Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Т.Бурмаа: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд тусалдаг

2019-11-12

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сум дундын эмнэлгийн хүүхдийн эмч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Бурмааг хөдөөгийн багт ажиллан, эх хүүхдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч явахад нь тааралдаж цөөн хором ярилцлаа.


            - “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн хөтлөлт, үр дүнгийн талаар судалгаа хийж байна. Энэ ажлын үр дүн хэр байна?

- Манай сум 3152 хүн амтай. Энэ жил эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу иргэдийн нэрлэж хэлдгээр “ягаан дэвтэр”-ийн тандалт судалгааг ЖАЙКА олон улсын байгууллагаас явуулж байна. Манай эмнэлгийнхэн энэ ажлаар хөдөөгийн багаараа тойрч явна. Хишиг-Өндөр сумын Банзар багт судалгаанд хамрагдах насны 25 хүүхэд харьяалалтай байдаг. Үүнээс Улаанбаатар хотод 5-6 хүүхэд түр оршин сууж байна. Одоогоор 14-15 хүүхдэд судалгаа хийгээд явж байна.

Энэ судалгааны үр дүн юу вэ гэхээр эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг хэр үр дүнтэй хөтөлж байна вэ, үр өгөөж ямар байна, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж чадаж байна уу гэдгийг тандан судалж байгаа. ЖАЙКА олон улсын байгууллага болон аймгийн эрүүл мэндийн газар хамтраад судалгааны дүнг нэгтгэн гаргах юм.

- Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлт ямар байна вэ?

-Ерөнхийдөө манай эцэг эхчүүд хөтөлдөг. Зарим нэгэн залуу эцэг эхчүүд ялангуяа 24-25 насны залуучууд хөтлөхдөө жаахан хойрго байна. Эх баригч эмч эх хүүхдийг хяналтад аваад энэ дэвтрийг ингэж хөтөлнө гэсэн зааварчилга өгдөг. Хүүхдийн өсөлт хөгжил ямар байгааг эцэг эхчүүд бүртгэх ёстой зүйл. Эмч бол тэр хүүхдэд 30 минут л зарцуулж байгаа шүү дээ. Тэгтэл ээж аавууд хүүхэдтэйгээ байнгын хамт байгаа учраас хүүхдийнхээ өсөлт хөгжилт, хоцрогдол байна уу үгүй гэдгийг сайн хянаж бүртгэж байх учиртай. Гэтэл зарим нэгэн эцэг эхчүүд хайнга хандаж бөглөхгүй байснаар хүүхдийн хөгжлийн хоцрогдол хожуу илрэх байдал гарах хандлага бий. Нярайн хөгжлийн бэрхшээлийг 6 сар хүрэхээс нь өмнө илрүүлж чадвал эмчилгээний үр дүн гарна. Түүнээс дээш насанд хөгжлийн саатлыг илрүүлгээр эмчилгээ авах нь удааширдаг. Нярайн хөгжлийг сайн хянаж чадаагүйгээс зарим нэг хүүхдэд хөгжлийн бэрхшээлийн хоцрогдол илрээд байгаа. 

- Танай суманд хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэд байгаа юу?

          - Манай суманд 0-5 насны хүүхдүүд дотор хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэд байдаг. Тархины саа гэсэн оноштой хүүхдүүд байгаа. Нэг хүүхдийг хоёр сартай байхад нь оношилсон. “Ягаан дэвтэр”-ийг хөтөлснөөр манай хүүхэд толгойгоо даахгүй байна ч гэдэг юм уу эсвэл хөл дээрээ бүтэн гишгэж чадахгүй байна гэдэг байдлаар оношлуулсан тал байгаа. Нэг хүүхэд нь эрт оношлуулснаар эмчлэгдээд баруун талдаа жаахан саажилттай явж чаддаг болсон. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг тогтмол хөтөлж хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх ажил манай суманд сайн байна.

- Эцэг эхчүүдээс цусны шинжилгээ авлаа. Ямар зорилготой шинжилгээ хийж байна вэ?

- Тэмбүү өвчин ихэсч байгаа. Энэ өвчин ургийн гаж хөгжлийн эх үүсвэр болдог учраас эцэг эхчүүд эрүүл мэндийг оношлон эмчлэх зорилгоор шинжилгээ авч байна.

Япон улсын эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ашиглан зохион байгуулдаг эрүүл мэндийн тогтмол үзлэг оношилгоо нь хөшжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг туршлагыг манай улсад нэвтрүүлсэн байна. Тус аймгийн Булган суманд ЖАЙКА олон улсын байгууллагын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хэрэгжүүлсэн “Эх нялхсын төлөө-иргэдийн оролцоотой эрүүл хот бүтээх төсөл”-ийн хүрээнд эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг санаачлан үндэсний  хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%