Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар
болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн
тоглолтыг Хархорин сумнаа Улс тунхагласны баярыг өдрөөр зохион
байгууллаа. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1956 оны 197 дугаар
тогтоолоор түүх, соёлын өлгий нутаг Хархоринд Сангийн аж ахуйг байгуулж,
3500 га атар газарт анхны шанг татаж байсан бол 1959 оноос Монгол Улс
газар тариаланг бие даасан салбар болгохоор шийдвэрлэсний дагуу эдүгээ
60 жилийн хөгжлийн босгыг амжилттай даваад байна.
Хархорины Сангийн аж ахуйгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
Р.Авирмэд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Шатар, Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар Ц.Адъяа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Гомбосүрэн
зэрэг дөрвөн баатар, олон арван гавъяатууд, улсын аваргууд төрөн гарсан
төдийгүй 1959 оны ургац хураалтын ажилд гарамгай амжилт гаргасан явдлыг
төр засаг өндөрөөр үнэлж, Хархорин сум Сангийн аж ахуйг Монгол улсын
төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж байсан түүхтэй. Энэхүү
алдар, гавъяа өнөө ч үргэлжилж, Монголын тариаланчдын үндэсний холбооны
Өвөрхангай аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Д.Лхагвабуд "Монгол Улсын
гавъяат аграномич" цол, тэмдгээр шагнуулан тус салбарынхны баяр дээр
баяр нэмээд байгаа юм.
Газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй
хөгжүүлэх, хүн ардаа эрүүл хүнсээр хангах их үйлсийг бүтэн жарны турш
гардан бүтээж, хөгжүүлж ирсэн үе үеийн тариаланчид, механикжуулагчид,
ажилтан, ажилчид, хувь иргэд та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг
дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
-- Б.Чимэг --