Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДЭД ТӨСВИЙН ХЯНАЛТЫН СОНСГОЛЫГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-11-29

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн зөвлөмжийн дагуу сумын  ЗДТГ-аас төсвийн хяналтын сонсголыг 2 дахь жилдээ  /2019:11:25/ зохион байгууллаа. Төсвийн хяналтын сонсголын хүрээнд иргэдэд сумын Орон нутгийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Дархан сумын удирдлагууд өгсөн юм.
     Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням төсвийн хяналтын сонсголыг нээж хэлсэн үгэндээ:
     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс зөвлөсний дагуу 2018 оны 12 дугаар сарын эхээр Дархан сумын Засаг дарга, түүний Тамгын газар  Нийтийн сонсголын тухай хуульд заасан дагуу Дархан сумын 2018 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар төсвийн хяналтын сонсголыг орон нутагт анх удаагаа зохион байгуулсан билээ. Өнөөдөр төсвийн хяналтын сонсголд Дархан сумын 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар танилцуулж мэдээллэхээр бэлтгэсэн Дархан сумын Засаг дарга, түүний Тамгын газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дархан сумын ИТХ, Малчин багийн ИНХ-ын байгууллагуудад  НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Нийтийн сонсголд суралцах нь” төслийг хэрэгжүүлсэн “Нийгмийн дэвшилд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-ын Дархан-Уул аймгийн салбарын тэргүүн Г.Соёлмаа ахлагчтай багийн хамт олонд баярласнаа илэрхийлье.
      Төслийн хүрээнд Малчин багийн иргэд  хүсэлт гаргаж, тус багийн малчид, тариаланчдад тулгамдаж буй “Малчид, газар тариалан эрхлэгчдийн газар, бэлчээрийн асуудлыг зохицуулах журам”-ын тухай  асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан юм.  Хонгор сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Малчид, газар тариалан эрхлэгчдийн газар, бэлчээрийн асуудлыг зохицуулах журам” бол тус сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх захиргааны хэм хэмжээний акт бөгөөд уг журам нь тус нутаг дэвсгэрт амьдарч буй Малчин багийн мал бүхий иргэдийн эрх ашигт нөлөөлж буй учраас энэхүү журмын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор талуудыг оролцуулан ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан.
     Сонсголд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Г.Даваасүрэн мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонссон бөгөөд тус багийн малчид тариаланчдын тавьсан:
1.    Малчдын хадлангийн газрыг баталгаажуулж, дөрвөн жилийн хугацаатайгаар ашиглуулах
2.    Тариалан эрхлэгчид тариан талбайгаа хашаажуулах
3.    Тариан талбайн дунд байгаа өвөлжөөнүүдийг татан буулгаж, малчдын хадлан хийх газрыг чөлөөлөх
4.    Тууврын бүс нутгийг Зулзагын голоос цааш зааж өгөх
зэрэг саналуудыг аймгийн Засаг дарга,  Хонгор  сумын ЗДТГ,  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус тус хүргүүлж ажилласан байна.  Энэ асуудлыг холбогдох байгууллагууд судлан үзэж, малчид,тариаланчдын зөвлөлгөөн хийж, дээрх асуудлуудаар нэгдсэн ойлголтонд хүрсэн байна. Ерөнхий хяналтын сонсголын ач холбогдлыг Хонгор сумын Мал үржлийн тасгаас малчид, тариаланчдын хооронд өнгөрсөн хугацаанд ямар нэг маргаантай асуудал гараагүйгээр тайлбарлаж байна.
Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй” гэж бий.
     Асуудлыг шийдвэрлэхэд хэдий чинээ олон хүний, тэр тусмаа  холбоотой талуудын санаа бодлыг нь сонсож, гарах шийдвэрт тусгаж байвал тэр хэмжээгээр тухайн шийдвэрийн  амьдралд хэрэгжих боломж нэмэгдэнэ. Гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг тодорхой хугацааны дараа үнэлэх зорилгоор  ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах нь уг шийдвэрийг сайжруулахад чухал алхам болно.
     Нийтийн сонсгол гэж хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг хэлнэ. Иймээс төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан асуудлаар  нийтийн сонсгол зохион байгуулж, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг ийнхүү Нийтийн сонсголын тухай хуульд хуульчлан зааж өгсөн юм.
     Өчигдөр хуралдсан Дархан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас Дархан сумын ИТХ-ын  7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12  дугаар хуралдааныг 2019.12.05-ны өдрийн Пүрэв гарагийн 09.00 цагаас сумын ИТХ, ЗДТГ-ын хуралдааны танхимд хуралдуулахаар зарласныг дуулгахад таатай байна.
     Дархан сумын 2019 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн  асуудлаар зохион байгуулж байгаа төсвийн хяналтын сонсголын үйл ажиллагаанд амжилт хүсье.


ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%