Нэгдсэн Үндэсний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Нийтийн сонсголд суралцах нь” төслийг хэрэгжүүлж буй "Нийгмийн дэвшилд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн" ТББ-ын Дархан-Уул аймгийн салбар байгууллага төслийн сургалтыг өнөөдөр /2019.11.01/ зохион байгууллаа.
Тус сургалтыг НДЭХ-ны гүйцэтгэх захирал С.Оюунтуяа удирдан явуулсан бөгөөд Дархан сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон багийн ИНХ-ын тэргүүлэгчид, Төрийн бус байгууллагын төлөөллүүд хамрагдсан юм.
Нийтийн сонсгол гэж хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг хэлнэ.
Иймээс төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг Нийтийн сонсголын тухай хуульд тусгажээ.