, өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоо, төрийн энтерпрайз архитектурын платформ нь Дэлхийн банкнаас Монгол Улсад оруулж байгаа үр өгөөжтэй томоохон хөрөнгө оруулалтын нэг.

Төрийн энтерпрайз архитектурыг нэвтрүүлснээр Монгол Улсын хэмжээний бодлого, стратеги төлөвлөлт, төсөл хөтөлбөр, хэрэгжүүлэлт, үйл ажиллагаа гээд бүхий л зүйлийн уялдаа холбоог харах, дүн шинжилгээ хийх, хяналт тавих боломж бүрдэнэ. Гол нь төслийг хэрэгжүүлж дууссаны дараа, түүний байнгын ажиллагааг хангах нь чухал.

-Нээлттэй өгөгдлийн талаар дурдсан?

Ухаалаг засаг төслийн хүрээнд Монгол Улсын Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлыг үнэлэх судалгаа хийгдсэн. Судалгааны үр дүнд цаашид хийгдэх ажлуудыг тодорхойлсон. Үүний үргэлжлэл болгож нээлттэй өгөгдлийн хууль, эрхзүйн орчныг сайжруулах, төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БҮР ӨГӨГДЛӨӨ НЭЭЛТТЭЙ БОЛГОЁ

Гол нь төрийн байгууллага бүр өгөгдлөө нээлттэй болгох санал санаачилгад нэгдэх, нээлттэй өгөгдөл ашиглан иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Нээлттэй өгөгдлийн бүтээгдэхүүн гарах уу?

Төслийн бүтцэд энэ асуудлыг орхигдуулаагүй. Инновацийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнес эхлүүлж байгаа програм хөгжүүлэгчдэд нээлттэй өгөгдөл ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход зориулж санхүүжилт олгоно. Уг хөтөлбөрийн удахгүй эхлүүлнэ.

Нээлттэй өгөгдлийн түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор статистикийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх системийг бүрэн хэмжээгээр шинэчлэх, энэ процесст оролцдог бүх шатны төрийн албан хаагчдыг чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлийг гүйцэтгэж байна.

- Иргэдийн оролцоог хэрхэн дэмжих вэ?

Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-ийн системийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж, түүнд тулгуурласан “Бизнес аналитикийн систем“ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үр дүнд нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хамгийн их тулгамдсан асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэр гаргах түвшинд хүргэх, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих үйл ажиллагаанд тодорхой ахиц гарна.

- Танд баярлалаа.

Баярлалаа.

Мэдээллийн эх сурвалж:
ikon.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%